Д.Тэрбишдагва: Шударга ёсыг тогтооход миний хариуцаж байгаа салбар чухал үүрэгтэй
-Шадар сайдаар анх томилогдоход тань ярилцлага авъя гэсэн ч та “Завгүй, ажил их байна” гэж хойшлуулсаар бараг сарын дараа уулзлаа. Таны ажиллаж буй Засгийн газрын “Шинэчлэлийн” гэдэг тодотгол ямар агуулгатай, мөн тэрхүү танхимд Шадар сайдын хариуцлагатай албыг хаших нь ямар онцлогтой вэ гээд олон асуулт гарч байна?
-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголчууд бид ардчилал, шинэчлэлийн тухай их ярьсан. Бид хүний эрхийн талаар ярьдаг атлаа үүрэг хариуцлагын тухайд дутуу орхисон зүйл олон байна. “Шинэчлэлийн” Засгийн газрын хамгийн чухал ажил нь хүмүүсийн үүрэг, хариуцлагыг сайжруулна. Аливаа улс орон хөгжихөд хамгийн их хариуцлага үүрч байгаа хүмүүс өөрсдөө манлайлах ёстой. Бусад улс орны туршлагаас үзэхэд, та бидний мэдэх хамгийн ойрын жишээнээс татахад Сингапур, Япон, Солонгос зэрэг улс орны удирдлагууд нь өдөрт тогтмол 12 цагаас дээш, шаардлагатай тохиолдолд 16-17 цаг ажилладаг. Тиймээс “Шинэчлэлийн” Засгийн газрын сайд нар ажлын өдрүүдэд өдөрт 12 цагаас дээш ажиллаж байна. Засгийн газрын хуралдааныг бямба гаригт явуулдаг боллоо. Манлайллыг бид өөрсдөөсөө эхэлж үүрэг, хариуцлага биднээс эхтэй гэж үзсэн. Бас нэг асуудал гэвэл өөрийн гэсэн тогтмол ажилтай, байнгын орлоготой хэн ч байсан сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах ёстой. Тиймээс ард иргэдээ ажлын байртай болгоход Засгийн газар түлхүү анхаарч ажиллана.
Олон жил ярьсан их бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй эхлүүлнэ зэргээр тоочоод байвал Засгийн газарт хийх ажил их байна. Нөгөө талаар та миний эрхлэх асуудлын хүрээнд хариуцаж байгаа салбарын ажлын онцлогийг асууж байх шиг байна. Шадар сайдын хийж гүйцэтгэх ажил маш их хариуцлагатай, ихэвчлэн сахилга, дэг журам, хяналт шалгалт хариуцсан салбарууд багтдаг. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газар л гэхэд осол аваар гамшиг, сүйрэл газар хөдлөлт, гал усны аюул, гэх мэтчилэн эх орны хаана хэзээ ч тохиолдож болох аюул эрсдэлийг хянаж, түүний эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх байнгын бэлэн байдалд байх ёстой. Тэнд сахилга хариуцлага, сонор сэрэмж өндөрт тавигддаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг Шадар сайд мөн хариуцдаг. Тэнд хяналтын тогтолцоо төвлөрч байгаагаас гадна хүнд суртал, авлигын асуудал мөнхийн сэдэв, байцаагч нарын мэргэжлийн ур чадварын талаар санал гомдол ихээр ирдэг.
Эдгээр нөхцөл шаардлагууд нь дээрх байгууллагуудад ажиллаж байгаа байдлаас боловсон хүчнийг чадавхижуулах, дадлагажуулах хэрэгтэйг харуулж байна. Хууль зөрчсөн хэн боловч хуулийн өмнө тэгш хариуцлага хүлээнэ. Байцаагчид шалгах ёстой ажлаа шалгадаг, тэр нь үнэн бодитой байж түүндээ хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Тэгэхгүйгээр албан тушаалтан, эрх мэдэлтэй хэн нэгнийг илж өнгөрүүлчихээд, жирийн иргэн, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хатуу ханддаг байж таарахгүй. Товчоор хэлэхэд “байцаагч нар шалгана, шалгасныхаа дараа хариуцлагыг өөрсдөө хүлээнэ” гэдэг зарчмаар ажиллах хэрэгтэй. Тиймээс миний зүгээс баримталж байгаа гол зарчим бол зөв зүйтэй шийдвэр, үнэн шударгын төлөө ямар ч албан тушаалтан, эрхтэн дархтнаас айж эмээлгүйгээр хуулийг жинхэнэ ёсоор хэрэгжүүл гэсэн шаардлага юм.
-Хуучин нэрээр тендерийн хороо, одоо Худалдан авах ажиллагааны газар гэж нэрийг нь өөрчлөөд байгаа агентлагийг Шадар сайд хариуцах болсон. Тэнд ямар шинэчлэл хийх вэ?
-Худалдан авах ажиллагааны газар улсын болон орон нутгийн хэмжээнд улсын төсвийн мөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажлыг зохион байгуулна. Тиймээс төрийн өмнө маш том хариуцлага хүлээсэн газар учраас сайн ажиллах ёстой. Бараа, үйлчилгээ худалдан авч байгаа зардал татвар төлөгчдийн мөнгө, та бидний хөрөнгө. Унтах нойроо хугаслан идэх хоолоо хасч, өдөр шөнөгүй ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид, үйлдвэр аж ахуйн газрууд, бизнесийнхний татварт төлж буй мөнгө. Тэр мөнгийг төсвийн байгууллагын тендер гэдэг нэрийн дор чанаргүй бараа, үйлчилгээ нийлүүлдэг байж таарахгүй. Төсвийн хөрөнгөөр хамгийн чанартай бараа, ажил үйлчилгээг худалдан авах ёстой. Гэтэл өнөөдөр гэхэд хэчнээн олон чанаргүй зам баригдаж байна вэ. Зам, эрчим хүчний асуудлаас эхлээд олон зүйл дээр улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа, ажил үйлчилгээний чанарыг сайжруулж шударга ажиллаж байгаа хариуцлагатай компани, аж ахуйн нэгжийг шалгаруулахад анхаарна. Чанаргүй бараа ажил, үйлчилгээ нийлүүлэхийг оролдсон гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн компаниуд дээр “хар түүх” хөтөлж дараагийн удаа тендерт оролцох эрхгүй болгох арга хэмжээг нь ил тод хэрэгжүүлнэ. Үүнтэй адил зарчмыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мөн хэрэгжүүлнэ. Шударга, өрсөлдөөнийг тогтоохын тулд монополь эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж ард түмнийг хохироож байгаа явдлыг таслан зогсоох болно. Энд зориуд нэг зүйлийг дахин онцолж хэлэхэд, олон хүнийг ажлын байраар хангаж, улс эх орондоо шударгаар өндөр татвар төлж байгаа, ажил хэрэгч хүмүүсийг монополь байна гэж үзэж ажлыг нь зогсоож болохгүй. Үүний нөгөө талд хэрэглэгчээ, иргэдээ хохироосон нь шалгалтаар тогтоогдсон байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож яагаад болохгүй гэж.
-Олон жил ярьж, шүүмжилж байгаа ч ахиц гардаггүй Оюуны өмчийн газар болон шударга зарчим алдагдаж байна гэж хэл ам таталдаг Стандарт хэмжил зүйн газарт ямар зарчим хэрэгжүүлэх вэ?
-Бид оюуны өмчийн талаар олон асуудал ярьдаг. Монголчууд эртнээсээ оюунлаг ард түмэн. Тиймээс оюуны өмчийг зөв бүртгэж, монголчуудынхаа бүтээсэн оюуны гайхамшгийг дэлхийд зарлахад анхаарах нь чухал. Стандартчилал хэмжил зүйн газарт Европ стандартыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Бүх зүйл стандарт бус болчихоод байгаа өнөөгийн нөхцөлд бүгдийг стандартын дагуу хийж, цаашид хэвшүүлэх нь чухал байна.
-Ингэхэд Засгийн газар байгуулагдаж сайд нар томилогдоод нэг сар болж байна. Та ажлаа хаанаас эхлэв?
-Хариуцсан байгууллагуудаараа орж ажил байдалтай нь танилцаж яг ямар үйл ажиллагаа явуулж байгааг өөрсдийнх нь амнаас сонссон. Ажлын хариуцлагатай, сахилга баттай манлайлалтай ажиллана шүү” гэдгийг очсон газар бүртээ захисан. Төрд ажиллаж байгаа та бидний манлайллаас ажил эхэлнэ. Ажилдаа хариуцлагатай хандаж, үүрэг хариуцлагыг сайжруулна.
-Манайд сахилга, хариуцлагын асуудал ярихаар эсрэгээрээ айдас, хүйдэс төрүүлсэн зүйл болж хувирдаг. Халж, солих гэж байна гээд л түгшдэг, бужигнадаг ийм зуршил бий болоод удаж байна шүү дээ?
-Ёс зүйтэй, ажлын цагтаа багтааж ажлаа хийдэг, цаг баримталдаг байх нь айдас төрүүлсэн зүйл биш. Хариуцлагагүй хүмүүс л халж, солих гэж байна гэж айдаг байх. Айж эмээх зүйлгүй ажлаа бардам сайн хийдэг л бол тухайн хүний ажлыг хэн ч байсан дэмжээд хамтран ажиллана. Би өмнө нь хэлсэн. Сахилга, хариуцлагын асуудлыг бүх газарт анхааруулахаас ажлаа эхэлсэн. Одоо очсон бүх харъяа газрууддаа Шадар сайдын албан даалгавар гардуулж өгөхөөр бэлтгэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Албан даалгаврыг ажил гэж бодож хэрэгжүүлэх ёстой.
-Засгийн газар болон, таны хариуцсан салбарт бүтэц зохион байгуулалтын болон шийдвэрлэх асуудлуудын хүрээнд ажил хэр цэгцэрч байгаа вэ?
-Сарын хугацаа гэдэг урт юм шиг атлаа бас богино юм. Энэ хугацаанд бид хамтарсан Засгийн газар байгуулахаар гэрээ хэлэлцээр хийж, үйл ажиллагааныхаа хамтарсан мөрийн хөтөлбөрийг боловсрууллаа. Одоо 2013 оны улсын төсөв дээр ажиллаж байна. Ажлын өдрүүдээс гадна хагас, бүтэн сайнд амралгүй сууж ажилласнаар амжуулсан зүйлүүд нэлээд байна. Бүтэц, зохион байгуулалтын тухайд яарч хийхээс илүү хаана юуг нь шинэчилвэл орон тоо хэмнэх вэ, аль салбарт ажил сайжруулах үүднээс орон тоо, зохион байгуулалтыг яаж өөрчлөх вэ гэдгээс эхлээд цаг хугацаа шаардсан ажлууд бий. Нэгэнт бий болсон бүтцийг өөрчлөх гэж яарах хэрэггүй юм. Тэнд төрийн ажил явж байна. Шадар сайдын хариуцсан ажлын хүрээнд худалдан авах газрын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг ярьж байгаа. Энэ нь олон нийтийн анхаарлыг татсан асуудал учраас маш нээлттэй ажиллах хэрэгтэй. Цахим хэлбэрт шилжүүлбэл хүнээс хамааралтай байдлыг багасгаж, нөгөө талаас цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдолтой.
-Та УИХ-д олон удаа сонгогдож төр түшилцсэн манай мэргэшсэн парламентчдын нэг. Засгийн газарт дэд сайд болон салбарын сайдаар ажиллаж байсан туршлагатай. Эв нэгдлийн, Их эвслийн, Стандарт бус гээд янз бүрийн тодотголтой ажиллаж ирсэн өмнөх Засгийн газруудаас таны алба хашиж буй Н.Алтанхуягийн танхим юугаараа онцлог байх бол?
-Монгол хүний олон сайхан зан чанар бий. Тухайлбал, монголчууд жудагтай байна гэж ярьдаг. Түүнтэй адил бид өмнөх үедээ жудагтай хандаж, сайн зүйлүүдийг нь авч цаашид бодлогодоо тусгах ёстой. Хийсэн бүтээсэн зүйлийг бүгдийг нь харлуулж болохгүй. Өмнөх үеэ харлуулсан улс орон хөгждөггүй. Өмнөх түүхийнхээ сайн мууг нь ялгаж, тэрхүү түүхэн үед бүтээгдсэн зүйлүүд, түүхэн хүмүүсээ хүлээн зөвшөөрч байх нь дараа дараагийн ажиллах хүмүүс болоод ирээдүй хойчид туршлага, нэг ёсондоо үндэс суурь болж өгнө. Өмнөх Засгийн газруудад би бүгдэд нь ажиллаж байсан. Сайн зүйлүүд ч, сул тал ч их бий. 2000 онд би Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэд сайдаар ирж байлаа. Газар тариалангийн салбар нурчихсан, улсын хэмжээнд үйлдвэрлэж байгаа улаан буудайнхаа 23-хан хувийг дотооддоо хангадаг, малын тоо толгой 25 саяас илүү гардаггүй байсан бол өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдсөн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд улаан буудайн хэрэгцээг 100 хувь дотооддоо хангадаг, малын тоо толгой өсч 40 саяд хүрсэн, жил бүр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Миний хариуцаж байсан салбарын ажлаас эхлээд “Мянганы зам”-ын бүтээн байгуулалт, авто замын сүлжээ гээд томоохон ажлуудыг аваад үзэхэд өмнөх Засгийн газруудад үр дүнтэй ажилласан, хийсэн бүтээсэн зүйлүүд олон бий.
Гэхдээ тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сайн байгаагүй. Зах зээлд шилжээд удаагүй байсан үед үйлдвэр аж ахуйн газрууд нурчихсан, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж чадаагүй. Гадаад зах зээлд ашигт малтмалын үнэ өсөөгүй хүнд байсан 2000 оны үеийн Засгийн газрууд сайн ажиллаж ирсэн. 2004 оноос дэлхий нийтийн хэмжээнд уул уурхай, ашигт малтмалын салбарыг ихээхэн сонирхож, Монгол Улс өөрөө сонирхолтой улс болж эхэлсэн. Ялангуяа 2008-2012 оны Засгийн газар уул уурхайн салбарт Монголын баялгийн сүр дуулиан болж байсан үе. Дэлхий нийт Монголыг сонирхож эхэлсэн. Үүнийгээ дагаад ДНБ-ий хэмжээ өсч эдийн засгийн хувьд таатай үе тохиосон. Одоо дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэнэ гэж байгаа ч Монгол Улс түүнээс ухаантай гарч чадах юм бол боломж бий. Шинэчлэлийн Засгийн газар өмнөх үеийн байгуулсан сайн зүйлүүдийг авч, саарыг нь хаяад ажлаа үргэлжлүүлэх ёстой. Шударга ёсыг тогтоох, их шинэчлэл, бүтээн байгуулалтыг хийх боломжтой үе тохиож байгаа учраас бид аль болохоор Засгийн газруудын өмнөх алдаа дутагдлыг давтахгүй ажиллана.
-Шинэчлэлийн Засгийн газар шударга ёс тогтооно, шинэчилнэ гэж байгаа. Засгийн газарт хамтран ажиллаж байгаа танай намын хувьд мөн шударга ёсыг тогтоохоо амлаж, эвслээ ингэж нэрлэн сонуульд оролцож, сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан. Та бүхний дэвшүүлсэн шударга ёсны зарчмууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэр туссан бэ. Нөгөө талаар шударга ёсыг тогтоох амаргүй болов уу?
-Шударга ёсны талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боломжийн хэмжээгээр тусгагдсан. Мэдээж намынхаа мөрийн хөтөлбөрийг тэр чигээр нь үг үсэг гээлгүй оруулах боломжгүй шүү дээ. Гурван субьект Засгийн газрыг бүрдүүлж байгаа учраас өөрсдийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зүйлүүдээ оруулахыг зорьсон. Нам, эвслийн мөрийн хөтөлбөрт давхацсан зүйл олон бий. Гурвууланг нь нийлүүлж ерөнхий болгож оруулсан зүйлүүд ч байгаа. Тус тусад тусгасан асуудлууд ч байна. Тэрхүү мөрийн хөтөлбөрийг биелүүлж чадвал шударга ёсыг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулна. Засгийн газар мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн шударга ёсыг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна УИХ-аас ч шударга шийдвэр гарч байх ёстой. Тэндээс гарсан хууль, тогтоомжийг Засгийн газар хэрэгжүүлдэг байх учиртай. Шударга ёсыг тогтооход миний хариуцаж байгаа салбар их чухал үүрэгтэй. Ийм байхыг ч биднээс шаардаж байгаа. Нэг үгээр хэлбэл, эвслийн маань нэр “Шударга ёс”, хариуцаж байгаа салбарууд бүгд шударга ёс, сахилга хариуцлагатай холбоотой. Нөгөө талаас шударга ёсыг тогтоох амаргүй гэдэгтэй би санал нийлнэ. Харъяа салбаруудын ажилтай танилцаж явахад ялангуяа Мэргэжлийн хяналтын газраас гаргасан судалгаанаас үзэхэд олон газарт байцаагч нар акт тавьчихсан байна. Гэтэл тэр актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа газрууд нь цаанаа улс төрийн том эзэнтэй, хууль хүчний байгууллагын нөлөөтэй байх жишээтэй. Ийм газрууд ихэвчлэн байцаагч нарын өгсөн үүрэг даалгаврыг үл тоомсорлодог нь харагдсан.
-Мэргэжлийн хяналтын газар болзошгүй аюул, ослоос урьдчилсан сэргийлэхэд анхаардаг бол аюул, осол болоход авран хамгаалах үүрэгтэй аврах албаныхан ажлын багажгүй, хамгаалах хэрэгсэл дутмагаас өөрсдөө аюулд орж байна гэсэн мэдээлэл дуулддаг. Засгийн газрын төвшинд энэ асуудалд хэрхэн анхаарах вэ?
-Хариуцлагагүйн зуд улс орны хэмжээнд газар авсан байна. Тиймээс миний түрүүнд хэлсэн үүрэг, хариуцлагыг сайжруулах нь чухал. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Бид манайлалыг өөрсдөөсөө эхлүүлье гэж байгаа шиг дунд шатны албан тушаалтнууд хүнд суртлаа арилгах талаар мөн санаачилга гарган ажиллах ёстой. Нөгөө талаас хяналт, шалгалтыг бодлогогүй хэт хавтгайруулбал иргэд, аж ахуйн байгууллагын үйл ажиллагаанд дарамт учруулж мэдэх аюул байна. Тийм учраас хяналт гэдэг нь иргэн бүрийн үүрэг юм. Иргэдээ манлайлж, мэргэжил арга зүйн талаас нь тэдэнтэйгээ хамтарч ажиллах нь төрийн байгууллагын үүрэг, зорилго байх ёстой. Онцгой байдлын ерөнхий газрын хувьд хүний амь нас аврах, аюул гамшгийг арилгахад анхаарч галын шугамд ажилладаг төрийн тусгай албан хаагчид. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг төр анхаарч зохих хамгаалалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах боломжоор нь хангах ёстой. Нөгөө талаас хүний хүчин зүйлтэй холбоотой асуудлууд ч бас байна. Тухайлбал, түймэр гэхэд л тэр бүр гараад байдаггүй хувь хүний сахилга, хариуцлагатай холбоотой. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, үер усны аюул зэрэг хүнээс үл хамаарсан зүйлүүдэд Онцгойгийнхон бэлэн байдалд байх ёстой. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газрын харъяанд тоног төхөөмжийг сайжруулах ажил хийгдэж байгаа. Гэхдээ сэтгэлд хүртэл хийсэн зүйл алга.
-Сүүлийн үед мэргэжлийн хяналтын газрыг чиглэсэн шүүмжлэл нэлээд өрнөж байна?
-УИХ-аас ажлын хэсэг гарсан. Хариуцлага аль шатанд сул байгаа нь ажлын хэсгийн шалгалтаар тодорхой болох байх. УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн хяналт, шалгалтаар ямар нэгэн дүр зураг гарна гэдэгт найдаж байна. УИХ өөрөө ард түмний төлөөлөл учраас хүний амь нас эрсдэж буй хариуцлагагүй байдлыг шалгах учиртай. Ажлын хэсэг зөвхөн барилгын тухайд бус аваар осол гарч байгаа асуудлууд юунаас болж байгааг олж тогтооход анхаарах шаардлагатай. Мэргэжлийн хяналт гэдэг цаасаар хяналт тавих биш, газар дээр нь очиж заавар зөвлөгөөг урьдчилан өгдөг байх ёстой. Миний хувьд ч гэсэн хариуцлагагүй, сахилга батгүй ажилтнуудад хариуцлага тооцох болно. Цаашид хариуцлагагүй байдлыг яаж таслан зогсоох вэ гэдэг хамгийн чухал. Би ярилцлагын эхэнд хэлж байсан “Бид эрх, үүрэгтэй. Гэтэл эрхээ эдлээд, үүргээ орхигдуулаад байна” гэж. “Эрхийн мангар болно” гэж монголчууд үр хүүхдээ болгоомжлуулдаг шүү дээ. Үүнтэй адил эрх чөлөөт монголчууд маань эрх ярьсаар үүргээ мартаж “Эрхийн тэнэг” болоод байгаа тал байна. Нийтийн үүрэг гэж бий. Үүргээ биелүүлж хариуцлагаа ухамсарлаад ажлаа зөв хийж үр дүн гаргая. Дор бүрдээ ингэж ажиллаж чадвал байдал өөр болно.
-Та өөрийн ажиллаж буй салбарын хүрээнд сахилга, хариуцлагыг сануулж бас уриалсан албан даалгаврыг гардуулна гэсэн. Харин ажил хүлээж авснаас хойш хэвлэлд өгсөн анхны ярилцлага энэ болов уу. Тиймээс Монгол Улсын Шадар сайдын хувьд ард иргэддээ хандаж юу хэлэх бол?
-Засгийн газрын гишүүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд, намын дэд даргын хувьд гээд олон ажил бий л дээ. Салбарынхаа ажилтай танилцаж, үүрэг чиглэл өгөхөөс эхлээд завгүй л ажиллаж байна. Гэхдээ би ийм юм хийчихлээ гэж рекламдаж сурталчлахаас илүү 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэл ямар ч гэсэн энэ эрчээрээ ажиллахад хариуцсан газрууд маань эмх цэгцэнд орчих байх гэж найдлага тавьж, түүндээ гол анхаарлаа төвлөрүүлж байна. Эхний үр дүн 2013 оны нэгдүгээр сараас харагдах болов уу. “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй байж гутал тайлна” гэдэг шиг юу юуны туханд хүрэлгүй хэвлэлээр ярих утгагүй. Мэдээж ажлын талаар сонин, хэвлэлээр ярьж мэдээлэл өгөх нь зөв ч эхлээд ажлаа хийе, үр дүнг нь харуулъя. Гол нь амаар биш ажлын амжилтаар үзүүлье гэж бодож байна.
Монгол Улсын Шадар сайдын хувьд ард түмэндээ хандаж хэдэн зүйлийг хэлж, Монголчууддаа уриалахыг хүсч байна. Манай улс хоёр том гүрний дунд оршдог. Бидэнд өвөг дээдсээс үлдээсэн их түүх, түүхийн асар их бахархал бий. Өвөг дээдэс маань дэлхийд гайхагдсан их түүхийг бүтээхийн тулд зүгээр нэг дайн тулаан хийж дэлхийг тойроогүй, асар их хөдөлмөрч, маш эв нэгдэлтэй, Эх оронч хүмүүс байсан. Энэ бүгдийг цаашид өвлөн хамгаалах ёстой. Мөнхийн хөрш болсон хоёр их гүрэнтэйгээ өрсөлдөх чадвартай байхын тулд хүн болгон оюунлаг, ажилсаг, эх оронч байх нь бидний маш том бахархал бөгөөд хийж чадах ёстой ажил. Хүн болгон улс орынхоо язгуур эрх ашгийн төлөө зүгээр ярьж шүүмжлэх бус ажил хийдэг эх оронч баймаар байна. “Эх орондоо хайртай байна гэдэг эх орноосоо юу хэрэгтэйгээ шаардах бус би эх орондоо юу хийж бүтээж чадах вэ гэж асуухаас эхэлнэ” гэсэн үг бий. Монгол хүний бүтээсэн юм болгон эх оронд чинь, үр хүүхдэд чинь үлдэнэ. Тиймээс хүн болгон түүний төлөө ажиллаасай гэж уриалъя.