2012.08.24

Эрүүл мэндийн дэд сайдаар Л.Жамбалжав эмч ажиллана

Маргааш хуралдах Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудын томилгоо хийгдэнэ. Намуудаас яригдаж байгаа дэд сайдууд ихэнхи нь залуу хүмүүс байгаа ч зарим нэг хашир, туршлагатай хүмүүсийг салбарын дэд сайдад тавихаар яригдаж байгаа билээ.
 
Тухайлбал, Эрүүл мэндийн дэд сайдад МАХН-аас Хан-Уул тойрогт нэр дэвшиж байсан, Монгол Улсын хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжав томилогдох нь тодорхой бололтой. Намын гүйцэтгэх товчооны гишүүд Л.Жамбалжав эмчийг салбараа маш сайн мэддэг, анагаах ухааны салбарт насаараа ажиллаж бүхий л зовлон жаргалыг нь ойлгодог, мэддэг хүн гэж үнэлсэн байна.
 
Тэрбээр, хэдэн жилийн өмнө монголд гарсан H1N1-ийг эмчлэхэд халуун цэг дээр ажиллаж байсан туршлагатай эмч. Дэд сайдуудын томилгоо МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө хийж байгаа. Тиймдээ ч өөрөөс нь хэзээ ч урвахгүй, өөрийнх нь хүндлэлийг хүлээсэн хүмүүсийг энэ албан тушаалд тавина гэдгээ намын удирдлагуудад мэдэгдэж байсан. Л.Жамбалжав эмчийн хувьд үзэл бодолдоо үнэнч байж, хэзээ ч хэнээс ч урвахгүй гэдгээ экс төрийн тэргүүнд хангалттай харуулж, асар том үнэлгээ авсан гэдэг нь тодорхой байна.
 
Л.Жамбалжав нь 1949 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн бөгөөд одоо "Монмэс" эмнэлэгийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа аж. Өмнө нь Улсын клиникийн төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд эмнэлгийн бүх хэсэгт ажиллаж байсан туршлагатай. Харин улс төрийн сонгуульт ажил нь  МАХН,МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Хан-Уул дүүргийн МАХН-ын Мянгатын дарга юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.