Ж.Сандагсүрэн: Манай дүүргийнхэн “Өглөөний гудамж”-ны үр ашгийг мэдэрч байгаа
2018.09.20

Ж.Сандагсүрэн: Манай дүүргийнхэн “Өглөөний гудамж”-ны үр ашгийг мэдэрч байгаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар өнгөрсөн долдугаар сараас тус дүүрэг “Өглөөний гудамж” арга хэмжээг зохион байгуулсаар иржээ.

Энэхүү үйлчилгээ нь иргэдэд өглөө ажилдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах боломж олгодгоороо онцлогтой юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн болон Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллага олны хэлж заншсанаар Цамбагарав  буюу Соёмбо кино  театрын  өмнөх талбайд өглөөний  07.00 цагаас эхлэн иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээг нэг дороос хүргэдэг юм. Тухайлбал, энд байрласан тус дүүргийн Улсын бүртгэлийг хэлтэс шилжилт хөдөлгөөний бүртгэл, төрсний, гэрлэсний, нас барсны гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх олгох, гэрлэлтийн, гэрлэлт цуцалсны, сэргээсний бүртгэл, иргэний үнэмлэхний зурагтай дэлгэрэнгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, шинээр хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос авна гэсэн үг. Гадаа хүйтэрч байгаа учраас Согинохайрхан дүүргийнхэн энэ жилийн хамгийн сүүлийн “Өглөөний гудамж” арга хэмжээгээ өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Сонгинохайрхан  дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Манай дүүргийн иргэд  энэ үйлчилгээг мэддэг  болсон. Сонгинохайрханчууд “Өглөөний  гудамж”-нд  ирж ямар нэгэн  оочир дараалал, цаг хугацаанд  баригдалгүй, хамгийн  гол  нь  ажилдаа явах  замдаа өөрийнхөө хэргийг амжуулаад  явахын  үр  ашгийг  мэдэрч байгаа.  Ирэх  жилээс бүр олон иргэн үйлчлүүлэх байх. Бид мөн иргэдэд ойртох үүднээс ирэх жил илүү олон газар “Өглөөний  гудамж”  нээхээр төлөвлөж байна“ гэлээ.