Төрийн албаны тухай хууль ирэх оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо хийлээ.
Тус Байнгын хороо өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаараа эдгээр тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч Улсын Их Хурлын зарим гишүүн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр журмуудыг сайн нягталж судлах боломжийг гишүүдэд олгох шаардлагатай гэж үзсэн тул тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулаад байсан юм.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тѳрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална” гэж заасныг үндэслэн энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 2-ны ѳдрийн 35 дугаар тогтоолоор Тѳрийн захиргааны албаны зѳвлѳлийн дүрмийг анх баталж мөрдүүлсөн бол дараа нь Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 28-ний ѳдрийн 85, 2009 оны 12 дугаар сарын 04-ний ѳдрийн 87 дугаар тогтоолоор Зѳвлѳлийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн баталжээ.
Тѳрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 онд баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний ѳдрѳѳс эхлэн дагаж мѳрдѳхѳѳр шийдвэрлэж, энэ хуулиар төрийн албаны чадахуй (мерит)-н зарчмыг шинээр хуульчилж, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн албаны шалгалт авах, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, түүнийг албан тушаалд шатлан дэвшүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцаанд уг зарчмыг удирдлага болгож зохицуулсан. Үүнтэй уялдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг чадахуйн зарчмыг хангуулах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хүний нөөцийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар явуулах чиглэлээр өргөтгөн тодорхойлсон. Түүнчлэн төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, эрх зүйн болоод эдийн засгийн баталгааг хангахад Төрийн албаны зөвлөлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлсэн байна.
Энэ үндсэн дээр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дѳрѳв дэх дүрмийн тѳслийг Тѳрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, шинэчлэн баталж мѳрдүүлэх шаардлагатай болсныг Төрийн албаны зөвлөлийн дарга танилцуулгадаа дурдав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Д.Лүндээжанцан нар Төрийн албаны зөвлөлийн дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Уг дүрмийн төсөлд:
- - Төрийн албаны стандартын удирдлагыг улсын хэмжээнд хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг халж, Зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж, нэгд, төрийн жинхэнэ албаны ерөнхий ба тусгай шалгалтыг зохион байгуулах, хоёрт, хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх, гуравт, маргаан хянан шийдвэрлэх, дөрөвт, сургалт, судалгаа зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн санг эрхлэх, тавд, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх,
- - Хуульд шинээр тусгагдсан хүний нөөцийн аудит хийх, төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн албаны шинэтгэлийн бодлого,стратеги,хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг эрхлэх, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албаны ёс зүй, жендерийн эрх тэгш байдлыг хангахад хяналт тавихад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ.
- - Мөн Салбар зөвлөл, Ажлын алба, сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийн зохицуулалтыг шинэчлэн тусгасан байна.
- - Зөвлөлөөс бусад байгууллага, иргэдтэй харилцах үйл ажиллагааны арга, хэлбэрийг дүрмийн төсөлд тусгаж зохицуулжээ.
Дараа нь “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Төрийн албаны зөвлөлийн үндсэн болон тодорхой чиг үүргүүдийн харилцан уялдааг үндэслэн Зөвлөлийн Ажлын алба нь Захиргаа, удирдлагын; Сонгон шалгаруулалтын; Хүний нөөцийн удирдлага, аудитын; Маргаан хянан шалгах гэсэн үндсэн дөрвөн газартай байхаар тогтоолын төсөлд тусгажээ.
“Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаар тогтоолоор Зөвлөлийн Ажлын албаны орон тоог 14 нэгж орон тоотой байхаар тогтоосон бөгөөд 2018 оны батлагдсан төсвөөр Зөвлөл нь 19 орон тоотой ажиллаж байгаа аж.
Харин Зөвлөлийн Ажлын албаны орон тооны дээд хязгаарыг Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгж тус бүрийн чиг үүрэгт үндэслэн орон тооны дээд хязгаар нь 56 хүртэл нэгж орон тоотой байхаар тооцож төсөлд тусгажээ. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийг байгуулж ажиллуулахыг Төрийн албаны зөвлөлд зөвшөөрөх, Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн ажиллах нөхцөл, үйл ажиллагаанд шаардагдах төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан байна.
Үргэлжлүүлэн “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Эцэст нь “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Төрийн албаны тухай хуулийн 68.1-д Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх, тэдгээрийн хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл байхаар заасныг үндэслэн тогтоолын төслийг боловсруулжээ.
Хуульд “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар төсөлд тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар зохицуулжээ.
Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл тодорхой төрийн албан хаагчийг нэр дэвшүүлж болох агаад бүртгүүлсэн албан хаагч Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар комисс санал, дүгнэлт гаргах, шалгаруулалтаар бүртгэгдсэн төрийн албан хаагчдын мэдлэг боловсролд 30, мэргэшил туршлагад 40, мэргэжил ур чадварт 30, ярилцлагад 20 хүртэлх оноогоор үнэлгээ өгөхөөр төсөлд тусгасан байна. Комисс мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварын онооны нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөр оноо бүхий 10 оролцогчтой /хураангуй жагсаалт үүсгэх/ төрийн албаны шинэчлэл, хүний бодлого, тэдний ур чадвартай холбоотой асуудлаар ярилцлага хийж, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн нэрийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бөгөөд тус Байнгын хороо нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулж батлуулахаар журмын төсөлд тусгасан байна.
Эдгээр тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсний дараа ажлын хэсэг дахин сайтар нягталж, гишүүдээс гаргасан саналыг тусган Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж эцэслэн батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.