2012.05.07

МАХН-ын дарга Н.Энхбаяр ухаангүй байна

-Н.Энхбаярын цусан дахь билирубины хэмжээ 51 мкмоль/л болсон нь үхэлд хүргэх аюултай гэнэ-


МАХН-ын гишүүн, Монгол Улсын гавьяат эмч, доктор, дэд профессор Л.Жамбалжав тэргүүтэй хүмүүс өчигдөр 20.00 цагийн орчимд МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Л.Жамбалжав хэлэхдээ “МАХН-ын дарга Н.Энхбаяр баасан гарагийн өглөөний 07.00 цагаас эхлэн хугацаагүй хуурай өлсгөлөн зарласан. Түүний биеийн байдлыг тодорхойлохоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг үзлэг, шинжилгээ хийсэн.

Шинжилгээний хариуг тавдугаар сарын 5-нд буюу бямба гарагийн 18.30 цагт танилцуулсан. Үзлэгээр МАХН-ын даргын биеийн байдал хүндэрснийг мэдэгдсэн билээ. Н.Энхбаярыг хуурай өлсгөлөн зарлахаас өмнө биеийн байдалд нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан. Гэтэл түүнийг өлсгөлөн зарласнаас нь хойш 24 цагийн дараа эмч нар очиж, биеийн байдалтай нь танилцсан.

Одоо өлсгөлөн зарлаад 50 гаруй цаг болж байгаа тул биеийн байдал улам хүндэрсэн. Одоогоор Н.Энхбаяр ухаангүй байгаа бөгөөд цусан дахь билирубины хэмжээ ихэсч, үхэлд хүргэж болзошгүй хэмжээнд хүрээд байна. Энэ цусан дахь билирубины хэмжээ 0-17 мкмоль/л байхад хэвийн гэж үздэг бол Н.Энхбаярынх 35 мкмоль/л болсон, дөнгөж сая авсан мэдээллээр /өчигдөр 20.00 цагийн орчимд/ 51 мкмоль/л болсон нь үхэлд хүргэх аюултай. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг III шатлалын эмнэлэгт шилжүүлэх нэн шаардлагатай байна” хэмээн мэдэгдлээ.

Харин түүний өмгөөлөгч О.Баасанхүү “Тэр хүн амь насаараа дэнчин тавьж байна. Энэ хүний амь нас Төрийн хамгаалалтын тухай хууль болон, Ерөнхийлөгчийн тухай хуулиар эрүүл мэнд, амь нас нь төрийн анхааралд байх ёстой. Тиймээс төр хариуцах үүрэгтэй гэж бид үзэж байна” хэмээлээ.

Ямартай ч экс ерөнхийлөгч Н.Энхбаяр одоогийн байдлаар ухаан ороогүй, биеийн байдал маш хүнд байгаа учраас эмч, мэргэжилтнүүд хэдийд ч зүрх нь зогсох боломжтойг анхааруулсаар байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.