Хөдөө аж ахуйн салбарын суурь хуулиуд хэрэгжих нөхцөлийг бүрэн хангалаа
УИХ энэ намрын чуулганаараа мал аж ахуйн салбарын шинэчлэлийн хүрээнд дахин 5 хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа.
УИХ өнгөрсөн хаврын чуулганаараа мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах үр ашигтай хоёр том хууль болох Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг хэлэлцэж баталсан. Ингэснээр монгол мал, малын махыг экспортод гарах бүрэн боломж нээгдэж, цаашлаад мал аж ахуйн салбар Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг томоохон салбар болно гэж УИХ-ын гишүүд, Засгийн газар харж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Батзориг: “Олон улс орноос Монгол Улсаас мал, мах авъя гэж хүсэлт ирүүлж байна. Энэ нь хууль батлагдсантай холбоотой юм. Монгол Улс анх удаа Мал эмнэлгийн ерөнхий газартай болсон. Малын ерөнхий эмч, Ерөнхий байцаагчтай болсон. Ингэхээр бид дэлхийн түвшинд зэрэгцэн очиж байгаа юм. Үүнийг хийснээр дэлхий биднийг тоож эхэлж байна. Гэхдээ бид техник технологи болон шинэ сэрвээсэн мах бүтээгдэхүүн нийлүүлж чадвал бид 3 долларын махаа 10 доллараар зөрөх боломжтой болно. Гол нь санхүүгийн чадамж нөлөөлж байна. Салбарын яам үйлдвэрлэгчидээ дэмжих бодлого баримталж байна.”
Харин суурь хуулиудыг хэрэгжүүлэх явцад холбогдох хуулиудад гажуудал, хийдэл орж буй учраас Засгийн газраас дараах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьжээ.
-
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай,
-
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
-
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай,
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай,
-
Эрүүл ахуйн тухай хууль
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэлээс үйлдвэрлэл хүртэлх шатанд мал, амьтны эрүүл мэндийн байгууллага хяналт тавих, мал эмнэлгийн улсын байцаагчаас олгосон мал эмнэлгийн гэрчилгээг үндэслэн импортын мэдэгдлийг мэргэжлийн хяналтын төв байгууллага өгөхөөр зохицуулсан. Харин энэхүү зохицуулалт нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Эрүүл ахуйн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулиудад заагдсан зүйл заалттай зөрчилдөж байгаа учир зөрчилдөж байгаа учир нэмэлт өөрчлөлт оруулж, суурь хуультайгаа зохицохоор өөрчлөн найруулжээ.
Мөн мал аж ахуйн салбарын гол харилцааг зохицуулж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болж, энэ хуулиар зохицуулагдаж байсан харилцааг тусдаа хоёр хуулиар зохицуулах болсон. Иймээс Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудын холбогдох заалтуудад байгаа “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль” гэснийг өөрчилж тохирох хуультай нь холбон найруулсан байна.