Ч.Улаан:”Амьдрал харуулах байлгүй дээ”
УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь муудсан гэсэн. МАХН-д элссэнээсээ хойш та Н.Энхбаяртай уулзаж, холбоо барьсан уу?
-Уулзуулахгүй гэж албан ёсоор хариу өгсөн. УИХ-ын гишүүнийхээ хувьд уулзая гэж хүсэлт тавьсан ч уулзуулахгүй гэсэн хариу өгч байна лээ. Харин ар гэрийнхэн нь уулзах бол өргөдөл гаргаад уулзаж болно гэсэн. Тэгээд өнгөрсөн бямба гаригт ар гэрийнхэн нь уулзахаар очтол уулзуулаагүй. Даргын хувьд өнгөрсөн баасан гаригийн 07.00 цагаас эхлэн өлсгөлөн зарласан учраас биеийн байдал нь муу байна. Хуурай өлсгөлөн бол хамгийн хүнд хэлбэрийн өлсгөлөн, долоон цагийн дараа тухайн хүний биед ямар нэг өөрчлөлт ордог гэсэн мэргэжлийн хүмүүс ярьдаг. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр 38 цагийн турш өлсгөлөн зарласны дараа 461-р ангийн эмнэлэгт шилжсэн. Эмнэлэгт хэвтүүлсэн ч ар гэрийнхэн болон намын нөхөдтэй нь уулзуулахгүй байгаа. Бид өлсгөлөн зарласан байхад нь Төв аймгийн урьдчилан хорих төвийн удирдлагууд болон эмнэлгийн хяналт тавьж байгаа эмч нартай уулзсан. Хууль журмын дагуу өгөх ёстой эмнэлгийн тусламж үзүүлээч, эмч нарын зөвлөгөөнөөр шинжилгээний хариуг хэлэлцээд яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна гэдэг хүсэлт ч гэх юм уу, шаардлага ч юм уу тавьсан. Хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүссэн.
-Ар гэрийнхэн нь прокурор, мөрдөн байцаагч болон бусад хүмүүстэй нь холбогдож чадахгүй байгаагаа мэдэгдсэн. Тэд өөрсдөө уулзахгүй гэсэн юмуу, аль эсвэл тэдэнтэй холбогдож чадсангүй юу?
-Төв аймгийн прокурор н.Батмөнх болонТөв аймгийн урьдчилан хорихын дарга гээд нэг нөхөр байсан. Өөр хүн бол байгаагүй. Өөр хүмүүстэй холбогдох гээд чадахгүй байна гэж өмгөөлөгч нь хэлсэн.
-Намын нөхдийн зүгээс Н.Энхбаярыг гэм буруугүй гэж үзэж байгаа. Гэтэл хавтаст хэрэгтэй танилц гэсэн үүрэг өмгөөлөгч нарт нь өгсөн байна лээ. Хавтаст хэргийнх нь талаар та ямар нэгэн юм олж мэдсэн үү?
-Хуулийн тэр нарийн юмыг бид мэдэхгүй. Өмгөөлөгчийнх нь ярьж байгаагаар хоригдох 22 хоногийн хугацаанд нэг ч удаа байцаалт аваагүй, байцаалт авах гэж оролдоход Н.Энхбаяр өмгөөлөгчгүйгээр байцаалт өгөхгүй гээд байгаа юм билээ. Тэгээд нэг ч удаа байцаалт аваагүй гэж ярьсан байсан. Ямар нэг байцаалт аваагүй байж хавтас хэрэг танилцуулна гэдэг байж болохгүй гэдгийг ч өмгөөлөгч нь ярьж байна лээ. Түүнээс илүү мэдээлэл алга. Биеийн байдал муудлаа гэснээс хойш бид амь нас, эрүүл мэндийг нь бодож яаралтай арга хэмжээ аваач хэмээн холбогдох хүмүүс хандаад байгаа. Хүний амь нас эрүүл мэндээс илүү чухал юм хаана байна аа. Тэр хүний биеийн байдалд муудаад байвал яах вэ гээд олон асуудал байна.
-Н.Энхбаярыг баривчлахад гурван гишүүний бүрэн эрхэд халдсан гэж гомдол гаргасныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Та энэ шийдвэрт ямар байр суурьтай байна вэ, санал нийлж байгаа юу?
-Шийдвэр аль хэзээний гарсан. Уг нь сайн ойлгосон бол бид гурван гишүүний асуудал яриагүй юм шүү дээ. Ард түмнийг айлгасан, цочоосон, нийгмийн амгалан тайван байдал алдуулсан зүйлийг л ярьсан. Хууль зүйн байнгын хороогоор ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэсэн шийдвэр нь нэгэнт гарсан болохоор би одоо янз бүрийн тайлбар хиймээргүй байна.
-Ц.Нямдорж сайдыг огцруулах хүсэлт гаргасан ч МАН олонхоороо аваад үлдчихлээ. Та бол огцруулах кноп дарсан биз дээ?
-УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд олонхын саналаар огцроогүй. Мэдээж цагдаа, хүчнийхэн иргэдийн амгалан тайван байдал алдагдуулж, энгийн иргэний хаалгыг эвдэж сүйтгэж, ёс зүйгүй аашилж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд нь мэдээгүй байна гэдэг нь өөрөө огцорчих асуудал л даа. Гэхдээ УИХ шийдвэрээ гаргасан. Намын бүлэг олонхоороо шийдвэр гаргасан, бид бүлгийн олонхын шийдвэрийг дагаж чадахгүй болсон учраас хуучин намын гишүүнчлэлээ сэргээсэн. Ер нь бол өмнөх долоо хоногийн баасан гаригт шөнө дөлөөр хуралдсан чуулганаар Ц.Нямдорж огцрохгүй нь тодорхой болсон, бид намын бүлгээсээ, намаасаа гарах нь ч тодорхой болсон доо. Нам нь Ц.Нямдоржийг авч үлдэнэ гэсэн. Харин бидний хэдэн нөхдүүд намын шийдвэртэй санал нийлэхгүй байна гэсэн. Ийм л юм болсон. Энэ бүхэн аль хэдийн долоо хоногийн өмнө гарчихаад байхад албан ёсоор өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн, хэлэлцүүлсэн дүр эсгэсэн хэрэг.
-Нэгэнтээ Ц.Нямдорж огцрохгүй нь тодорхой болчихсон юм бол цаг алдаж хэрэлдэж, хэлэлцэх шаардлага байсан юм болов уу. Чуулганаар хэлэлцэх олон асуудал байгаа шүү дээ?
-Тэрийг би мэдэхгүй байна. Баасан гаригт тодорхой болсон учраас бид бүлгээсээ гарах хүсэлтээ өгсөн. Түүнээс хойш бүлгийн хуралдаанд оролцоогүй. Цаасан дээр баталгуужуулах гэж л дахин долоо хоног хуралдсан байх.
- Ер нь яагаад ганцхан Н.Энхбаярыг шалгаад байгаа юм бол. Та юу гэж бодож байна. Яг үнэндээ одоогийн парламентед сууж байгаа хүмүүс бүгд л Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь хамтран зүтгэгчид байсан шүү дээ. Н.Энхбаяр ганцаараа авлигачин бусад нь тийм цэвэрхэн юм гэжүү?
-Тэрийг би мэдэхгүй. Н.Энхбаяр дарга хэлж байсан шүү дээ. Шалгуулья гэвэл бүгд шалгуулах хэрэгтэй гэж. Шалгах ёстой бол бүгдийг нь л шалгах хэрэгтэй. Ганцхан хүнийг шалгаад хориод байгаа нь л шударга биш байна гэж. Би ч бас үүнтэй санал нэг байгаа.
-Ц.Нямдорж сайдыг гишүүдийн “пактуудыг” хар дэвтэрт биччихээд дараа нь дарамтлаад сууж байдаг гэх хүмүүс байдаг. Таны хувьд багагүй хугацаанд парламентад хамт байсан хүний хувьд энэ талаар мэдэх юм байна уу. Ц.Нямдорж сайд бүлгийн хуралдаан дээр “намайг сайдаас унагавал та нар өөрсдөө миний араас явна шүү” гэж хэлж байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Тэр хүний талаар би үнэлэлт өгөхгүй. Ард түмэн нийгэмд юу болоод байгааг харж байгаа. Бүгдээрээ шалгуулья гэж санал тавьсан шиг цэвэрхэн юм бол бүгд шалгуулах хэрэгтэй. Бүгд шалгуулж байж шударга ёсыг тогтооход дөхөмтэй байх. УИХ-ын чуулган дээр ч гэсэн зөндөө яригдсаныг бүгд сонссон. Миний араас явна шүү гэж хэлж байсан үгүйг би хэлэхгүй. Намын бүлгийн хуралдааны протоколыг үзэх хэрэгтэй. Протоколыг үзвэл хэлсэн үгүйг нь мэднэ.
-Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах хүсэлтийг анх есөн гишүүн гаргасан. Гэтэл тэдний ихэнх нь байр сууринаасаа урвачихлаа л даа. Тэгэхээр намын шийдвэрийг дагаад үлдэж байгаа гишүүд яагаад тийм шийдвэр гаргах болов. Санал бодлоо солилцож, ярьж байсны хувьд та бүхэнд ямар нэг тайлбар хэлсэн байх, тийм үү?
-Хувь хүний сонголтыг би хэлж мэдэхгүй. Хүн бүр өөр өөрийнхөө итгэл үнэмшлээр шийдвэр гаргасан байх. Өөрийн бодол өөртөө зөв гэдгээрээ л явж байгаа биз. Үнэний шалгуур чинь амьдрал, тэгээд амьдрал харуулах байлгүй дээ. Хүн бүхэн өөрийн сонголтоо хийсэн, түүнийг нь урьдчилаад ямар нэг дүгнэлт хийхгүй. Би бол өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргаж МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн.
-Өргөдөл өгч, намаасаа гарсан гишүүдийг Н.Энхбаяр шантаажилсан, эсвэл нэр дэвших тойроггүй болсноос гарах болсон гээд янз бүрийн л юм яриад байна л даа. Яагаад МАХН-д элсэх шийд гаргав. Яг юунаас болсон юм бэ?
-Энэ шийдвэр Н.Энхбаярын даргыг баривчлах үйл явцтай болоод Н.Энхбаяр гэдэг хүнтэй намаас гарах, орох асуудал ямар ч хамааралгүй ээ. Өмнө нь ч ярьж байсан. Янз бүрийн таамаглал дэвшүүлээд хардаад байгаа хүмүүст сануулахад аль гурван жилийн өмнөөс яригдаж байсан асуудал. Гишүүдийн хувьд гэнэтхэн шийдвэрлэсэн гэж ойлгож болохгүй бусад гишүүд ч мөн мэдэж байгаа. Намын гишүүн бүр намаа сонгуульд амжилттай оролцуулах, түүний тулд боломжтой зөв, арга механизмыг хэрэглэх, ард түмний итгэл найдварыг хүлээх юмсан гэсэн үүднээс саналаа хэлж байсан. Явц дундаа өөр, өөрийн бодлоороо нэгдсэн нөхдүүд маань, мөн өөрсдийн замаараа салцгаасан. Би бол МАН дотор намыг буруу тийшээ залж яваа хэсэг нөхөд байна гэж боддог. Үүнтэй санал нэгдэж чадахгүй, олонхоо дагаж чадахгүй учраас бүлгээсээ гарсан. Одоо бол би МАН-ын дотоод асуудлыг ярьж чадахгүй. Уугуул намын гишүүнчлэлээ сэргээсэн өөр намын гишүүн учраас ярихыг ч хүсэхгүй байна.
-МАН-ын зүгээс Ц.Нямдоржийг огцруулах өргөдөл өгсөн гишүүдэд өргөдлөө буцаахгүй бол тойрог өгөхгүй гэж дарамталсан юм биш үү. Танд ямар нэг дарамт ирж байсан уу?
-Өөрийн хүсэлтээр гарсан, ямар нэг дарамт ирээгүй. Өөрийнхөө итгэл үнэмшлээр мөн ойр дотныхоо нөхөд, гэр бүлтэйгээ санал бодлоо солилцож байж шийдвэр гаргасан. Зарим нэг хүмүүс тойргоос болоод Ч.Улаан гэдэг нөхөр урваж шарвалаа гэдэг ойлголт төрүүлж байна л даа. Ийм жижиг зүйлээр, өнгөцхөн харж байгаа болохгүй. Тойргоор шантаалжилна гэдэг УИХ-ын гишүүн хүнд зохихгүй асуудал. Тиймээс ямар нэгэн намтай тойрог намаалцах зүй огт гараагүй.
-Тантай хамт өргөдөл өгсөн Ц.Даваасүрэн гишүүнийг намаас нь хөөчихлөө.Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ. Уг нь бол Ц.Даваасүрэн гишүүн та нартай хамт бүлгээсээ татгалзсан шүү дээ. Гэтэл яагаад намаасаа гарья гээгүй юм бол?
-Тэр намын дүрмийг би мэдэхгүй байна. Ер нь аль ч намын дүрэмд асуудлыг цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж, олонхоороо шийдвэр гаргаж, олонхынхоо шийдвэрийг дагаж мөрдөнө гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл олонхоороо ярьсан асуудалд санал нэгдэхгүй, гаргасан шийдвэрийг дагаж чадахгүй бол тэр намд байх аргагүй болж байгаа юм. Дүрмийнхээ хувьд ч тэр.
-Ц.Даваасүрэн гишүүн УИХ-д нэр дэвших болбол МАХН-д элсэхээс өөр гарц харагдахгүй байна. Та бүхэнд элсэх талаар байр сууриа илэрхийлсэн үү?
-Одоогоор мэдэгдсэн юм алга байна. Мэдээж ,тэр хүн өөрийн итгэл үнэмшлээрээ МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж болно. Ер нь ганцхан Ц.Даваасүрэн ч биш олон гишүүд, нийгэмд танигдсан хүмүүс нэгдэх байх гэж би бодож байгаа.
-Та яагаад хуучин намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн гэж. Яг үнэндээ МАХН чинь шинэ нам биз дээ?
-Түүх яривал нэг угшилтай нам. 1921 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хоёулаа зарлагдсан. Монгол хэл дээр бичигдсэн албан бичигт МАН, орос хэл дээр бичигдсэн албан бичигт МАХН гэсэн байдаг. Нэг намын хоёр нэр л дээ. 1924 он хүртэл МАН гэж яваад 1924 оноос МАХН гэх болсон. Намын зорилго бол нийгмийг өөрчлөх хувьсгал хийж байгаа учраас хувьсгалт гэдэг үг нь байх ёстой ч нийтэд ил зарлахгүй байна гэж 1924 оны намын хурлаар шийдвэрлэсэн байдаг. Тэгээд 2011 онд намын нэрээ сэргээж, хуучин намын үзэл суртал, үйл ажиллагааны зорилго чиглэл хэвээрээ бөгөөд уугуул нэрээ сэргээж байна гэдэг үүднээс энэ асуудал шийдэгдсэн. МАН, МАХН гэх үеэс эхлэн намын гишүүд нэр сольсон, үзэл суртал нь өөрчлөгдөхөд дургүйцсэн, санал зөрөлдсөн байх гэж бодож байна. Тэгээд л өнөөгийн энэ байдалд хүрсэн. Миний хувьд хуучин намынхаа гишүүнчлэлээ сэргээснээс, шинэ намд орсон зүйл байхгүй. МАН-ын зорилго, үйл ажиллагааны чиглэл гажуудсан учраас л хуучин намын гишүүнчлэлээ сэргээхэд хүрсэн. Би одоогоос 30 жилийн өмнө өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч МАХН-д элссэн. Намаас гарсан гэж бодохгүй байна. Анх элссэн намдаа л байна.
-МАХН-ын дарга баривчлагдсан. Гэтэл даргагүй намд элсч л байдаг. Танай нам ингэхэд сонгуульд ялах болов уу?
-Нам гэдэг бол нэг даргын асуудал биш. Нам гэдэг нь үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн хамт олны нэгдэл. Нэг хүнээр төлөөлүүлж ойлгох буруу. Үзэл бодол нэгтэй, олон гишүүдийнхээ төлөө тэмцэх тэмцэлд орж байна гэж би ойлгож байгаа. Түүнээс нэг даргын асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Харин МАН-ын үзэл бодлыг дагаад явах итгэл үнэмшил алга болсон. Тэгээд л би сонголтоо хийсэн. Надад ч, танд ч сонголт хийх эрх нээлттэй шүү дээ.
-МАН-ын гишүүн байхдаа Сүхбаатар аймгаас нэр дэвшинэ гэж байсан. Харин одоо хаанаас нэр дэвших гэж байна?
-Нийт хамт олны эрх ашиг шаардвал түүгээрээ шийдэгдэнэ. Намын гишүүд, дэмжигчид дэвших шаардлагатай гэж үзвэл нэр дэвшинэ, үгүй гэвэл дэвшихгүй. Одоогоор намын хурлаа хийгээгүй байна. Сонгуулийн хуулинд бол тавдугаар сарын 19-25-ны хооронд нэр дэвшигчид тодорч дуусах ёстой. Энэ хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ.
-Сонгуулийн тухай хуулийн гулсах заалт Цэцийн дүгнэлтээр уначихсан. Энэ заалтыг МАН-ын гишүүд унагах нь зүйтэй гэж үзэж байсан. Та эсрэг байр суурьтай байсан уу, эсвэл тухайн үед намын дүрмээр олонхыг дагасан уу?
-Яахав ,намын байр суурь, улс төрийн чиг бодлогыг харгалзан үзэж байсан. Хамгийн гол нь сонгогч, ард түмэн ямар байр суурьтай байсныг нь ойлгуулах хэрэгтэй байсан. Ямар ч гэсэн Цэцийн дүгнэлт гарч энэ заалт унасан байна.
-Гаалийн Х.Баатар даргын хэрэгт таныг дахин шалгаж эхэлсэн гэж зарим хэвлэлээр гарч байсан. Танд энэ талаар албан ёсоор мэдэгдсэн үү?
-Тухайн үед намайг шалгаад, буруугүйг нь тогтоосон. Хэрэв би энэ хэрэгт холбоотой бол тухайн үед шийтгэлээ эдлээд л явах байсан шүү дээ. Дахин шалгаж байгаа талаар надад юм хэлээгүй, гэм буруугүй юм чинь шалгаад байх зүйл ч байхгүй. Хэрэв дахин шалгаж байгаа гэвэл зориудаар намайг оролдож байгаагийн илрэл л гэж би бодож байна.