2018.10.12

С.Бямбацогт: Хууль хэрэгжүүлэх ёстой төрийн албаныхан малчдад хүнд суртал үзүүлж байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт ХХААХҮ-ийн сайдаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Монгол мал өвчтэй, давжаа учраас малынхаа чанарыг сайжруулж байж жилдээ 10 сая толгой малыг хөлөөр нь эсвэл мах байдлаар нь гаргах боломжтой болно. Анх энэ “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”-ийг батлахдаа дээрх зорилтыг тавьж баталж байсан. Гэтэл яагаад бодитой үр дүн гарахгүй байна вэ?

  1. Махны үйлдвэрүүд аймаг бүрт байгуулагдаж байна. Тэд махаа Хонгконг, Иран, Вьетнам зэрэг оронруу гаргааж байна. Хэн тэр махыг гаргаж байна гэхээр хятад компаниуд л гаргаж байна. Монголын малчид, компаниудын мах гарахгүй байна. Тэд зөвхөн хятадуудад бэлтгэн нийлүүлэгч л хийж байна. Яагаад Монголын махны компаниуд экспортоо хийж чадахгүй байгаа юм бэ?
  2. Малын үүлдэр угсааг сайжруулна, малаа эрүүлжүүлнэ, малчдын мөнгөн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэсэн тэр юу болж байна вэ? Энэ зун би хэдэн илүү нугаламтай хуцан хурга Ховд аймагт авч очоод малчдынхаа үүлдэр угсааг хувиасаа зардал гаргаад малаа сайжруулья гэхэд Мэргэжлийн хяналт, мал эмнэлгийнхэн бөөн хүнд суртал, дарамт шалгалт, хүнд суртал. Мал авч очихоосоо илүү зардал гаргаж байна. Ийм байхад яаж үүлдэр угсаагаа малчид сайжруулах юм бэ?

Төрийн үйлчилгээг шуурхай хүргэж, хууль хэрэгжүүлэх ёстой хүмүүс хийх ёстой ажлынхаа эсрэг дарамт учруулж тэр албанд суух ёсгүй. Салбарын сайд анхаараарай гэлээ. Түүний асуултанд салбарын сайд хариууллаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

Өнөөдөр хэлэлцэж байгаа энэ хуулиар монголчууд малын өвчиллөө дийлэхгүй байсан. Харин энэ хуулиар урьдчилан сэргийлж, угаая, анхаарья гэж байгаа юм. Өмнө нь малын шилжилт хөдөлгөөнөө хянаж чаддаггүй байсан бол хууль хэрэгжиж эхэлснээр хяналтаа тавьж чаддаг болсоныг таны үгнээс мэдэрлээ. Малчиддаа шуурхай үйлчилгээ үзүүлдэг болох тал дээр анхаарч ажиллая. Гол нь бүх малаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулах л арга байна. Өнөөдөр төсвийн боломжиндоо захирагдаад 15 сая мал л жилдээ вакцинжуулж байна.