Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.34 цагт 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа.
Манай улсад бэлгийн замын халдварт өвчин, түүний тархалт, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг хүчин зүйлийг судлах, судалгаанд үндэслэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ажил дутагдалтай байгааг тэрбээр дурдаад үргүйдлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, үргүйдлийн оношилгоо, эмчилгээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг нэвтрүүлэх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал төдийгүй энэ нь Монгол улсын хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцолсон.
Хуулийн төслийг үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга түүний төрөл, үүнийг ямар шаардлага хангасан эмнэлэг ямар нөхцөлд хэрэглэх, уг ажиллагааны нууцлал, тавигдах шаардлага, тээлгэгч эцэг, эх, тээгч эх гэж хэн байх тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд ямар асуудал тусгах, тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг хуульчлахаар боловсруулсан байна.
Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хөтөлбөр болон төрийн бодлогод үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээний асуудал тусгагдаж, энэ чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын үүрэг хариуцлага дээшилснээр иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Түүнчлэн үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдал, хувь хүний амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал учир энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдсэнээр хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ гэж үзэж буй аж. Мөн гадаад оронд явж үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасч, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, санхүүгийн асуудлаа хэмнэх, гадагшаа чиглэсэн валютын урсгал хумигдах боломж бүрдэнэ гэж тооцжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа бусад орнуудад энэ асуудлыг хэрхэн хуульчилсан байдаг талаар тодруулсан.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь, манай хоёр хөрш улс нөхөн үржихүйн асуудлыг зохицуулсан бие даасан хуультай гээд дээрх хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНЭУ, Канад, Франц, Швед, Тайланд болон бусад өндөр хөгжилтэй улсуудын эрх зүйн зохицуулалт, туршлага, хуулийн хэрэгжилттэй холбоотой гарч буй эрсдэл, туршлагыг судалсан гэлээ.
Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.