С.Эрдэнэ: Би Ц.Нямдоржид таалагдах гэж парламентын гишүүн болоогүй
2010.11.15

С.Эрдэнэ: Би Ц.Нямдоржид таалагдах гэж парламентын гишүүн болоогүй

Парламентын  танхимд өнгөрсөн баасан гаригт ширүүхэн маргаан болсон. Хууль, шүүхийнхний талаар таагүй үг унагасан С.Эрдэнэ гишүүний үгэнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ихэд бухимдсан юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Чуулганы хуралдааны үеэр Ц.Нямдорж сайдын өөдөөс та шударга прокурор, шударга шүүх, шударга цагдаа нар хаана байна вэ гэж асуусан. Хууль сахиулах байгууллага, шүүхийн шинэчлэлийг шаарддаг ч болохгүй бүтэхгүйгн ь илтодхэлдэгнь цөөн. Энэ үг сайдыг нэлээдгүй бухимдууллаа?
 

-Манайд хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл шаардлагатай байна. Эрх мэдэлтэй, албан тушаалтны өмнө энэ салбарынхан өөрөөр ханддаг. Жирийниргэдэд үүд нь нээгддэггүй. Цөхрөнгөө барсан иргэд маш олон болж байна. Надад ирж байгаа санал хүсэлт, гомдлын дийлэнх нь цагдаа шүүх, прокурорын байгууллагынхны тухай байдаг. Танил тал, ар, өврийн хаалгаараа дуулиан тарьсан улс төр, бизнесийн бүлэглэлийн хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Энэ бүгдээс үүдэн Монгол Улсад ялын бодлого замбараагаа алдлаа. Өнөөдөр манай улс 10 мянга гаруй хоригдолтой болж 20 гаруй шорон шинээр барьж байна. Гэтэл сүүлийн хэдэн жил төрөх эмнэлэг, цэцэрлэг, сургууль шинээр баригдсангүй. Цагдаа, прокурор, өмгөөлөгч нарын хооронд хэргийг бизнес болгодог зохион байгуулалттай бүлэглэл бий болжээ. Иргэд энэ талаар илэн далангүй ярьж байгаа ч төр чихгүй юм шиг байна. Арга ч үгүй. УИХ өөрөө ийм арчаагүй Засгийн газартаа дөрлүүлчихсэн. Засгийн газар нь юу гэнэ "за" гэж л байдаг. Өнөөдрийг хүртэл хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг чуулганаар нэг ч удаа авч хэлэлцсэнгүй. Нэг асуудал ярихаар хоёр намын бүлгээр оруулаад шийдчихсэн гээд зүтгүүлдэг. Чуулганы танхимд 76 кнопчин сууж байгаа юм шиг ханддаг. Кноп дарахын төлөө УИХ-д сонгогдоогүй, Үгээ хэлж чадахгүй байгаад байгаа бол парламентын гишүүнээсээ татгалзах хэрэгтэй. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Юунаас айгаад байдаг юм.

 
-УИХ-ын гишүүд намын бодлого зөрчсөн гэж шүүмжлүүлэхээсээ айгаад ямар ч асуудал орж ирсэн кноп дараад сууж байдаг биз дээ?
 

-Би үнэхээр гайхаж байна. Харин ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж эрхээ эдэлж баймаар. Хэн нэгэн нам, даргаас айж байгаа бол УИХ-ын чуулганы танхимд орж ирэлгүй бизнесээ хийгээд явж байхгүй юу. Ийм байж прокурор, шүүхийн байгууллагын удирдлага солигдохоор улс төржиж эхэллээ, аюулын харанга дэлдлээ гэж улстөржих хэрэггүй. Аль эрт энэ салбар улстөржөөд улстөрчдийн захиалгыг биелүүлдэг байгууллага болж хувирсан. 2008 оны долдугаар сарын 1 -нд таван хүн буудаж алсан. Цаана нь олон хүн шархадсан. Гэмгүй олон зуун залууг хэлмэгдүүлж ял эдлүүлсэн. Энэ бүгдийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна.

 
-Хуулийн байгууллагынхан гэмт хэргийг бизнес болгодог, улстөрчдийн даалгаврыг биелүүлдэг сүлжээ болсон гэж байна. Шүүх, хуулийн байгууллагад шинэчлэл хийхийг улстөрчид өөрсдөө хүсэхгүй байгаа юм биш үү?
 

-Сонгогчидтой уулзах бүрт хуулийнханд гомдож буйгаа хэлдэг, хэдэн зуу-гаар нь өргөдөл, гомдлоо ирүүлдэг. Би өөрөө ч амьд жишээ байна. Яаж намайг хэлмэгдүүлж зургаан жилийн ял оноон, гурван cap Ганц худагт хорилоо. УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад түр үнэмлэхээ халаасалчихсан намайг хорьж байгаа юм чинь жирийн иргэдэд яаж ханддаг нь ойлгомжтой. Намайг Ганц худагт хоригдож байхад долдугаар сарын 1-ний  хэргээр шалгагдаж байгаа болон хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан залуучууд бүгд төрдөө өширхөж гомдсон байсан. Бүгд л Монголд төр алга, улс төрийн нам л байна. Иргэнээ, улс орноо гэсэн төр байхгүй болж гэж байсан шүү.

 
-Хууль, хяналтын байгууллагын удирдлагууд улс төр, бизнесийн бүлэглэлд үйлчилдэг болохоос жирийн албан хаагчид хуулиа л биелүүлж яваа гэдэг. Тэгэхээр энэ байдлыг яаж халах хэрэгтэй вэ?
 

-Жирийн албан хаагчдыг дарга нар нь санаатайгаар хууль зөрчүүлээд байна. Жирийн мөрдөн байцаагч, мөрдөгч, анхан, дунд шатны прокурор, шүүгчдийг дээрээс нь зохион байгуулалттайгаар дарамталдаг. Саяхан надад нэг өмгөөлөгч ирээд ярьж байна. Найз нь дүүргийн шүүгчээр ажилладаг. Таван хэрэг шийдсэний хоёрт нь тэнсэн харгалзах ял, хоёрт нь аль болохоор хамгийн бага хугацаагаар хорих ял оноож, үлдсэнийх нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ, Гэтэл Дээд шүүх дээр дуудаж "Чи яасан энэрэнгүй юм. Ажлаа өг" гэж дарамталсан байна. Нөгөө шүүгчийн бие даасан хараат бус байдал хаана байна. Дээд шүүхийн нөхөрт анхан шатны шүүгчийн ажил ямар пад байна. Тэр нөхөр давж заалдах өргөдөл гомдол орж ирэхээ хянах болохоос анхан шатны шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож суудаг. Энэ нь шүү-хийн байгууллага замбараагаа алдсаны шинж. Прокурор ч ялгаа байхгүй. Одоо л нэг шинэчлэгдэх байх гэж найдаж харж сууна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүхээс тусгаарлаагүй цагт шүүгчийн бие даасан хараат бус байдал хангагдахгүй

 
-Хуульч болбол улс төртэй ойр байж амьдрал дээшилнэ гэсэн бодолтой хүмүүс олон болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ чиглэлээр суралцах, сонгон шалгаруулалтад орох хүний тоо эрс өссөн. Ийм үед цагдаагийн байгууллагыг шинэчлэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн ч буцаасан. Яагаад вэ?
 

-Хууль шүүх, цагдаагийн байгууллагыг нэн яаралтай шинэчлэх, бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөх хэрэгтэй байна. Манай намын бүлгээс яагаад Цагдаагийн байгууллагын хуулийн төсөлд завсарлага авч буцаасан бэ гэвэл шинэчлэл хийж чадаагүй. Хуучнаараа хангамж, эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалтууд орж ирсэн. Бүтэц, чиг үүргийн шинэчлэлийг хийгээгүй. Миний бодлоор цагдаагийн байгууллага мэргэжлийн мөрдөн шалгах газар, хэв журмын гэж салгах ёстой. Өнөөдөр Эрүүгийн болон Мөрдөн байцаах газар гээд ажил үүргийн давхардал ихтэй. Орон нутгийн цагдаагийн байгууллага нь босоо удирдлагатай болохоор нутгийн удирдлагатайгаа ажиллаж чаддаггүй. Олон улсын сонгодог жишгээр орон нутгийн цагдаагийн байгууллага нь шууд Засаг даргын мэдэлд байдаг.

 
-Хуулийн байгууллагуудын шинэчлэл гэж ярихаар ХЗДХ-ийн сайд "Та нар буруу яриад байна. Улс орноо шоронжуулах гэж байна" гэж шүүмжилсэн. Гэтэл та Монгол Улс шоронжлоо гээд байдаг. Хэн нь зөв яриад байна гэж ойлгох вэ?
 

-Бид хүний эрхийн чиглэлээр хуулийн байгууллагыг ажилладаг болгох хэрэгтэй. Монгол Улс шоронжсон. Ялын бодлого дампуурсан, 10 гаруй мянган хоригдолтой боллоо. Хэзээ ийм байлаа. 2002 онд батлагдан дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг Ц.Нямдорж сайд өөрөө боловсруулсан. Энэ эрүүгийн хуулиар яваад өнөөдөр ямар болсныг хар. Монголын ард түмнийг алж байна. Яагаад хүнийг нийгэмд нь хүмүүжүүлж болдоггүй юм. Заавал яагаад тусгаарлаж байх ёстой юм. Ингэснээр хүмүүжиж сайн хүн болж байгаа нь хаана байна. 10 мянга гаруй хоригдлыг ажлаар хангаж чадахгүй татвар төлөгчдийн мөнгөөр зүгээр тэжээж байна. Хоригдлууд засарч хүмүүжих нь бүү хэл гэмт хэрэгт суралцаж байна, Нэг үгээр хэлбэл гэмт хэргийн дээд сургууль төгсч байна. Олон жилийн ял эдлээд гарч байгаа хүнийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах төрийн бодлого алга. Ял өгөхөө л мэднэ. Хорихоос суллагдсан хүн ажил хайна, шударга амьдрах гэж үзнэ. Аргаа барахаараа буцаад л гэмт хэргээ үйлдэнэ. Хэн нэгэн этгээдийн гар хөл болж хууль бус үйлдэлд оролцоно.

 
-Та Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулах ажлынхэсэгт ажиллаж байгаа. Өөрчлөх, шинэчлэх шаардлагатай зүйлүүдээ оруулж чадаж байна уу?
 

-Хуулийн төслийг минь УИХ-аар хэлэлцэх жагсаалтад оруулж өгдөггүй. Оруулахаар ямар нэг шалтгаанаар буцаадаг. Тэгэхээр хуулийн салбарт шинэчлэл хийхгүй байх сонирхол хэсэг бүлэг хүмүүст байна. Хэдийгээр шинэчлэл шаардлагатай гэж боддог ч ямар нэг шалтгаанаар ил гаргаж хэлж чадахгүй хүмүүс ч байна. Тэд барьцаанд орсон байхыг үгүйсгэхгүй. 'Шүүх, прокурорын байгууллагын удирдлагууд солигдлоо. Одоо тэд үнэхээр энэ салбарт болохгүй байгаа, хуулийг бизнес болгосон этгээдүүдээс эхлээд шинэчлэл, цэвэрлэгээ хийх хэрэгтэй.

 
-Таны энэ яриа ХЗДХ-ийн сайдад таалагдахгүй байх. Уурлах байх даа?
 

-Сайд нь таалах нь уу, таалахгүй нь уу гэж яриагүй. Би Ц.Нямдоржидтаа-лагдах гэж парламентын гишүүн болоогүй. Ц.Нямдорж өөрийнхөө сонгогчдод л таалагддаг юм байгаа биз. Надад хамаагүй. Би нийгэмд байгаа бодит үнэнийг хэлнэ. Нийгэм үнэхээр замбараагаа алдчихаад байна. Шинэчлэл хийх гэхээр мушгин гуйвуулаад олонхиороо түрүү бариад сууж байна. Шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг шүүмжлээд, өөрчлөөд эхлэхээр эмзэглээд л. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр ямар нэг айх, цэрвэх юм байгаа учраас тэгж байгаа болов уу. Ил тод шударгаар яваа хүн айгаад байх хэрэггүй.

 
-Шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг өөрчилж байгаад эргээднөгөө намынхныгаа намнаж эхлэх гэж байна гэсэн болгоомжлол байгаа. Ингэхийг ч үгүйсгэхгүй. Улс төрийн өнцгөөс харахаар тийм дүр зураг харагдаад байгаа?
 

-Үгүй дээ. Хуучин байсан Ерөнхий прокурорын хувьд 2008 оны долдугаар сарын нэгний үйл явдалд яаж хандлаа. Шударга байж чадсан уу. Өнөөдөр шүүх, прокурорын байгууллагынхан үзэхээр гэмгүй хүнийг баривчилдаг, хорьдог, цагддаг. Хаана байна хүний эрхийг дээдэлж байгаа зарчим.

 
-Оюутолгойд ажиллаж байгаа Монгол иргэдийн квотын талаар ярилцахад ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг худал ярьсан гэж байсан. Өнөөдөр Оюутолгойд Засгийн газрын мэдээлээд байгаа 3000 гаруй хүн үнэхээр ажиллаж байна уу?
 

-Оюутолгойн гэрээ байгуулах гэж байхад 117 мянган ажлын байр бий болгоно, 10 мянган ажлын байр бий болгоно гэж ард түмнийг яаж панаалдаж, толгойг эргүүлж байлаа. Тэгтэл өнөөдөр 3000 хүнийг ажиллуулж чадахгүй байна. Зоригт сайд улаан цайм худлаа ярьж байна лээ. Оюутолгойн талбар дээр ажиллаж байгаа нийт монголчуудыг оруулаад Оюутолгойд ажиллаж байгаа гэж хуураад байна. Гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа компаниуд монголчуудыг ажиллуулж байгаа. Тэдний ажилчдыг Оюутолгойд ажиллаж байгаа монгол ажилчдын тоонд оруулж байна. Бид чинь тэнэг биш шүү дээ. Тэр Оюутолгой гэдэг компанид яг хэдэн монгол хүн ажиллаж байна. Тэр тоог хэл. Түүнээс биш тэр талбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжид гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийг битгий оруулаад бай гэж хэлсэн.Тэгсээр байтал Д.Зоригт сайд мушгиад л худлаа яриад байгаа юм. Хамтарсан Засгийн газарт байгаа зарим сайд худлаа ярихыг дээд зэргээр сурч УИХ-ын гишүүдийг молигдох ажилтай сууж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.