Ж.Сандагсүрэн: 325 мянган иргэнийг хоёр хуваалаа гээд асуудлыг шийдэхгүй
2018.11.14

Ж.Сандагсүрэн: 325 мянган иргэнийг хоёр хуваалаа гээд асуудлыг шийдэхгүй

Сэтгүүлч: Г.НАЦАГ-ЭРДЭНЭ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудлыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжиж, УИХ-д уламжлахаар болсон. Уг шийдвэртэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа.

-Сонгинохайрхан дүүргийг хүн амын тооноосоо хамаарч төрийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байна. Тиймээс хуваах нь зөв гэж НИТХ үзсэн. Дүүрэг хувааснаар энэ байдал сайжрах уу?

-Манайдүүрэг өнөөдрийн байдлаар 325 мянга гаруй хүн амтай. Баянзүрх дүүргийн хувьд манайхаас арай илүү хүн амтай. Ингээд тооцохоор нийслэлийн хоёр дүүрэгт Улаанбаатар хотын нийт хүн амын тал хувь нь амьдардаг. Дүүрэг хуваах асуудлыг зөвхөн энэ жил ярьж байгаа юм биш. Сүүлийн тав, зургаан жилийн турш ярьсан. 

Тухайлбал, төрийн үйлчилгээний хүртээмжийн асуудлыг иргэд хөндөж байна. Гэхдээ энэ нь аль төвшиндөө вэ гэдгийг ярих ёстой. НИТХ-аас дүүргийг хуваах саналыг дэмжиж, 2019 онд нийгэм эдийн засгийн зорилтод тусгасан.

-НИТХ-аас тайлбарласан шиг үнэхээр танай дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байна уу. Эсвэл төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байна уу?

-Эргээд харахад анх Сонгинохайрхан дүүргийг байгуулахдаа гаргасан бодлогын алдааны горыг сонгинохайрханчууд 26 жилийн турш амсаж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бааз суурь, судалгаагүйгээр, зүгээр л газар нутгийн солилцлоор хуваачихсан. Миний болгоомжлоод байгаа зүйл бол яг ийм байдлаар Сонгинохайрханыг дахин хуваачихвал мөн л төсвөөс татаас авдаг хоёр дүүрэгтэй болно гэсэн үг. Магадгүй нэг нь арай жаахан гайгүй, нөгөө нь тэр чигээрээ гэр хорооллоос бүрдсэн бүр ч хэцүү эдийн засагтай, үйлдвэр үйлчилгээ багатай байна байх.

-Энэ талаар хийсэн судалгаа байгаа юу?

-Бид дүүргээ зүүн болон баруун гэж хувааж судалгаа хийж үзсэн. Нэг нь 22 хороотой байдлаар байгуулж болох юм билээ. Гэхдээ гол асуудал нь иргэдийн хүсдэг төрийн үйлчилгээний дийлэнх нь хорооны төвшинд байгаа юм. Халамжийн үйлчилгээ авах, өрхийн эмнэлэгт үзүүлэхийн тулд хол явдаггүй баймаар байна. Харьяа хороо орох гэж автобусаар хэдэн буудал явмааргүй байна. Харин иргэний бүртгэл, газар өмчлөх, эзэмших зэрэг дүүргээс авдаг үйлчилгээ тухайн иргэний хувьд өдөр тутамдаа харилцдаг харьцаа биш шүү дээ.

Тиймээс иргэдэд төрийн үйлчилгээг сайжруулахын тулд дүүрэг хуваах биш, хорооны тоог нэмэх юм гэсэн саналыг манайхаас боловсруулаад нийслэл рүү өгсөн. Гэвч дэмжээгүй. Иргэн Болдын амьдардаг хорооны байр нь хоёр километрээр ойртчихвол төрийн үйлчилгээний хүртээмж шууд мэдэгдэнэ. Хажууд нь өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа байж болно. 20 мянган хүнд үйлчилдэг өрхийн эмнэлэг 10 мянган хүнийх болохоор үйлчилгээ нь шал өөр болно.

-Танай дүүрэг бусад дүүргийн хороодтой харьцуулахад хүн ам, өрхийн тоогоороо хэдээр олон байна?

-Манай дүүрэг 32 хороотой. Бидний зүгээс хоёр эсвэл гурав болгож хуваая гэсэн санал гаргаад байгаа. Хороодын хүн ам нь ихэвчлэн 20 мянга давсан байдаг. Хэдхэн жилийн өмнө нэг хороонд хамгийн ихдээ арав орчим мянган хүн ам харьяалагддаг байсан. Нийслэлийн бусад дүүргийн ихэнх хорооны стандарт ч тийм. Гэтэл манайд 22, 26 дугаар хороо гэхэд тус бүртээ 25 мянга гаруй хүн амтай. Манай дүүргийн хүн ам ихтэй хоёр хороо нийлэхэд л зарим аймгийнхаас давна. Ийм төвлөрөл манай дүүрэгт байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох нь тулгамдсан асуудал. Харин дүүрэг хуваах процесс аажуу явна. Бидний гаргасан тооцоогоор дүүрэг хуваагдсаны дараа иргэдийн үл хөдлөх хөрөнгийн эрх шилжинэ. Зөвхөн үүнд 700 гаруй сая төгрөг шаардлагатай юм билээ. Иргэний үнэмлэхийн харьяалал солиход 400 орчим сая төгрөг гээд зардлууд өснө. Мөн дүүргийн байр барих, хороодын байр авах эсвэл барих гээд дэд бүтцийн олон асуудал шаардлагатай.

Түүний оронд хороодын тоогоо нэмээд 42 болгочихъё. Харин дараа нь аажимдаа дүүргийг яаж хуваах вэ гэдгийг ярьж болно. Өнөөдрийн байдлаар ганцхан Эрүүл мэндийн төв байна. Дүүрэг хоёр хуваагдсаны дараа аль нэгэнд нь шинэ эмнэлэг барьж егөх үү. Нэг нь эмнэлэггүй дүүрэг болчихно гэсэн үг. Хүмүүс үзүүлэхийн тулд нөгөө л хуваагдсан дүүргийнхээ эмнэлэг рүү явж таарна.

-Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ асуудлаар хэлэлцүүлэг хийж ямар нэгэн шийдвэр гаргасан уу?

-Бидний зүгээс энэ асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргаагүй. Харин иргэдээр хэлэлцүүлсэн. Иргэдийн 60 гаруй хувь нь дүүрэг хуваахыг дэмжээгүй. Миний байр суурь бол “Дүүрэг хувааснаар юу өөрчлөгдөж, ямар асуудлыг шийдэх юм бэ” гэдэгт л байна. Зүгээр л 325 мянган хүнтэй Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хоёр хуваагаад болчихлоо гэдэг өөрчлөлт бол бидний хүсэж байгаа үр дүн биш. Цаад санаа нь дүүрэг хуваасны маргааш иргэн Болдын амьдралд ямар сайн сайхан зүйл мэдрэгдэх вэ гэдэг л байна.

-НИТХ шийдвэр гаргасны дараа та “ Асуудлын гол нь дүүрэг хуваахдаа биш. Монгол Улсын хүн амын арван хувь буюу 325 мянган хүн амьдарч байгаа дүүрэгт тохирсон хөрөнгө оруулалтыг өг. 100 мянган хүнтэй дүүргээс 10 дахин бага хөрөнгө оруулалтыг 25 жил хуваарилахаар хүнд бололгүй яахав дээ” гэж байр сууриа илэрхийлсэн байсан. Яагаад ядаж бусад дүүрэгт хийж буй хөрөнгө оруулалтын хэмжээнд дүйцэхүйц санхүүжилтийг Сонгинохайрхан дүүрэгт оруулдаггүй юм бэ?

-Эдийн засгийн тоо-цоогүйгээр Сонгинохайрхан дүүргийг хуваасны горыг манай дүүргийнхэн амсаж байна гэж би дээр хэлсэн. Яагаад гэвэл орон нутаг өөрөө орлогоо бүрдүүлж, үйл ажиллагаагаа явуулах ёстой юм. Гэтэл тийм боломжгүйгээр байгуулсан. Тухайн үед дүүрэгт орлого олох ямар нэгэн аж ахуйн нэгж байгаагүй. Дүүрэг өөрөө зарцуулж байгаагаасаа илүү мөнгө олж байж хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл манай дүүрэгт байгаа аж ахуйн нэгжийн төлж буй татвар тэр хэмжээнд хүрэхгүй. Ашиг, орлого олдог аж ахуйн нэгжийн ихэнх нь Баянгол талдаа үлдчихсэн. Тэгэнгүүт “Та нар энэ. мөнгөөр цалингаа тавь” гэж татаас өгөөд, хөрөнгө оруулалтынх нь зардлыг тэг болгочихсон.

Нөгөө ашиг орлоготой дүүргүүдийн хувьд жил жилдээ хөрөнгө оруулалтаа нэмсээр байгаад өнөөдрийн ийм ялгаатай байдал үүсчихсэн юм. Дүүрэг хуваачхаад, шинээр бий болсныг нь бойжуулах, эдийн засгийг нь сэргээх ямар ч бодлого хэрэгжүүлээгүй. Дараа нь “Танай дүүрэг л мөнгө олохгүй байгаа юм чинь..” гээд суучихдаг. Хөрөнгө оруулалт хийх хэмжээний мөнгө олохгүй байгаа нь манай дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн буруу биш.

-Хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн дийлэнх нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт суурьшдаг. Нийслэлийн удирдлагуудын зүгээс шилжин ирэгсдийг хязгаарлах бодлого барьж байгаа. Энэ бодлого хэрэгжиж байна уу?

-Иргэд шилжин ирэх нь багассан юм биш. Харин ирээд бүртгэлээ хийлгэхгүйгээр амьдарч байна. Газар олгохгүй, бүртгэж авахгүй байлаа ч хамаатныхаа, танилынхаа хашаанд гэр бариад буучихдаг. Хүн амын албан ёсны тоог харахад шилжилт хөдөлгөөн багассан. Гэхдээ хүн амын тоо өсөөд байгаа нь мэдрэгдээд, нөлөөлж байна. Наад зах нь баруун тийшээ үүсэж байгаа түгжрэлийг л хар. Хүмүүс нэмэгдэж байна гэсэн үг.