С.Эрдэнэ: Хамтарсан Засгийн газрыг танхимаар нь ярихыг үгүйсгэхгүй
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- АН-ын дарга УИХ-ын сонгуульд нэр дэвших гишүүд 50 сая төгрөг намдаа тушаах тушаал гаргасан. Зарим гишүүд эхнээсээ урьдчилгаа мөнгөө тушаасан гэх мэдээл гарсан. Таны хувьд хэдэн төгрөг тушаасан бэ?
- Зургадугаар сарын 30-н хүртэл сонгуулийн мөнгө тушаахыг хойшлуулсан. Тиймээс одоогоор мөнгө тушаагаагүй байна
- Ардчилсан хүчний холбооны гишүүд намын даргынхаа дээрх шийдвэрийг эсэргүүцэж гарын үсэг цуглуулан цаг хугацааг нь хойшлуулах шийдвэр гаргуулж чадсан. Тэгтлээ эсэргүүцээд хойшлуулаад байх ямар шалтгаан байсан юм бэ?
-50 сая төгрөгнөөс болоогүй. Аль ч намд сонгуулийн сурталчигаа хийхэд санхүүжилт хэрэгтэй. Хамгийн гол нь цаг хугацаа нь биш байсан юм. Сонгуулийн хууль тодорхой болоогүй байгаа шүү дээ. Долдугаар сарын нэгэн гэхэд асуудал нэг тийшээ тодорхой болно, УИХ-ын чуулган завсарлана.
- Ардчилсан хүчний холбооны 15 гишүүн сонгуулийн мөнгө хураах болсныг эсэргүүцэн гарын үсэг цуглуулсан. Үүнээс үүдэн эсэргүү 15 бүлэг гэдэг нэртэй болоод байгаа. Энэ бүлгээс намын бодлогын эсрэг үйл ажиллагаа байнга гардаг гэж үздэг. Дараагийн ажил нь юу байх бол?
- Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө эсэргүү энэ тэр гэж нэр хоч өгч болохгүй. Хууль бус үйлдэл хийгээд байвал шүүмжилж, залруулахын төлөө ажиллах л болно. Дандаа магтаж аялдан дагалдаж байна гэж юу байсан юм.
- Сонгуулийн хуулийг хаврын чуулганаар шийдэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл ямар тогтолцоогоор явах нь тодорхойгүй, намууд нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. Таны хувьд ямар бодолтой явна. Холимог тогтолцоог дэмжиж байгаа юу?
- Миний бодлоор сонгуулийн тогтолцоог өөрчилчихвөл шударга сонгууль болчихно гэж ойлгохгүй байна. Өнөөдөр холимог тогтолцоо гээд байна. Үнэн хэрэг дээрээ намын нэрний ард энэ луйварчид нуугдаж дахин сонгогдох гэсэн ээлжит хувилбар нь. Хамгийн гол нь сонгууль шударга явуулах механизмуудыг хийж өгөх, хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Яахав санал тоолох машин гэж байгаа нь үүнийг эхлүүлэх гэж оролдож байгаа оролдлого. Тиймээс би сонгуулийн булхай, луйварт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай саналыг санаачлагчдын нэг болсон. Өнөөдөр зөвхөн Төрийн ордны гадаа жагсаал хийж эрхээ эдэлснийхээ төлөө төрийн эрхийг хууль бусаар авах хэрэгт холбогддог байж болохгүй. Тэгвэл сонгуулийн дүнг будлиантуулдаг, хэдэн ч удаа санал өгсөн, санал луйвардсан бол төрийн эрхийг хууль бусаар авсан гэсэн үг. Тэд энэ л зүйл ангиар хариуцлага хүлээх ёстой.
- Таны хувьд хамгийн боломжтой гэж үзэж байгаа хувилбар юу вэ?
- Хууль зөрчсөн хүмүүст харицлага хүлээлгэж чаддаг, хууль зөрчих боломжийг нь хаадаг орчинд ямар ч тогтолцоогоор сонгуулийг шударга явуулж болно. Тогтолцоог нь өөрчилчихөөд хийдэг луйвар нь хэвээр бүр нарийсаад байвал адилхан.
- АН-ын гишүүдээс хамтарсан Засгийн газрыг хууль бус тарах ёстой. МАН дангаар засгийн газраа бүрдүүл гэж шаарддаг байсан. Сүүлийн үед МАН-ын гишүүд ч ийм байр суурь илэрхийлэх болсон. Хамтарсан Засгийн газар үнэхээр тарах ёстой юу?
- Хамтарсан Засгийн газар байгуулагдахад би анхнаас нь шүүмжилсэн . С.Баяр ч өөрөө анх байгуулахдаа стандарт бус шийдвэр гэсэн. Иргэдийн өгсөн саналыг мушгин гуйвуулж өөрсдөө хууль бусаар байгуулсан Засгийн газар гэдгийг би хэлж байсан. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа. Тэгэхээр хамтарсан Засгийн газар тарах цаг нь аль хэдийнэ болсон.
- Улс төрийн тогтвортой байдал чухал болохоос хэсэг хүмүүсийн бужигнуулснаар хөдлөөд байж болохгүй. Тэгвэл хэн ч хожихгүй ард түмэн хохирно гэж байгаа?
- Яагаад шүүмжлүүлэхээс айгаад байгаа юм. Аль ч засгийн газар, төрийн байгууллага шүүмжлүүлж байж бугшсан идээ бээрээ шахуулж эрүүл саруул байдаг. Айж байна гэдэг ямар нэг асуудал байна гэсэн үг.
- АН-ын гишүүд 2012 оны сонгуульд оролцох хөрөнгө мөнгөө босгоод, идэж ууж ханасан байх гэж зарим гишүүд хэлж байна. Хамтарсан Засгийн газар байгуулснаар АН-д ямар ашигтай байв. Өгөөж нь юу байв?
- Мэдэхгүй юм. Хамтарсан Засгийн газарт орсон сайд нар мөнгөтэй болоод баяжчихсан гэдгийг хэлж мэдэхгүй. Гэхдээ магадгүй албан тушаал, эрх мэдлийг дагаад зөндөө юм ирдэг байлгүй. Хамтарсан Засгийн газар байгуулагдах цагаас нь эсэргүүцсэн, шүүмжлэлтэй ханддаг гишүүний хувьд хөрөнгө мөнгөө арвижуулаад байсан юм алга. Бид хэлдэг үгээ хэлнэ, шүүмжилдэг байр суурь дээрээ л байна. Сонгууль болдогоороо болж бид ч нэр дэвшээд өрсөлдөнө. АН хамтарсан Засгийн газарт орж ажилласнаар нэр хүнд, ард түмний дунд бий болгосон рейтингээ алдсан. Хэрэв хүчтэй сөрөг хүчин хэвээрээ байсан бол өнөөдөр маш өндөр рейтингтэй байх байсан юм. Хамтарсан Засгийн газарт орж ажилласнаар маш их нүгэлийг хуваалцаж үүрэх ёс зүйн үүрэг хүлээчихээд байна.
- Тэгэхээр энэ нүгэлийг багасгах, залруулахын тулд юу хийх хэрэгтэй гэж?
- Хамгийн түрүүнд хуулийн дагуу ажиллаж сөрөг хүчний байр суурь дээрээ очих ёстой. Алдсан алдаагаа залруулах хэрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй.
- Өнөөдөр хоёр намын дарга нийлээд нэг танхим бүрдүүлээд сууж байна. Сонгууль хүртэл хариуцлагаа хувааж үүрнэ гээд сууж байгаа?
- Яваад үзэг л дээ. Байдал улам л хүндэрнэ. Ард түмэн ямар дүн тавихыг харъя.
- Хамтарсан чигээрээ зүтгэсээр сонгуультай золговол гуравдагч хүчинд байр сууриа алдах, парламентад тэдний орон зай бий болно гэж зарим ажиглагч, улстөрчид таамаглаад байгаа. Таны бодлоор?
- Хэцүү дээ. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэж үг байдаг. Хэчнээн яаж ч үгүйсгэсэн ч улс төрийн тавцан, нийгэмд өөрийн орон зайг эзэлчихсэн улс төрийн хүчин тийм амархан доош унахгүй. Гэхдээ улс төрийн хариуцлагын хувьд үнэхээр хэлэх үг алга. Ард түмнийхээ төлөө гээд амлалт өгөөд ялалт байгуулаад олонхийн суудал аваад гарч ирсэн улс төрийн хүчин өөрсдөө хуулийн бус аргаар засгийн эрх барьж буй нь ард түмэн, сонгогчдоо дээд зэргээр луйвардсан, хулхидсан асуудал болно. Харицлагагүйн дээд гэхээс өөр хэлэх үг алга.
- Өнөөдөр МАНАН гэсэн бүлэглэл бий болчихлоо гэж ярьж байна. Харин нөгөө талд нь намын харъяалал үл хамаарсан шүүмжлэгч, сөрөг хүчин бий болсон гээд байна. Парламент нь ийм маягаар хоёр хуваагдчихаад байна ?
- Намын харъяалалгүй нөхдүүд л хамтарсан Засгийн газар руу зүтгээд байна. Сонгодог парламентын жишигт олонхи нь олонхи шиг, цөөнх нь цөөнх шиг байдаг. Үүнийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг өөрөө асуудал. Намын харъяалал хамаагүй болсон гэдэг худлаа байх. Манай намын бүлэг хуралдаад хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнээд санал хураахад олонхи нь дэмжсэн.
- МАН-ын бүлэг мөн ийм үнэлэлт өгвөл Засгийн газрын гишүүдийг ганц нэгээр нь биш танхимаар нь ярилцах уу?
- Тэгвэл хариуцлага тооцохыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед улстөрийн тогтвортой байдал гээд байгаа нь өөрсдөө тогтвортой луйвардая гээд байгаа хэрэг. Миний хувьд тогтворгүй луйвардуулъя л гээд байгаа юм.
- Улсын төсөв орж ирж байгаа мөнгө 2005 оноос хойш гурав дахин нэмэгдсэн байна. Тэр хэрээр төрийн эрх барьж байгаа улс төрийн хүрээний хэсэгхэн хүмүүсийн амьдрал сайжирснаас ард түмний амьдрал эсрэгээрээ уруудлаа гэдэгтэй та санал нийлэх үү?
- Өнөөдөр Монголд 1000 айл л чинээлэг амьдарч байна. 5000 орчим айл өрх дундаж үлдсэн нь ядуурсан. Төсөвт орж байгаа тэр их мөнгө өнөөдөр луйварчдын халаасанд орж байна. Ийм байж болохгүй байхгүй. Ингэх байсан юм бол сонгууль явуулах ч хэрэггүй байсан юм.