2008.12.09

Х.Баттулга: Бид улам нягтарч, эвлэлдэх цаг ирлээ

Жил бүр Хүний эрхийн өдөртэй давхцдаг Ардчилсан Холбооны ойн өдрийг тэмдэглэж байгаадаа би баяртай, бас гунигтай байна. Баярлахын учрыг асуух юун. "Инээснийг бүү асуу, уйлсныг асуу" гэсэн өвгөдийн үгийг баримтлан энэ өдрийг би илүү их ухаарал, эргэцүүллийн өдөр байгаасай хэмээн хүсэж байна.

19 жилийн өмнө та бидний анхлан эхлүүлсэн Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулах хүсэл бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байсаар өдий хүрснийг "Ардчилал эрийн цээнд хүрлээ" хэмээн бидний бодож, итгэж байсан маань төөрөгдөл байсныг 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал нотлон харуулсан билээ. Энэ хар өдөр хүний эрхийг хэрхэн уландаа гишгэж, хэрхэн үрэн таран хийж, ардчилал, эрх чөлөөг яаж боомилж чаддагийг бид харлаа.


Тэгвэл Монголчууд нийтлэг эрх ашгийнхаа төлөө, нийтийн баяр, бахдалынхаа төлөө хэрхэн эвлэлдэн нэгдэж, нягтарч чадахыг наймдугаар сарын 14-ний өдөр Бээжингийн олимпоос төрсөн анхны аварга Түвшинбаярынхаа амжилтыг тэмдэглэхээр Сүхбаатарын талбайд хуран цуглагсад бас харуулсан билээ Ардчиллын арван найман жилийн өнгө, үр дүнг тодорхойлох энэ хоёр үйл явдлаас бид дүгнэлт хийх ёстой. Би өнгөрсөн онд Ардчилсан Холбооны18 жилийн ойн үеэр дурдаж байсан. "Ардчилал, хүний эрх, эрх чөлөө баттай болсон гэж баярлах эрт байна. Монголын ардчилал "эргэлзээтэй" гэсэн зэрэглэлд хамаарч байна" гэж. Тэгвэл долдугаар сарын 1 үүнийг баталлаа. Монголын ардчилал бат бус, эмзэг хэврэг байна. Хэн нэгэн албан тушаалтны үзэгний үзүүр, үгийн далимаар жирийн иргэдийн амь нас, амьдрал хохирох, орвонгоороо эргэх нөхцөл хадгалагдсаар байна. Долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотойгоор таван сайхан залуугийн амь үрэгдэж, нийт 255 хүн яллагдаад байна. Тэд бол цэвэр улс төрийн золиосууд, хэлмэгдэгсэд юм.

Эрх чөлөө эрс хумигдаж, ардчилал, хүний эрхийг баталгажуулах гол тулгуур болсон бизнес эрхлэгчдийн эрх чөлөө ч хумигдаж ухарсныг олон улсын байгууллагууд тодорхойлжээ. Дэлхийн банкнаас 181 оронд хийсэн судалгааны үнэлгээгээр Монгол Улс өнгөрсөн оны 45 дугаар байрнаас 13-аар ухарч 58 дугаарт бичигджээ. Энэ бол монголд худалдаа наймаа эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийхэд хууль эрх зүй, зохицуулалт болон бусад орчин таагүй байгааг илтгэж байгаа дохио мөн.

Ийм нөхцөлд ардчилал, хүний эрх эрх чөлөөг тунхаглаж, зорилгоо болгосон гэх Монголын Ардчилсан Холбоо, түүнтэй ижил зорилго эрмэлзэлтэй иргэний нийгмийн байгууллагууд нэгэн тэнгэрийн дор цугларч эв хүчээ нэгтгэж, зорилгынхоо төлөө нягтрахын чухлыг дээрх үйл явдлууд тод сануулж байна. Монголын Ардчилсан Холбоо бий болсон цагаасаа л аливаа дарангуйлал хүчирхийллийг эсэргүүцэж, асуудлыг цус урсгалгүй, ойлголцол, хамтран ажиллах зарчмаар шийдвэрлэхийг зорьж ирсэн бөгөөд энэ байр суурин дээрээ хатуу зогссоор байгаа.

Нэгдэн нягтарсны эерэг тал нь өөр хоорондын хагаралдаан, сөргөлдөөнөөс хавгүй их үр дүн авчирна гэдэгт би итгэлтэй байна. Иймд ирэх жилийг ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө нэгдэн нягтрах, хамтран ажиллах жил болоосой хэмээн хүсэж, уриалж байна. Биднийг өөр хоорондынхоо сөргөлдөөн, тэмцэлд хүч тамираа барж байх зуур дэлхийн эдийн засгийн хямрал хэмээх мангас өрх бүрийн гадаа ирчхээд уухилж сууна.

19 жилийн өмнө олж авсан эрх чөлөө ардчиллаа эдийн засгийн ололтоор баталгаажуулах үүний тулд нэгдэн нягтрахыг амьдрал та биднээс шаардсаар байна.
Иймд эх орныхоо хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд нь татах, эдийн засгийн баталгааг бий болгохын төлөө НЭГДЭН НЯГТАРЦГААЯ!

Эрх чөлөө тусгаар тогтнолоо эдийн засгийн чадавхаар баталгаажуулцгаая ! Амжуулбал хамтдаа хожих, алдвал хамтдаа уруудах цаг түүхийн торгон шалгуурын өмнө бид ирээд байгааг ухаарцгаая!

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ДАРГА
Х.БАТТУЛГА

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.