2008.12.13

С.Эрдэнэ: Бүрэн эрхийн хугацааны минь гуравны нэг нь гудамжинд өнгөрчихлөө

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Зочны цаг”-таа урилаа.

-Таны УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа хэрэгжээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч таны чуулганы танхимд суух нь цөөн харагдах юм. Сонгогчидтойгоо уулзаад гадуур ажилтай яваад байна уу?

-Би нэгдсэн хуралдаан таслахгүй л сууж байгаа шүү дээ. Харин өнгөрсөн сарын УИХ-ын ирцийн мэдээгээр намайг хоёр цаг тасалсан гэсэн байна лээ. Хэдийдээ хоёр цаг тасалсан юм бүү мэд. Мэдээж чуулганы дундуур амьтан хүнтэй уулзах, бичиг цаас төлөвлөх зэргээр орж гарах нь гишүүдийн өдөр тутмын хийдэг ажил юм. Ерөнхийдөө сар гаруйн хугацаанд шахуу ажиллаж, сонгогчидтойгоо уулзахад анхаарлаа хандууллаа. Үйлдвэрчний төв соёлын ордонд хоёр өдөр дарааллан 3000 гаруй сонгогчтой уулзалт хийлээ. Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй ч ажил хэргийн уулзалт зохион байгуулсан. Уг нь уулзалтуудаа нэлээд эрчтэй зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч ханиаднаас үүдээд тойрогтоо ажиллах  минь түр завсарлаад байна. Юутай ч оноос өмнө хороо хориныхоо иргэдтэй уулзах, аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзаж, төлөвлөсөн ажлуудаа амжуулна. Баянгол дүүрэгт шийдвэрлэх нийгэм, эдийн засгийн чиглэлийн асуудлуудад анхаарч, шийдвэрлэхийг зорьж байна. Ялангуяа төсвийн төсөл хэлэлцэж байгаа энэ үед олон асуудал шийдвэрлэхийг хичээж байна. Дүүргийн Тамгын газрын өргөтгөл хийхэд санхүүжилт нь хүлээгдэж байсан. Энэ асуудлыг үндсэндээ шийдэж өглөө. Энэ нь иргэд сонгогчдод төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэсэн миний анхны ажил гэж ойлгож байна. Баянгол дүүрэг хорин хороотойгоос тав нь гэр хорооллын хороо юм. Гэр хорооллын хороодод гэмт хэргийн гаралт өндөр. Ер нь гэрэлтүүлэг байхгүйгээс гэр хороололд хэрэг зөрчил их гардаг. Тиймээс хороо тус бүр дээр иж бүрэн тоноглогдсон хөдөлгөөнт эргүүлийн машинтай болох асуудлыг шийдэж өгсөн бөгөөд автомашинуудыг ирэх 12 дугаар сарын дундуур хүлээлгэж өгнө. Мөн үйлдвэрийн район гээд  бөглүү газар бий. Тэр газрыг хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай болгохоор болсон. Гэр хорооллын иргэдийн амьдрах орчинг сайжруулах, агаарын бохирдлын асуудлыг нь зохих хэмжээнд шийдвэрлэж өгөх үүднээс судалгаа , шинжилгээний ажлыг эхлүүлэхээр төлөвлөн, хөрөнгө санхүүгийн асуудлыг нь эхний ээлжинд шийдвэрлээд явж байна. Энэ хүрээнд миний зүгээс “Эко бичил хотхон” төслийг санаачилж, зураг төслийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Цаашилбал, зураг төсөв судалгаа, шинжилгээ бэлэн болсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын дэд бүтцийг бий болгох төлөвлөгөөтэй байна. Гэр хороололд дэд бүтэц бий болсноор орон сууцжуулах асуудлыг ярьж эхэлнэ. Манайхан орон сууцжуулна гэхээр өндөр барилгууд санадаг. Гэтэл тийм зүйл биш. Орон сууц гэдэг нь нэг, хоёр давхар ч байж болно. Хамгийн гол нь тухайн хүний амьдрах орчин бүрэн хангагдсан байх учиртай. Дээр нь ажлын байрны асуудлыг шийдвэрлээд өгвөл олон талын ач холбогдолтой зүйл болно.

-Та өнгөрсөн хугацаанд багагүй ажил амжуулжээ. Уулзалт хийж явах үеэр иргэдийн зүгээс таныг хувь хүний зүгээс чинь хэр хүлээж авч байна вэ. Та шүүх, цагдаа гэж явсаар нэлээд хугацаа алдаж байж, сонгогчидтойгоо уулзлаа шүү дээ?

-Манай иргэд, сонгогчид нэлээд хүлээлтийн байдалтай байсан юм уу гэж бодогдож байлаа. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гэдэг хүн УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлээсэй, асуудал нь хурдан шийдэгдээсэй гэсэн байдалтай байжээ гэж ойлгосон. Үйлдвэрчний  соёлын төв ордонд гурван удаа уулзалт хийхэд гурвууланд нь танхим дүүрэн хүн байсан. Иргэдийн зүгээс олон асуулт тавьж байсан. Тэдний надад хандаж байгаа хандлага нь их элгэмсүү, дулаан уур амьсгалтай байсан. Энэ байдлаас  сонгогчид маань ямар ч байсан миний төлөө санаа тавьж, бүрэн эрх нь хэрэгжээсэй гэсэн хүлээлттэй байжээ гэдгийг мэдэрсэн. Би чинь дүүрэгтээ амьдарч, дүүрэгтээ л байдаг хүн юм.

-Таны холбогдож байсан хэргүүдийг хуулийн байгууллагаас хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр УИХ-ын гишүүний бүрэн эрх чинь хэрэгжиж, ажлаа хийгээд явж байна. Гэхдээ нийгэмд С.Эрдэнэ гэдэг хүн нэг л олон хэрэгт холбогдсон юм шиг ойлголт яваад байсан шүү дээ. Нийгмийн даатгалын хэргээр шалгагдаж байснаа сонгуулийн будлианы хэргээр шалгуулж эхэлсэн гээд л... Харин өнөөдөр үнэн таны талд гарлаа?

-Энэ чинь олон түмэнд ил болсон асуудал шүү дээ. Зочид буудлыг авсан ч юм шиг аваагүй ч юм шиг, машины асуудалд хууль зөрчсөн ч юм шиг зөрчөөгүй ч юм шиг зүйлүүдийг ярьж байсан. Хуулийн байгууллагаас энэ хэргүүдийг хоёр жил шахуу шалгаад ямар нэгэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Шүүхээс миний гэм буруугүйг тогтоолоо. Нөгөө талаараа УИХ-д тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхэллээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн асуудлыг хувь хүнийхээ зүгээс эргэн харж, анхаарлаа тавьж ажиллана. Харин одоо би тэгсэн, тэгээгүй гээд ямар нэгэн байдлаар гомдол санал хэлээд суух цаг биш. Үндсэндээ миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааны гуравны нэг нь парламентаас гадна гудамжинд өнгөрчихлөө. Тэгэхээр үлдэж байгаа хоёр жил гаруйн хугацаанд юу хийж амжуулах вэ гэдэг нь гол асуудал юм. Ер нь тэгээд ажил хийх хугацааг ганц жил гэж харж байна

-Ирэх сонгууль арай болоогүй байна шүү дээ?

-2010 он л ажил хийх жил. 2011 он бол сонгуулийн өмнөх жил. Намууд улстөрийнхөө амлалтыг биелүүлэх гээд л бүх зүйл улстөржөөд эхэлдэг. 2012 он УИХ-ын сонгуулийн жил. Тэр жил юу ч хийхгүй, бужигнасаар байгаад л таарна. Иймээс 2010 оныг үр бүтээлтэй өнгөрөөх юмсан гэж бодож байна. Ялангуяа тойрогтоо нийгэм эдийн засгийн чиглэлээр ахиухан юм хийх төлөвлөгөөтэй байна.

-Та сонгуулиар сонгогчдын төлөө юу хийж чадна гэж ярьж, амлаж явсан бэ?

-2008 оны УИХ-ын сонгуулиар хувь хүн юм амлахыг хориглосон шүү дээ. Харин АН-ын мөрийн хөтөлбөрт юу тусгасан байна, тэр нь миний амлалт гэсэн үг юм. Хувь хүнийхээ хувьд дүүргийнхээ төлөө хийж, бүтээх олон асуудал бий. Түүнийгээ ч хийгээд эхэлсэн гэж ойлгож байна. Ажлаа нэлээд эрчтэй эхэлж байгаа тул эмзэг асуудлуудыг шийдвэрлэчих болов уу гэж бодож байна.

-Та ямар байнгын хорооны гишүүн болсон билээ. Хууль тогтоох байгууллагад ороод ямар ямар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт  ажиллаж байна вэ. Таны хувьд хугацаа нэлээд алдсан болохоор  хийчих юмсан гэсэн ажлаасаа бас хоцорсон гэж ойлгож байна?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн болсон. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнийхээ хувьд Биеийн тамирын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт багтан ажиллаж байна. Мөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт орсны дагуу холбогдох хууль, материалтай танилцаж байна. Түүнчлэн УИХ-ын тогтоолын төслүүд болон Төсвийн төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан АН-ын бүлгээс байгуулан ажлын хэсэгт ажиллаж байна. Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн бодлого цаашдын зорилтын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотойгоор ЗТБХБ-ын яамнаас боловсруулсан төсөл хөтөлбөрүүдийг судалж, холбогдох санал дүгнэлтийг бэлдэж танилцуулах ажлын хэсэгт мөн ажиллаж байна. Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүний хувьд нийслэлийн эрхзүйн байдлын тухайн хуулийн төсөлд анхаарлаа тавин ажиллаж байна. Ер нь сүүлийн хоёр жил энэ чиглэлээр ажиллаж байгаа. “Шинэ Улаанбаатар” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд парламентад “Шинэ Улаанбаатар” түр хороог байгуулна. Уг түр хороонд мөн ажиллах бодолтой байна. Алдсан хугацаагаа нөхөж, ажлаа шахаж ажиллах зорилттой байна.

-“Хүний хөгжил сан” хуулийн төслийг УИХ-аар баталлаа. Уул уурхайгаас олох орлогоос иргэддээ хувь хүртээхээр парламентад суудалтай хоёр намын амлалт хуулийн дагуу бол 2010 оноос хэрэгжихээр болж байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлыг парламентад суудалтай улс төрийн хоёр нам болон Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх хүрээнд хийж байгаа ажил гэж зуун хувь ойлгож болохгүй. Монгол Улс ашигт малтмалын баялгаар арвин улс. Ашигт малтмалын нөөцийг хувь ч бай хувьсгалын чиглэлээр ашиглан, олж байгаа орлогыг иргэн бүрт хэрхэн хүртээх вэ гэдэг чиглэлээр баталсан хууль гэж ойлгож байна. Хүний хөгжил сан хууль нь 2012 он хүртэл хэрэгжээд дуусчих юм биш. Цаашид ч баялгаа иргэддээ зөв хуваарилан, орлогыг арвижуулж, улсын хөгжилд зөв хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг зохицуулах үүрэгтэй хууль гэж ойлгож байна.

-Ашигт малтмалын баялгаас бэлэн мөнгөөр хувь хүртээх асуудал нь санал хувааж байгаа. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгийг түрүүчээсээ өгөөд яваад байх боломжтой хэмээн нэг хэсэг нь хэлж байна. Харин нөгөө хэсэг нь эдийн засагт томоохон дарамт авчирна гэж хэлж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд бэлэн мөнгө тараах, ялангуяа амлалттай холбоотой асуудлаар бэлэн мөнгө тараах асуудалд 100 хувь санал нэгтэй байддагүй. Гэхдээ иргэдийнхээ амьжиргааг дэмжье, амьдралд нь бодит хөрөнгө оруулалт хийе гэвэл өгөхөөс өөр аргагүй юм. Харин бэлэн мөнгийг зөв тооцож, тараахгүй бол эргээд нэмэр болохоос нэрмээс болох магадлалтай. Үүнээс болж инфляци хөөрөгдөх зэргээр эдийн засагт сөрөг үр дагавар бий болно.
-УИХ-д цөөнх болсон гишүүдийн зүгээс таны хэлсэн шиг эдийн засгийн сөрөг үр дагаваруудыг тооцоотойгоор хэлж байгаа боловч боломжтой гэсэн хариултыг хоёр намын төлөөлөл итгэлтэй хариулж байгаа юм?

-Мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэхээр ажиллаж байгаа хоёр намыг буруутгаж болохгүй шүү дээ.Гэхдээ хоёр нам амлалтаа биелүүлэх тэр дундаа бэлэн мөнгөний амлалтаа хэрэгжүүлэхдээ эдийн засгийн маш зөв тооцоо хийж, үр дүнг тооцох учиртай.Өөрөөр хэлбэл, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй юм. Ер нь цөөнхөөс гаргаж байгаа санал болгон буруу байдаггүй ч зуун хувь зөв байдаггүй. Шүүмжлэх нэг өөр ч аливаа ажилд ажил хэрэгчээр хандах нь бас нэг өөр хэрэг. Миний хувьд асуудалд улс эх орны эрх ашгийн үүднээс л хандана. Хамтарсан Засгийн газрыг анхнаас нь эсэргүүцэж байсан хүн юм.
-Яагаад?
-Парламентын өөрийнх нь мөн чанар гэж юу байдаг вэ. Тухайн сонгуульд олонхи болсон нам засаг төрөө байгуулаад явах учиртай. Цөөнх болсон нь хяналтаа тавиад шүүмжлэлээ өрнүүлээд, алдаа дутагдлыг залруулаад явах хэрэгтэй. Гэтэл олонхи цөөнхгүй болчихоод Хамтарсан Засгийн газар байгуулаад явах нь парламентын засаглалын сонгодог хэлбэр биш юм. Гэвч миний хувьд ардчиллын төлөө явж, ардчилсан зарчмаа хүндэлдэг хүний хувьд намынхаа шийдвэрийг хүндэлж байна. Нэгэнт олонхиороо дэмжиж, шийдвэр гаргасан байхад намын гишүүний хувьд ч улс төрчийн хувьд ч дэмжээд явахаас өөр аргагүй юм. Мэдээж Хамтарсан Засгийн газрыг ихийг бүтээгээсэй гэж харж байна. Нөгөө талаас Хамтарсан Засгийн газар байгуулсны сайн тал бий. Улстөрийн зорилгоор шийдэж чаддагүй олон асуудлыг Хамтарсан Засгийн газрын үед шийдэж чаддаг нь давуу тал нь юм. Тиймээс нэг намын дангаар шийдэж байхгүй байсан асуудлуудыг шийдвэрлээсэй гэж харж байна. Хэрвээ ажил хийхгүй бол улс төрчийнхөө хувьд ч тэр ардчиллын төлөө 20 жил зүтгэсэн хүнийхээ хувьд ч  дуугүй суухгүй. Үнэний талд зогсож, шүүмжилнэ. Хамтарсан Засгийн газар огцрох ёстой гэсэн асуудлыг шаардлага гарвал тавина.

-Таны хувьд Нийслэлийн ардчилсан намын даргын албан тушаалыг хашдаг. Саяхны зарим сонин хэвлэлд Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнэ мөн хэд хэдэн хүнийг АН-ын дарга болох нь гэсэн таамаг бүхий зүйл бичсэн байсан. Та энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Ийм зүйл бичсэн байсан ч ямар нэгэн улстөрийн хөдөлгөөн, элдэв халаа сэлгээний асуудал манай намд одоогоор үүсээгүй байна. Харин АН-д үүнээс илүү чухал ажлууд байна. Хамтарсан Засгийн газрын үед хийж хэрэгжүүлэх олон ажил хүлээж байна. Ардчилсан хувьсгалын 20 жилийн болох гэж байна. Ойг өргөн дэлгэр тэмдэглэх, өнгөрсөн хугацаанд үнэлэлт дүгнэлт өгөх гээд төлөвлөгөөтэй хийх олон ажил бий. Энэ мэт халаа сэлгээ гэхээсээ илүү нийгэм рүү чиглэсэн улс төрийн томоохон ажлууд хийх хэрэгтэй байна. Харин төсөв төлөвлөгөө батлагдаад улс орны нийгэм эдийн засгийн үйл ажиллагаа жигдрээд ирвэл оны дараа хэрвээ шаардлагатай гэвэл улстөрийн асуудлыг ярих байх гэсэн миний бодол байна. Ярихыг үгүйсгэхгүй. Ер нь аль ч улстөрийн намд намын удирдлагын түвшинд асуудал тавих, өөрчлөлт хийх зүйлүүд байдаг.

-Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болж өнгөрлөө. Гэвч танай нам суудал авч чадсангүй. Сонгуультай холбоотой асуудалд намын Гүйцэтгэх зөвлөл болон холбогдох байгууллагуудаас үнэлэлт дүгнэлт өгнө гэж байсан. Энэ асуудлаар та бүхэн ярилцсан уу?

- Нөхөн сонгуультай холбоотой асуудлыг намын удирдлагын түвшин, Гүйцэтгэх зөвлөлийн хүрээнд мэдээлэл сонсож, алдаа оноогоо товчхон ярилцсан. Нөхөн сонгууль болон нам дахь өөрчлөлт шинэчлэлтэй холбоотой асуудал нь намын Үндэсний зөвлөлдөх хорооны хэмжээнд ярих асуудал. Тиймээс аяндаа он гараад намын дүрмийн дагуу ҮЗХ хуралдаж, яриа хэлэлцүүлгүүд хий болов уу.

-“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг шиг та өнгөрсөн хугацаанд “Ганц худаг”-т хэсэг хугацаанд суулаа. Ер нь хуулийн байгууллагынхны орчин нөхцөл ямар байгааг та биеэр мэдэрсэн байх гэж ойлгож байна. Хүмүүс тэндэхийн орчин нөхцөлийг хэцүү гэж ярьдаг?

-Ахуй орчин, хоригдох нөхцөл гэхээсээ илүү хууль эрхзүйн орчинд нэн түрүүнд анхаарал тавих учиртай гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд хуулийн салбарт иж бүрэн шинэчлэлт хийх шаардлагатай болжээ. Цаг нь болсон.

-Ерөнхийлөгч энэ салбарт шинэчлэл хийхийг ярьж байгаа шүү дээ?

-Ерөнхийлөгчийн хууль, шүүхийн байгууллагад шинэчлэлт хийх асуудлыг зарим сонин хэвлэлээр  хэт улстөржүүлж, гуйвуулсан байдлаар ойлгуулах гэж оролдсон байдлаар бичиж байна. Жишээ нь АТГ, цагдаа шүүх прокурортой холбоотой асуудлыг мушгих гэсэн оролдлого байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гарч ирчихээд л энэ асуудлыг тавиад байгаа хэрэг биш юм. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед хуулийн байгууллагын ажил болж бүтэхгүйг ярьж байсан. Төрийн болон төрийн бус байгууллагын судалгаагаар ч гэсэн шинэчлэлт хийх учиртай эхний таван байгууллагуудад дээрх байгууллагууд багтдаг шүү дээ. Хуулийн байгууллагын бие даасан байдал бүрэн төгс биш байна. Гэмт хэргийн мөрдөн мөшгих ажлын явцад хяналт тавих, прокурорын байгууллагын бие даасан байдал, анхан шатны хэрэг илрүүлэлт нь бие даасан байдлаа хадгалж чадаж байна уу зэрэг асуудал бий. Гэтэл энэ бүхэнд дээр, дороос гаднын ямар нэгэн нөлөө оролцоо орчихоод байна.Тиймээс хууль эрхзүйн шинэчлэлт хийх учиртай. Шинэчлэлт хийх нь хэн нэгнийг халж солихдоо биш, харин хэн ч ямар нөхцөлд ч зөвхөн хуулиа баримталж ажилладаг эрхзүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй гэж ойлгож байна. Харин чадахгүй бол хатуу хариуцлага хүлээлгэдэг байх нь зүйтэй юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.