Д.Тэрбишдагва: Бага хурлаар шинэ Засгийн газар байгуулах эсэхээ ч ярих хэрэгтэй
-Сая АН засгаас гарчихлаа. Одоо л стандарт Засгийн газарт шилжиж байх шиг байна…
-Аливаа зүйл стандартын дагуу, хууль зөрчихгүй байх ёстой. Хэрэв эвдэж, зөрчвөл замбараагүй зүйл рүү хөтөлдөг. Тиймээс л Монгол Улсын Үндсэн хууль зөрчин байж стандарт бус засаг байгуулж болохгүй гэсэн байр суурьтай байсан юм. 2008 онд буюу сонгуулийн дүн гарсны дараа МАХН-ын Бага хуралд хамтарсан Засгийн газар байгуулах асуудлыг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр гэнэт оруулж ирсэн л дээ. Уг нь манай намынханд ингэнэ гэсэн төсөөлөл огт байгаагүй. Энэ намын төлөө гутлынхаа улыг эргэтэл явсан гишүүд дангаараа Засгийн эрх барина гэж бодож байлаа.
Тэгсэн С.Баяр Стандарт бус Засгийн газар байгуулах болсноо зарласан. Гэтэл үүнийг нь буруу, хүлээн авахгүй гэж байсан намын гишүүд Бага хурал дээр намын дарга илтгэл тавьсны дараа илбэдүүлсэн юм шиг хувирсан даа. Энэ шийдвэрийг дотроо дургүйцэн хүлээж авсан ч байр сууриа илэрхийлээгүй, олонхио л дагахаас гээд аман дахь үгээ цааш нь залгисан хүмүүс ч цөөнгүй байсан. Хуралд суугаад гараа өргөвөл хамтрахыг нь дэмжсэн болчихно гээд ирээгүй хүмүүс ч бий. Мөн ийм шийдвэр гаргасан нь ямар учиртайг асууж, эсэргүүцлээ илэрхийлж байсан гишүүн ч цөөн хэд байсан.
-Хамтарч засгаа байгуулахыг эсэргүүцэж Бага хурал дээр босож ширүүхэн шүүмжилсэн ганцхан хүн нь та л байсан юм биш үү. Өөр хүмүүс байр сууриа илэрхийлээгүй бараг 100 хувийн саналаар дэмжсэн гэдэг юм билээ?
-Үндсэн хууль зөрчсөн, буруу зүйл хийж байна гэдгийг тухайн үед хэлж байлаа. Ер нь дэлхийд засгийн эрхийг хамтарч барьдаг жишээ бий л дээ. Тухайлбал,Израйль, Германд хамтарч засгаа байгуулж байсан. Гэхдээ голлох хоёр нам нь сонгуулиар ойролцоо санал авч парламент дахь суудлын тоо хэт зөрүүтэй байгаагүй тохиолдолд шүү дээ. Харин манай нам илэрхий олонхын суудал авчихаад ийм шийдвэрт хүрч болохгүй, энэ нь тулгуур хуулийн зарчимтай харшилдаж байна гэж хууль зүйн үндэслэлийг тайлбарласан ч тоогоогүй ээ. Харин ч намайг ингэж хэлсний төлөө эвэртэй туулай үзсэн юм шиг загнацгаасан. Үнэндээ тэр үед бол одоогийн МАН-ыг дугуйлж, үйл хэргийг нь дэмждэг гишүүдийнхээ саналыг уландаа гишгэсэн хэрэг. Тиймээс энэ хууль бус үйл ажиллагаа хэзээ нэгэн цагт нурж унана гэж боддог байсан. Тэр ёсоороо л боллоо. АН засгаас аль эрт л гарах хэрэгтэй байсан юм. Уг нь хамтраагүй бол хяналт сайтай, ажил ч урагштай, илүү үр дүнтэй байх байсан гэж боддог.
-АН-ыг сонгуулийн өмнө засгаас гарч шоу хийлээ гэж шүүмжилж байгаа л даа?
-Гурван жил дөрвөн сар хамтарч ажиллачихаад сонгууль болоход хэдхэн сар үлдэж байхад засгаас гарлаа гэж байгаа нь жудаггүй л шоу. АН-ын удирдлага нь “Бид 3.4 жил маш их зүйл хийсэн” гээд яриад байх юм. Тэгтэл сая болсон ҮЗХ-ны хурлаас нь харахад гишүүд нь тэднийг “Олигтой ажилласангүй” гэж хатуу шүүмжилж байна лээ. Оюу толгойн гэрээ сайн болоогүй. Эрүүл мэндийн салбар ямар байгаа билээ. Байгаль орчин сүйдэж байна. Хөрсний бохирдол, утаанаас эхлээд санаа зовоосон асуудал шийдэгдээгүй л байна. Улаанбаатар хотод таван метрийн цаадах зам харагдахаа байтлаа гамшгийн байдалд хүрлээ. Ийм байхад бүх зүйл сайхан болсон гэж ярихаасаа ичээч.
Сангийн яам эдийн засгийн хямралыг онцгой сайн давсан гэж сайрхаад байна. Үнэндээ дэлхий нийтэд санхүүгийн хямрал эхлээд зургаа, долоон сар болчихсоны дараа л манай улс мэдэрсэн байдаг шүү дээ. Төрийн данхайсан бүтцийг багасгаж, төрийн албан хаагчдын тоог бууруулах зэргээр бүсээ чангалсан бол манай улс санхүүгийн хямралыг ямар ч эрсдэлгүй давж гарах боломж байсан Гэвч ингээгүй хэрнээ гавьяа байгуулсан мэтээр ярьж болохгүй. Хоёр жилийн дотор төмөр зам тавьчихна гээд байсан, хаана байна. Бүх аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбоно, иргэдийг орон сууцжуулна гээд байсан. Бүтсэн юм юу ч алга. Ийм байж хамтарч чаддагаа харууллаа гэж яриад байх юм. Үнэхээр хамтарч чаддаг байсан юм бол гэрээгээ дуустал нь ажиллах хэрэгтэй биз дээ гэж гишүүд нь шүүмжилж байна лээ. Үүнийг би бодиттой шүүмжлэл гэж бодож байна. Ингэж ажиллачихаад бид үнэхээр үүргээ сайн гүйцэтгэлээ, ард түмнийхээ эрх ашгийн төлөө засгаас гарлаа гэж шоудаж болохгүй. Тиймээс жудаггүй гэж хэлээд байгаа хэрэг. Өнөөдөр Монгол Улсын ядуурлын түвшин өсөөд байна.
Үнэхээр хэлсэн шигээ сайн ажилласан бол энэ үзүүлэлт буурах ёстой л баймаар. Хамгийн ичмээр нь хамтарсан үедээ бараг чуулганы хуралдаанд ховор орж ирдэг, барагтаа үг дуугардаггүй байсан сайд нар одоо “хэлд орчихоод” шүүмжилсэн үг хэлдэг болсон байна лээ. Тэр Н.Алтанхуяг сайдыг хар. Яагаад хамтарсан Засгийн газарт байхдаа үгээ хэлж болоогүй юм бэ. Тэгсэн бол ажил илүү үр дүнд хүрэх байсан юм биш үү. Ардчилсан нийгэмд хамтарч засаг барьж байгаа ч болохгүй, бүтэхгүй зүйлийг шүүмжлэх нь эрүүл, байх л үзэгдэл биз дээ. 3.4 жил таг дуугүй явж ирчихээд одоо нэг сүрхий шударга царайлах нь зохимжгүй харагдаж байна. АН-ын дарга Н.Алтанхуяг “Бид энэ хугацаанд лааз өшиглөсөнгүй.
Ажилтай байлаа” гэж баярлаад байна лээ. Бас энэ хугацаанд санаанд хүртэл ажилласангүй. Тээг саад тавиад гээд хариуцлагаас бултах гэж үзэж байх шиг байна. Олон түмэн тэнэг биш. Хэн юу хийж, юу гэж хэлж байсныг мартаагүй тодхон санаж байгаа. Монгол хүний жудаг байна даа, хэлсэн ярьснаасаа буцаад, хийсэн зүйл рүүгээ нулимаад, бусдад буруугаа тохох гээд байгааг нь харахаар тус намын гишүүн Бурмаа ҮЗХ-ны хурал дээр хоншоортой байх хэрэгтэй гэж сануулсан нь оносон үг шүү.
-Жинхэнэ сөрөг хүчний байр сууриар зөв шүүмжлэл өрнүүлнэ гэдгээ Н.Алтанхуяг дарга хэлээд байсан л даа?
-Үнэхээр өнгөрсөн хугацаанд асуудалд бодиттой хандаж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж ажилласан бол баяр хүргэх сэн. 3.4 жил зөөлөн суудалд шигдэж суухын тулд намынхаа нөхдийн шүүмжлэлийг хүлээж авахгүй, хамтарсан нь үр дүнтэй гэж гүрийчихээд одоо шударга царайлах хэрэггүй. Баасан гаригийн чуулганы хуралдаан дээр АН-ын дарга “Ерөнхий сайдад нэг асуудал тавиад жил боллоо. Биелсэнгүй” гээд яриад эхэлнэ лээ. Сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдэж байхад бурууг нь хэлж өгдөг сөрөг хүчин боллоо гэхээр олон түмэн баярлаад нээрээ тийм шүү гэж итгэх нь хэр л бол. Харин өнгөрсөн хугацаанд АН дотор сөрөг хүчний дайтай ажилласан шударга зарчимч гишүүн олон байсан шүү. Тэдэнд л баярлах хэрэгтэй.
-Долдугаар сарын 1-ний хэргийг замхруулах гэж хамтарч засаг байгуулсан гэвэл санал нийлэх үү?
-Ямар ч байсан АН-ын тодорхой олигархи хэсэг хэдэн жил лааз өшиглөлгүй, дулаахан газар, тухтай сайхан ажил хийлээ шүү дээ. Долдугаар сарын 1-ний асуудлаар чимээгүй байх гэж хамтарсан Засгийн газар байгуулсан гэхэд хилсдэхгүй.
-Тэгвэл Ардчилсан нам МАН-д тус болсон юм биш үү. Таван хүний аминд хүрсэн ялаас МАН-ыг аварчээ?
- Таван хүний амийг МАН руу түлхээд байх шаардлагагүй. Долдугаар сарын 1-ний хэргийг хэн турхирав. Мод шууд шатчихгүй. Шүдэнзээр зурж гал асаана. Тэр шүдэнзийг хэн асаасан юм.Сонгуулийг хэн луйвардсан юм гэдгийг баримттай ярих хэрэгтэй. Хоёр намын аль алинд нь асуудал байсныг үгүйсгэхгүй. Гээндээ ч бий, гоонодоо ч бий гэдэг дээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ бүхнийг ил тод гаргаж байсан даа. Үнэндээ долдугаар сарын 1-нд иргэдийг олноор нь цуглуулж, өдөөн хатгасан нь ч буруу. Сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад ялалтаа тэмдэглэсэн нь ч буруу. Уг нь аль аль нь ширээний ард суугаад ярих ёстой байсан. Тиймээс долдугаар сарын 1-ний учир шалтгааныг цогцоор нь шалгаж нягтлах хэрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл ийм ажлын хэсгийг УИХ-аас байгуулаагүй. Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжинд асуудлыг цогцоор авч үзэж судлахыг үүрэг болгосон байдаг. Гэтэл хүчний байгууллагын уялдаа холбоог шалгах, хүний эрхийг зөрчсөн эсэхийг тогтоох гэсэн ажлыг хэсэг л байгуулсан болохоос бүхэлд нь авч үзэх ажлыг хэсэг ажиллуулаагүй нь алдаа. Үнэндээ таван хүний амиар наймаалцсан Засгийн газар шүү дээ.
-АН засгаас гарахаа мэдэгдсэний дараа танай намын дарга их харамсаж байгаагаа илэрхийлсэн л дээ. Ингэх хэрэг байсан юм болов уу?
-Энэ бол харамсаад байх шаардлагагүй зүйл. Хууль бус үйл ажиллагаа хэзээ нэгэн цагт хууль зүйн дагуу болох л ёстой байсан. Үнэндээ манай дарга харамссан илэрхийллээр баярласан юм болов уу гэж бодсон шүү.
-Тэгэхээр одоо МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх нь. Танай намд зургаан сар ч болтугай сайдын суудалд суучих санаатай гишүүн нэлээд байх шиг байна…
- Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг МАХН буюу одоогийн МАН-ын Бага хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн байдаг. Гэтэл засагт хамтарч байсан нам нь гарч байгаа юм бол энэ асуудлыг манай намын Бага хурал дахин хэлэлцэх ёстой. Тиймээс Бага хурлынхаа товыг зарлан хуралдуулах хэрэгтэй байна. АН-ын сайд нарын оронд МАН-аас нөхөн томилгоо хийх үү эсвэл Засгийн газраа шинээр байгуулах уу гэдгээ ярих хэрэгтэй. Шинэ засаг бүрдүүлнэ гэвэл хамтарсан Засгийн газрыг анхнаасаа эсэргүүцэж, Үндсэн хуулиа дээдэлж байсан, шударга, зарчимтай, нэр цэвэр, хариуцлагатай хүмүүсийг Засгийн газарт оруулах ёстой. Би өөрөө сайд болох гээд ингэж ярьж байгаа юм биш. МАН бол чадварлаг боловсон хүчин ихтэй. Хамтарсан засаг байгуулсан шиг чухал зүйл алга гээд амаа олохгүй магтаж байсан нөхдүүдийг сайд болговол логикийн хувьд тохиромжгүй. Тэд хамтарсан засгийн газрыг муулах шаардлага гарна. Тэгэхээр өмнө хэлснээ мартчихаж, зүсээ хувиргалаа, албан тушаалд шунаад хэлсэн үгнээсээ буцлаа гээд бөөн шүүмжлэл дагуулах байлгүй. Тиймээс энэ мэт зүйлийг ч бодолцох хэрэгтэй. Зургаан сарын хугацаанд юу хийж амжуулдаг юм гэж байна. Гэвч хийе гэсэн сэтгэл, зүтгэл байвал тийм ч богино хугацаа биш шүү дээ.
-Хамелеон шиг хувирдаг нөхдүүдийг сайд болгож болохгүй л гэж хэлэх гээд байгаа хэрэг үү?
-Алга урвуулахын адил хувирдаг нөхдүүдээр Засгийн газраа бүрдүүлж болохгүй. Энд нэг жишээ яръя л даа. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Рон Паул гэж 76 настай хүн бий. Тэрээр 30 жил сенатад суусан.Гэтэл түүнийг дэмжигчдийн 50 орчим хувь нь 35 хүртэлх насны залуус байна. Яагаад гэвэл Рон Паул 30 жил парламентад суухдаа өөрийнхөө үзэл бодолд үнэнч явжээ. Улс орныхоо төлөө хэлсэн үгээсээ хэзээ ч урваж, өөрчлөгдөж байгаагүй юм байна. Үүнээсээ болж намтайгаа зөрчилдөх тохиолдлол ч гарч байжээ. Тиймээс нам нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй хүн гэж үзэн сунгаанд оролцуулаад байна. Одоогийн байдлаар чансаагаараа дээрээсээ хоёрдугаарт явж байгаа. Ер нь зарчимч, шударга,хэлсэн ярьснаас буцаад байдаггүйгээрээ үлгэрлэж байгаагаас нь суралцах хэрэгтэй. Гэтэл манай улстөрчид яадаг билээ. Улс төрчдийн хэлсэн үгэнд нь анализ хийгээд үзвэл мөн ч сонирхолтой зүйл гарна даа. Өнөөдөр ард түмэндээ хайртай болж ярьчихаад маргааш нь өөрийнхөө эрх ашгийн үүднээс дуугардаг, үйл ажиллаага явуулдаг хүн олон бий.
-Тэгэхээр С.Батболдын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох нь зөв гэж та үзэж байна уу. Гэхдээ Засгийн газрын гишүүдийн тал нь огцрох өргөдлөө өгөх ёстой гэж хуульд заасан байдаг бил үү?
-Манай намын дарга энэ асуудлыг өөрөө санаачлах ёстой. Бага хурлаар шийдсэн асуудлыг намаараа дахиад ярих хэрэгтэй. 14 сайдын ажлыг аваад явах чадвартай хүмүүс манай намд олон бий. Ер нь “гэрийнхээ” буйрыг сэлгэж, солих нь асуудлыг өөр өнцгөөс харж, шинэлэг хэлбэрээр ажиллах боломжийг бүрдүүлэх талаас нь бодолцох л учиртай.
-Гэхдээ МАН-ынхан ийм зориг, ухаан гаргаж чадах болов уу даа. Сайдын суудлаасаа салахыг хүсэх хүн танай намд бий юу?
-Зориг гаргах ёстой. АН-ын жинхэнэ нүүр царайг харлаа шүү дээ. Хэн дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болно түүнд очоод наалдчихдаг хэсэг хүн бий л дээ. Тэднээс хол байх хэрэгтэй. Бялдуучлагчид ажлыг урагшлуулах биш ташаа мэдээлэл өгч хойш чангаахад түлхэц болдог. Миний хувьд аливаа буруу зүйлийг шүүмжилж, байр сууриа шулуухан илэрхийлдэг. Нэг хэлсэн үгээсээ ухарч байгаагүй л дээ. Сонин хэвлэлд өгсөн ярилцлага, хурал, чуулганд хэлсэн үгээс үзэхэд тодорхой. Намдаа хатуу шүүмжлэл хэллээ гээд элдэв хавчлага дарамтанд ороод байдаггүй. Үнэхээр манай намд эрүүл сэтгэлгээтэй удирдлага бий гэдгийг хэлэх хэрэгтэй. Тиймээс аль нэг тал руу хэтэрхий туйлширч, албан тушаалын төлөө шуналгүй асуудлыг зөвөөр шийдэх хэрэгтэй. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй, цаас хичнээн нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэдэг дээ. Зарим хүмүүс ажил сайжруулах, улс эх орны язгуур эрх ашгийн төлөө бодож хэлсэн үг, санал, шүүмжлэлийг хувийн өс хонзон болгож ойлгоод байдаг талтай. Тэгэхээр манай намд шударга шүүмжлэл их болоосой. Дарга дагаж гүйгээд албан тушаал горьдох сонирхол байдаггүй. Албан тушаал өгсөнгүй гэж гоншгонодоггүй. Ард түмний элч болсноо том хариуцлага хэмээн бодож зүтгэж ажилладаг гишүүд л олон болоосой гэж боддог.
-Хамтарсан Засгийн газрын автор нь мэдээж Ерөнхий сайд асан С.Баяр. Байгуулсан Засгийн газар нь тарж байхад дуугүй байгаа нь сонин юм?
-Энэ парламентын хугацаанд УИХ-д С.Баярыг үг хэлж байхыг ганц ч удаа сонссонгүй. Ард түмний элч болсон хүн тэднийхээ үгийг сонсч, парламент дээр санал бодлыг илэрхийлж байх ёстой. Гадаад явж ирчихээд хааяа сонин хэвлэлд том ярилцлага өгдөг юм билээ. Тэгээд өөрийгөө ховордсон хүнд тооцуулдаг юм шиг байгаа юм. Гэвч С.Баярын хууль санаачилж байгааг үзсэнгүй. Өөрийнх нь байгуулсан стандарт бус Засгийн газар тарах дээрээ тулчихаад байхад яагаад дуугүй байгааг нь ойлгохгүй байна. Магадгүй өнөө маргаашгүй нэг том ярилцлага өгөх байх л даа. Гурван сар унших ярилцлага өгдөг юм шиг билээ.
-Намын даргынхаа толгойлж байгаа Засгийн газрыг шинэчилье гээд хэлчихвэл тойроггүй хоцрохоос айгаад дуугүй яваа гишүүн нэлээд бий байх.Та тэгж бодохгүй байна уу?
-Тийм хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд бүх ард түмнийхээ өмнө хэвлэлээр байр сууриа илэрхийлчихлээ шүү дээ/инээв/. Намын бүлэг дээрээ үүнээс хатуу дуугарна. Намын удирдлагууд эрүүл саруул ухаантай бол ийм асуудлаас болоод хавчиж шахахгүй байлгүй. Ардчилсан нийгэмд хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх ёстой. Хүний хэлж байгаа зүйлийн буруу зөвийг тунгаагаад авах нь чухал. Гэвч үүнээс болоод тойрог олдохгүй байна гэвэл хэлмэгдүүлэлт шүү дээ. Аль ч намд ийм зүйл гарвал онигоо болно.Намаа үймүүлэх гэж шүүмжилдэггүй.
Намаа сайн сайхан болоосой гэсэндээ, мөн бурууг нь засахын тулд үг хэлдэг. Зарим төрийн түшээд Төрийн ордны “цонхоор” харчихаад ард түмнийхээ аж амьдралыг мэдрэхгүй хэт тасардаг тал бий. Тиймээс иргэд, сонгогчидтойгоо байнга уулзаж, өөрсдийнхөө алдаа, оноог олж харах хэрэгтэй. Ийм зарчим баримталдаг болохоор өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд 400 гаруй удаа иргэдтэй уулзлаа. Эгэл жирийн ард түмэнтэй уулзахад дэвшилттэй, шинэлэг олон сайхан санал, санаачилгыг мэдэхийн зэрэгцээ засч залруулах шүүмжлэлийг хангалттай сонсдог. Уулзалт хийхэд эрдэмтэн, судлаач, хөдөлмөрийн баатар, багш, эмч, барилгачин гээд янз бүрийн хүмүүс цуглардаг.Тэд улс орны хөгжлийн төлөө ч олон санал дэвшүүлдэг юм. Тэдэнтэй уулзаж явахад төр засгийн ам, ажлын зөрүү илүүтэй мэдэрдэг. Энэ бүх хүмүүсийн санал бодлыг нэгтгээд , дээр нь өөрийнхөө санааг тусгаад үгээ хэлдэг. Түүнээс биш аливаа нэг нам, даргыг шүүмжилж нэр хүнд олох гээд эсвэл даргын суганд хавчуулагдаж, тэднийг дагаж далдаганаад байдаггүй. Харамсалтай нь зарим сонин хэвлэлүүд тодорхой улстөрчдийн захиалгаар элдвээр хэлдэг л дээ. Цаад эзэд нь хэн гэдгийг мэдэж байгаа болохоор тун өрөвдмөөр, ядруухан санагддаг. Өөрсдийгөө шударга үнэний эсрэг явж байгаа бэртэгчин гэдгээ мэддэггүй юм.Эх сурвалж
Өдрийн сонин