Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2018.10.25

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн нарын өргөн мэдүүлсэн Нөхөн үржихүйн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав.

Хуулийн төслийг үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга түүний төрөл, үүнийг ямар шаардлага хангасан эмнэлэг ямар нөхцөлд хэрэглэх, уг ажиллагааны нууцлал, тавигдах шаардлага, тээлгэгч эцэг, эх, тээгч эх гэж хэн байх тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд ямар асуудал тусгах, тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг хуульчлахаар боловсруулсан байна.

Хуулийн төслийг НББСШУБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Байнгын хороо 2018 оны 10 сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тус байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асуусны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУБХ-нд шилжүүлэв.