Н.Алтанхуяг бус МАХН уучлал гуйх ёстойг С.Эрдэнэ мэдэгдэв
Нийслэлийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, тус намын зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол оронд ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө тэмцэж ирсэн, мянга мянган гишүүд, дэмжигчиддээ олон улсын ардчиллын өдрийн мэнд хүргэсэн юм. Гэхдээ тэд энэхүү хурлаараа Ардчиллын ололт амжилт ярихаас илүүтэй гажуудал завхралыг хөндөх хэрэгтэйг сануулсан юм. Мөн АН-ын дарга Н.Алтанхуяг хэлмэгдүүлэгсдийн өдөр уучлал гуйсан мэдэгдэл гаргасан нь Нийслэлийн АН-ынхны бухимдлыг хүргэжээ.
Учир нь ардчиллын зарчмаар замнаж ирсэн гэх өнгөрсөн 20 жилийн хугацаанд АН уучлал гуйх “нүгэл” хийгээгүй. Өөрөөр хэлбэл, ард түмнээ хэлмэгдүүлсэн зүйл хийгээгүй гэдгийг онцлов. Иймээс Нийслэлийн АН-аас үүнийг эсэргүүцэн уриалга мгаргажээ. Тус уриалгад “Манай оронд хэт зүүний бодлого газар авч, хүмүүсийг айлган сүрдүүлж дарамталдаг. Зарим тохиолдолд хууль шүүхийн ямар ч шийдвэргүйгээр буудан хороож, эрүүл мэндэд нь нөхөж болшгүй шарх учруулсныхаа төлөө улс төрийн хариуцлага хүлээдэггүй тийм засаглал хамтарсан гэх нэрийн дор
оршиж байна” хэмээн тодотгожээ.
Түүнчлэн Ж.Батзандан “Үндсэн хуулиар олонх нь засгаа барьж цөөнх нь засаглалын хяналтыг
хэрэгжүүлдэг. Харамсалтай нь 2004 оноос хойш парламентад олонх цөөнхийн ялгаа гэж байхгүй болсон. Энэ гажуудлыг засахын тулд АН, АХХ ардчилсан үзэлтэй хүн бүхний үүрэг оролцоо хэрэгтэй. Мөн Үндсэн хуулийг өнгөрсөн хугацаанд хууль бусаар долоон удаа өөрчилсөн байдаг. Энэ нь төр хяналтгүй болж, сөрөг хүчингүй болох нөхцөлийг бүрдүүлсэн” гэв.
Дээрх мэдээллийг хийсний дараа Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнээс дараах тодруулгыг авсан юм.
-Таны бодлоор хэн уучлал гуйх ёстой байсан гэж?
-Ардчиллын нөмөрт нуугдаж, нэрээ солихоор зэхэж буй тэр нам уучлал гуйх ёстой. Гэтэл энэ нам өнөөдрийг хүртэл ард түмнээсээ уучлал гуйж чадаагүй, цаашид ч чадахгүй гэдгээ харуулсан. Үүний гэрч нь 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал. Энэ үйл явдлаас таван залуу амиа алдаж, 900 гаруй залууг шоронд хоморголон хорьсон. Одоо болтол энэ үйл явдлын буруутан хэн бэ гэдгийг тогтоож чадаагүй, ард түмнээсээ уучлал гуйгаагүй биз дээ.
-Таныхаар хэлмэгдүүлэлтийг АН биш МАХН хийсэн гэсэн үг үү?
-Ардчилсан нам ардчиллын зарчмаар 20 жил замнахдаа алдаж оносон зүйл бий. Гэхдээ ард түмнийг
хэлмэгдүүлээгүй. Хэлмэгдүүлэлт өнөөдөр ч үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1-ний явдалд хариуцлага хүлээсэн хүн бий бил үү.
-Намын дарга мэдэгдэл гаргах тохиолдолд Гүйцэтгэх зөвлөлөөр авч хэлэлцдэг гэж байсан. Үүнийг тэр үедээ хэлэлцэхгүй яасан юм бэ?
-Намыг төлөөлсөн, хариуцлагатай мэдэгдэл гаргахдаа Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцдэг уламжлалтай. Харамсалтай нь гүйцэтгэх зөвлөл нэг ч хуралдаагүй. Энэ нь АН өөрөө үйл ажиллагаагүй, зогсонг
байгаагийн илрэл.
-АН хоёр хуваагдаж байгаа гэх яриа сүүлийн үед их гарах болсон. Үүний илэрхийлэл нь ч энэ хэвлэлийн бага хурал юм болов уу?
-Ардчиллын мөн чанар нь энэ юм. Намын дарга хариуцлагагүй үйлдэл хийвэл намын гишүүн хэн ч байсан шууд л шүүмжилчихдэг. Энэхүү хурлыг намын дарга Н.Алтанхуягийг шүүмжилж байна
гэхээсээ илүү АН уучлал гуйхаар нүгэл хийгээгүй гэдэг талаас нь ойлгоосой.
-АН хоёр хуваагдана гэх үг үнэн үү?
-Энэ бол АН-ыг хуваагдаасай гэж хүсдэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай яриа. АХХ-ныхныг зориудаар харлуулж хамтарсан Засгийн газрыг бутаргачихаад дараагийн сайд, дарга нарын суудалд суух гэж байна гэх ойлголтыг нийгэмд төрүүлж байна. Тийм зүйл байхгүй. Зөвхөн Ардчилсан нам сөрөг хүчний байр сууриа хатуу баримталж, олонхид шахалт үзүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр эрх баригч намтай өвөр түрийдээ орчихоод сууж байгаа нь зохисгүй юм. Ардчилсан нам бол сөрөг хүчин. Энэ ч үүргээ гүйцэтгэх ёстой.
-АХХ хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгох амлалтыг өгч байсан. Иймдээ ч хамтарсан Засгийн газарт буй гишүүддээ санаагаа уламжилсан. Хэрэв тэд асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол хамтарсан Засгийн газраас нэрээ татахыг шаардна гэж байсан. Энэ асуудал ямархуу байдалтай байгаа бол?
-Төсвийн тодотголыг хэлэлцэхэд хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг олгох саналыг тавьсан. Харамсалтай нь эдийн засгийн байдал таагүй, төсөв хүрэлцэхгүй гэдэг үүднээс хойшлуулж 2011 оны
нэгдүгээр сарын 1-нээс 20 мянган төгрөг хүүхэд бүрт олгохоор болсон. Ирэх оны төсөвт үүнийг суулгаж өгөх юм. Гэтэл үүнийг тодорхой тусгаагүй байгаа харагдсан. Хэрэв энэ асуудлыг тусгахгүй бол эргэж буцалтгүй шаардлага тавина.
-Хамтарсан Засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй хандаад байх шиг. АН хамтрах саналаа ҮЗХ-гоороо хуралдаж шийдвэрлэсэн бус уу?
-Санал тун ойрхон зөрсөн.
-АН, АХХ-ны бүсийн чуулга уулзалт давхардсан нь ч намын хагарлыг илтгээд байх шиг?
-АХХ дөрөвдүгээр сард бүсийн чуулга уулзалтынхаа товыг гаргасан. Улмаар долдугаар сарын 23-нд Хангайн бүсийн уулзалтаар эхэлсэн юм. Тэр үед АН-ын бүсийн уулзалт гэх ямар ч яриа, тов байгаагүй. Харин дараа нь намын чуулга уулзалт болох талаар мессеж ирсэн. Хэн хэзээ
хэлэлцээд, тэр товыг гаргасан юм бүү мэд. Магадгүй хэн нэгэн этгээд АХХ-ны
ажлыг зориуд үгүйсгэх гэж оролдоод байна уу.
-АН-ын ҮЗХ хэзээ хуралдах вэ. Үүсээд буй элдэв нөхцөл байдлыг тус хурлаар зохицуулах ёстой биз дээ?
-Яаралтай хуралдуулах товоо гаргах л хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл та хоёрын хооронд бий болоод буй нөхцөл байдал ч намын хагарлын нэг хэсэг биш гэж үү?
-Нам эрүүл тогтмол үйл ажиллагаатай байсан бол бид хоёрын хэрүүл гарахгүй байх байсан. Өнгөц харахад С.Эрдэнэ, Э.Бат-Үүл хоёр хэрэлдэж, маргалдаад байгаа юм шиг боловч түүний ард
бүлэглэл, сонирхлын зөрчил хөндөгдөж байгаад учир нь бий. Оюутолгойг хэн улайран байж батлуулав, долдугаар сарын 1-ний үймээний үеэр чуулганы хуралдааныг хаалттай хуралдуулах саналыг хэн гаргав, хамтарсан Засгийн газарт орох гэж хэн улайртлаа зүтгэлээ, одоо ч хамтарсан нэрээ авч үлдэхийн тулд цээжээрээ хамгаалж байгаа нь хэн билээ гээд бод л доо.
-Та хоёрын зөрчилдөөн сонгууль ойртсон үед сөргөөр нөлөөлж мэдэх юм?
-Үнэндээ нам дамжиж, олигархи, үзэл баримтлалын зөрчилдөөн явагдаж байна. Энэхүү маргаанаар хэний эрх ашиг хөндөгдөж, ямар хүмүүс зохион байгуулалттай дайрч байгааг ч мэднэ. Би айж эмээхгүй хэлэх гэснээ хэлсээр байх болно.