С.Эрдэнэ: Монголын ард түмэнд ашигтай нэг ч алхам хийгээгүй
2011.08.31

С.Эрдэнэ: Монголын ард түмэнд ашигтай нэг ч алхам хийгээгүй

Оюутолгойн гэрээг ямар үндэслэлээр өөрчлөх Шаардлагатай гэж үзэж байгаа талаар С.Эрдэнэ гишүүнээс тодруулав.

-Шаардлагыг дэмжиж гарын үсгээ зурсан хэдэн хэдэн гишүүн байна. Оюутолгойн гэрээний аль заалтыг яаж өөрчлөх шаардлагатай гэж та бүхэн үзэж байгаа вэ?
-Энэ бол ойлгомжтой асуудал. УИХ-ын нэр бүхий гишүүдийн гарын үсэг зурсан энэ асуудал аль нэг намын эрх ашиг биш, Ерөнхий сайдыг огцруулах тухай ч биш. УИХ-аар баталсан 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар огт хэрэгжүүлээгүй. Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө УИХ-ын 57 дугаар тогтоол батлагдсан шүү дээ. Оюутолгойн гэрээг байгуулахад анхаарах зүйлүүдийг уг тогтоолд зааж өгсөн, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монголын талын эзэмших хэмжээ 34 хувь бий. Гэсэн ч анхны хөрөнгө оруулалтыг нөхмөгц Монголын талын эзэмших хувь хэмжээг 50 хувьд хүргэх тухай заасан. Хоёрдугаарт, Оюутолгойд ашигтай бүх нөхцөлийг засгийн газар хийсэн.Тэгсэн хэрнээ Монголын  ард түмэнд ашигтай нэг ч алхам хийгээгүй,
-Тухайлбал ямар зүйл хийсэн гэж?
-Усны нөөцийг нь тэр чигээр нь Оюутолгойд өгсөн. 68 хувийн татварыг  хөнгөлж чөлөөлж өгсөн. Үүнээс өөр ард түмэндээ ашигтай юу хийсэн юм бэ. Ингэхдээ Хөрөнгө  оруулагчдын, Хувь нийлүүлэгчдийн гэж хоёр өөр гэрээ хийсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой зүйл заагаагүй, зөвхөн өнгөц төдий хийсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд болохоор 80 хувь нь давуу эрхийн, 20 хувь нь энгийн хувьцаа байхаар заасан.
80 хувийн давуу эрхийн хувьцаанд Монголын тал оролцох ямар ч эрхгүй байна.
Нэлээн хүчин чармайлт гаргаж байж 80 хувийн хувьцаа хүчингүй болгосныг та бүхэн мэдэж байгаа. Тогтвортой байдлын гэрээ нэрээр 30 жилээр гэрээ байгуулсан. Бидний тооцсоноор 4-5 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх боломжтой юм билээ. 1800 тонн алтны нөөцтэй, 49 сая тонн хүдрийн нөөцтэй орд гэж тогтоогдсон. Нөөц нэмэгдэхээс биш хасагдахгүй нь тодорхой зүйл. Гэтэл техник, эдийн засгийн үндэслэлдээ өөр тоо оруулж ирсэн. Цаана нь үлдсэн 800 тонн алт, 17 сая тонн зэсийг хаях гэж үү. Тэр нь олборлоход хүнд нөхцөлтэй учраас хаях гэсэн байх. Сайныг нь сорчилж авч гарахаар зэхэж байна. Иймээс бид сонгууль, нам гэлгүй гурван жил Оюутолгойн гэрээний талаар тэмцэж байгаа. Одоо ч тэмцэж байна. Бид гэрээ байгуулсан цагаас эсэргүүцэж ирсэн.
Нийтлэлч
М.Цэцэг
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.