АН-ын удирдлагууд эв нэгдлээ хэрхэн хамгаалдагийг харууллаа
Нийслэлийн ардчилсан намын даргын асуудалд сүүлийн үеийн сонин хэвлэлийн онцлох сэдэв байсан гэхэд хилсдэх гүй. Нийслэлийн Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж намын даргаа өөрчлөх эсэх тухай хэлэлцээд С.Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монголын ардчилсан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндоржийг сонгосон. Тэрбээр гишүүдийнхээ 91 хувийн санал авснаар нийслэлийн Ардилсан намыг тэргүүлэхээр болсон юм.
Өнөөдөр буюу 2010 оны 9-р сарын 27-ны 15:00 цагт Ардчилсан намын шилэн танхимд болсон хурлын үеэр НАН-ын дарга асан С.Эрдэнэ чөлөөлөгдөх өргөдлөө намын ЕНБДаргад өгсний дагуу шинээр сонгогдсон НАН-ын даргад Ш.Түвдэндорж тамга тэмдгээ хүлээлгэн өгч, цаашдынх нь ажилд амжилт хүслээ. Хурлын үеэр АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “ Ардчилсан нам өнөөдөр эв нэгдлээ баримтлах ёстой. Мэдээж нам дотор олон асуудлууд байдаг. Хоорондоо үзэл бодлоороо зөрчилдөх явдал гардаг. Гэхдээ бидний эцсийн зорилго нэг л байдаг. Бид энэ намын эв нэгдлийн асуудал дээр бат зогсдог юм. Монгол улсад Ардчилсан нам байхгүй бол ардчиллын баталгаа байхгүй гэж би ойлгодог. Тэгэхээр АН 20 жилийн туршид ардчиллын амин сүнс болж явсан. Цаашид явсаар байх болно. Үүн дээр монголын ард түмэн биднээс дотооддоо эв нэгдэлтэй, асуудлаа шийдэж чаддаг байгаасай гэж хүсдэгийг бид сайн мэддэг. Тиймээс өнөөдөр НАН-ын асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой гэдэг дээр манай улстөрчид нэг талдаа гарч байгаад би их баяртай байна. Ингээд НАН-ыг өөрийн бүрэн эрхийн хугацаандаа өдий зэрэгтэй авч явсан, өөрийн улс төрийн орон зай, энэ байгууллагын болдлогыг цэгц шулуун авч явсан С.Эрдэнэдээ баяр хүргэх нь зүйтэй байх гэж бодож байна. Үүрэгт ажилдаа өнөөдрөөс эхлэн орж байгаа Ш.Түвдэндорждоо амжилт хүсье.
НАН дотор тамга тэмдэг булаацалдаж байсан асуудал байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэсэн юм.
Ардчилсан намын дүрэмд заасны дагуу нийслэлийн Ардчилсан намын дарга нь дөрвөн жилийн хугацаатайгаар томилогддог бөгөөд гишүүдийнхээ дэмжлэгийг авсан тохиолдолд дахин нэг удаа давтан сонгогдох эрх нээлттэй байдаг. Энэ дүрмээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2006 онд нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдож байжээ. Түүнээс өмнө буюу 2000 онд таван нам нэгдсэний дараа Ардчилсан нам шинээр байгуулагдахад нийслэлийн Ардчилсан намын дэд даргын алба хашиж байсан. Харин шинэ тушаалд томилогдоод байгаа Ш.Түвдэндорж Монголын Ардчилсан холбооны дэд тэргүүн, тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бөгөөд өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар томилогдож байсан нэгэн юм.
Хурлын дараагаар НАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс хэдэн зүйл тодрууллаа.
-Та хэдхэн хоногийн өмнө шинэ даргыг дүрмийн бусаар сонгогдсон гэж мэдэгдэж байсан. Ямар учраас байр сууриа ийн өөрчлөх болов?
-Дүрмийн дагуу миний бүрэн эрхийн хугацаа 10-р сарын 26-нд дуусах байсан. Өнөөдөр би намынхаа ЕНБДаргад албан ёсоор чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн бариснаар миний бүрэн эрхийн хугацаа дагуу дуусгавар болж байна. Би намынхаа дүрмийг зөрчихгүй байх үүднээс, хоёрдугаарт нийслэлийн намыг нэг цул байх нөхцлийг бүрдүүлэх, гуравдугаарт энэ намын өмнө улс төрийн хариуцлага хүлээж явдаг хүний хувьд энэ шийдлийг гаргалаа. Ингээд миний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм. Ингэснээрээ нэг талдаа дүрмийн зөрчил арилж, нөгөө талдаа энэ алхам маань улс төрийн алхам боллоо.
-Өөрөө Түвдэндорж даргыг дүрмийн бус аргаар сонгогдсон гэж мэдэгдэж байсан шүү дээ?
-Нэг үгээр хэлбэл би хүсэлтээ өргөн бариснаар Түвдэндоржийн сонгогдсон нь баталгаажиж, НАН-ын албан ёсны дарга болж байгаа гэсэн үг. Намын үндсэн дүрмэнд заасны дагуу тухайн шатны намын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн бариснаар бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох үндэслэл болдог. Тиймээс би хүсэлтээ өргөн барисан болохоор шинэ дарга сонгогдсон нь дүрмийн зөрчилгүй болж байгаа гэсэн үг.
-Таны хувьд намынхаа эв нэгдлийг бодоод ямар нэгэн тохиролцоо хийсэн юм шиг санагдаж байна. Энэ үнэн үү?
-Намын эв нэгдэл дээр ямар нэг тохиролцоо байдаггүй. Тэр дотроо намын цөм болсон нийслэлиийн намыг хагаралдуулах гэсэн санаархал байгаа. Энийг үгүйсгэхгүй. Тийм учраас тэр хэсэг бүлэг хүмүүсийн санааг гүйцэлдүүлэх эрх бидэнд хэнд нь ч байхгүй.
-Та өмнө нь хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх эрх надад байхгүй гэж байсан?
-Эрх байхгүй гэдгийг би дүрмийн зохицуулалтаар хэлж байсан. Тэгвэл өнөөдөр ЕНБДарга ажилдаа орсон. Би өөрийнхөө хүсэлтийг албан ёсоор тавьсан. Ингэснээрээ дүрмийн бус байсныг дүрмийн болгох алхамыг би өөрөө хийж байна.
Д.Эрдэнэбат: НАН-ын даргын асуудлгы ҮЗХ-оор хэлэлцэхгүй.
-С.Эрдэнэ даргыг чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьж байгаа дээр ямар дүгнэлт хийж байна вэ?
-Миний хувьд өнөөдөр ажилдаа орж байна. С.Эрдэнэ өнөөдөр надад албан ёсоор чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Намын дүрмийн дагуу энэ асуудал цааш нь шийдэгдээд явах ёстой. Өнөөдрийн байдлаар ХЕХ-нд аль аль талаасаа ямар нэгэн өргөдөл гомдол гаргаагүй байна. Тиймээс тамга тэмдгийг шилжүүлэх ажил болж байна гэж ойлгож байгаа.
-ҮЗХ-оор намын даргын асуудлыг батламжлах шаардлагатай юу?
-Намын шинэ дүрмээр ҮЗХ-оор нийслэлийн намын даргыг батламжилна гэсэн зүйл заалт байхгүй. Харин хуучин дүрмэнд тийм заалт байсан. Одоогийн дүрмээр бол сонгууль явагдаад олонхийн санал авсан л бол сонгогдсонд тооцож байгаа. Нийслэлийн ардчилсан намын дарга албан ёсоор Ш.Түвдэндорж боллоо. ҮЗХ-оор энэ асуудлыг хэлэлцэхгүй.
Ш.Түвдэндорж: НАН-ын хуралдаан дээр журмын алдаа гарсан эсэхийг ээлжит бус хуралдаанаар хэлэлцэнэ
-Өмнө нь хэвлэлээр С.Эрдэнэ дарга та хоёрын хооронд нэлээн маргаан өрнөсөн. Гэтэл өнөөдөр байр сууриа ингэж өөрчилж байгаа сонин байна?
-Миний хувьд огт маргаагүй. Би Нийслэлийн ардчилсан намын 11-р хурал дүрмийн дагуу болсон гэдгээ л хэлсэн. Намынхаа дүрмийн заалтуудыг л барьж ярьсан гэхэд болно. Ер нь бол манай намын дүрмийг ард түмэн, хүн бүхэн судлах албагүй. Бидний хувьд энэ дүрмээ мэдэж байгаа болохоор дүрмээ л барьж ярина шүү дээ. Сая хугацааны хувьд асуудал байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Намын даргын хувьд бүсийн чуулга уулзалтаас ирэнгүүтээ гадаад томилолтоор явчихсан. ЕНБДаргын хувьд гэр бүлийн хүнээ гадаад эмчлүүлж байгаад өнөөдөр ирлээ. Мэдээж Нийслэлийн намын асуудал гэдэг бол намын томоохон байгууллага, дарга нь удирдах зөвлөлийн гишүүн байдаг гэдэг утгаараа энэ асуудалд намын удирдлагууд анхаарал хандуулах ёстой. Энэ утгаараа өнөөдөр ЕНБДарга ажилдаа оронгуут НАН-ын экс дарга С.Эрдэнэ өргөдлөө өгөөд тамга тэмдгээ хүлээлгэн өгч байна.
-Нийслэлийн намын хуралдаан дээр зарим нэгэн дүрмийн алдаа гарсан гэлээ. Энэ талаар?
-Хуралдаан дээр хүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байх үед итгэл үзүүлэх тухай санал хураасан нь дүрмийн бус журмын алдаа байсан. Дараа нь ээлжит бус хурал зарлаж НАН-ын зөвлөлдөх зөвлөлийн 135 гишүүн хуралдан алдаа байвал засаад явах ёстой.
-Энэ шийдвэрийг гаргахад ямар нэгэн дарамт шахалт нөлөөлсөн юм бишүү?
-Ямар нэг дарамт шахалт байсан гэж үзэхгүй байна. Энэ асуудлыг шийдэхэд намын удирдлагууд оролцох ёстой. Энэ утгаараа намын дарга өнөөдөр эзгүй байна. ЕНБДарга ажилдаа орсон цаг үеэр С.Эрдэнэ дарга өргөдлөө өгсөн болохоор ЕНБДарга бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийдсэн гэж ойлгож болно.
-Шинэ даргын хувьд нэн тэргүүнд хийх шаардлагатай ямар ажил байнавэ?
-Манай намын байгууллагын хувьд дүүргүүдийнхээ намын анхны шатны байгууллагуудыг цэгцлэх асуудал байна.