Д.Ганхуяг: Сайдад нэр дэвшигчдэд тодорхой шалгуур тавих ёстой
АН-ын ҮЗХ-ны хурлын шийдвэрээр тус нам хамтарсан Засгийн газраас гарч, АН-ын харьяалалтай сайд нар өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад гардуулан өглөө. Одоо МАН-ын зүгээс чөлөөлөгдсөн сайд, дэд сайд нарын оронд нөхөн томилгоо хийх юм. Сайдад шинээр нэр дэвшигчдэд тодорхой шалгуур тавих нь зүйтэй гэж УИХ-ын гишүүд хэлж байгаа юм. Тэдний заримын байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-АН-ын ҮЗХ-ны хуралдаан өчигдөр нэлээд хурц уур амьсгалд болж хамтарсан Засгийн газраас албан ёсоор гарлаа. Энэ хурлын үр дүнг нийгэм хэрхэн хүлээж авч байгаа бол. Та анзаарав уу?
- Хүмүүс 2008 оны сонгуулийн дараа УИХ-д 47 гишүүнтэй олонхи болсон тухайн үеийн МАХН-ын зүгээс АН-ыг хамтарсан Засгийн орохыг урьж, үүний АН-ын ҮЗХ-ны олонхи уг саналыг дэмжиж хамтарсан Засгийн газар байгуулагдсаныг санаж байгаа байхаа. Ингээд таны асуусан асуултын талаар сайтуудын сэтгэгдэл, надад ирж байгаа мессежүүд, хүмүүсийн ярианаас үзэхэд “Ардчилсан нам байр суурин дээрээ эргэж ирлээ. Баярлалаа” гэж олон хүн хэлж байна лээ.
“Засгийн газартаа үлдэх ёстой” гэж хэлж байгаа ганц нэг хүн байсан. Ийм байр суурьтай хүн нь цөөнхи байсан.
Эдгээрээс харахад ҮЗХ-ны гишүүдийн санал, шүүмжлэл нь АН нээлттэй, доторхи асуудлаа ил тод ярьдаг, улс орны эрх ашгийг намын эрх ашгаас дээгүүр тавьж чаддаг, намын гишүүдтэйгээ хариуцлага ярьдаг, тооцдог, олон түмний олон янзын байр суурийг илэрхийлж чаддаг, тиймээс намаас гарч буй бодлогын шийдвэр нь нийгэмд тусгалаа олдог хэвээрээ байгаагаа нотолсон байхаа. Сонгогч олон түмэн АН-ыг 2008 онд УИХ-д цөөнхөөр сонгосон. Цөөнх бол зөвхөн шүүмжлээд суух биш, хуулийн төслийг улс орны эрх ашигт нийцүүлэн гаргахад мэтгэлздэг, улмаар хамгийн гол нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй . Энэ үүргийг хэрэгжүүлснээр эрх баригчдад улс төрийн болон хуулийн хариуцлагыг хуульд заасны дагуу тооцдог. Ингэснээр төрийн хариуцлагагүй байдал сайжрах үндэстэй. Парламентын засаглалын сонгодог хэлбэр болох үйл ажиллагааны ил тод байдал хангагдана.Энэ байр суурь дээрээ АН ирлээ. Энэ нийгмийн захиалга байсан.Үүнийг нийгэм мэдэрч хүлээж авч байна. АН-ын гишүүд ч нийгмийн энэ уур амьсгалыг мэдэрч, намаа эрүүл саруул байгаа юм гэдгийг ойлгосон байхаа. Мөн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайд УИХ-аас холбогдох шийдвэр бараг гарч дууссан. Сонгуулийн хууль болон 2012 оны төсвийн тухай хууль ч батлагдсан. Энэ шийдвэрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүчтэй хяналт л хэрэгтэй. Цөөнхий хяналт бол эрх баригч болох олонхитой хамтарч ажиллаж байгаа хамгийн боловсронгуй хувилбар.
-Парламент өнөөдрөөс сөрөг хүчинтэй боллоо гэж үзэж болох уу?
-Цөөнхтэй боллоо гэсэн үг. Бид өмнөхийн адил хуулиа батлалцана. Батлалцана гэдэг хэрэлдээд сууна гэсэн үг биш. Парламент ил тод байх ёстой. Хэнийх нь бодлого зөв бэ гэдгийг мэтгэлцээнээр гаргаж ирнэ.Энэ нь үзэл баримтлалд үндэслэгдэнэ. Парламент, парламентын гишүүний хоёр үндсэн үүрэг байдаг. Нэг нь хууль баталдаг, нөгөө нь баталсан хуулийн хэрэгжилтийг хянадаг. Тэр хяналт сайжирна. Иргэд байгалийн баялгийн хуваарилалтыг шударга явуулаач. Хэдхэн хүнд очлоо, эсвэл гаднынхны мэдэлд өглөө гэдэг. Авлигын индекс өсч, ядуурал нэмэгдсэн. Энэ бүхнийг сайжруулахад чиглэлд АН хяналт тавьж ажиллана. Олонх болсон МАН засгаа хурдан байгуулаад ажиллаасай гэж бодож байна.
- МАН-ын шинэ сайд нарыг ямар шалгуураар гаргаасай гэж та хүсч байгаа вэ?
- УИХ-ын гишүүдээс эсхүл гаднаас Засгийн газрын гишүүд томилогдоно байх. Засгийн газрын гишүүн гэдэг бол аль ч оронд тухайн намын шигшээ багийн гишүүд байдаг жишиг бий. Аль ч тохиолдолд зохих түвшний шалгуур байх ёстой. Тэр шалгуурууд нь ихэвчлэн ачааг даах, хариуцлагыг мэдэрдэг, ёс зүйн , ашиг сонирхлын зөрчлийн зэрэг шалгуур байх болов уу. Засгийн газар, засгийн газрын гишүүн бол хуулийн хэрэгжилтийг улс, орон даяар зохион байгуулах үндсэн үүрэгтэй.Өнөөгийн нийгмийн уур амьсгал, тэр захиалга нь бол авлига, хээл хахуультай орооцолдсон, байгалийн баялгийн хууль бус хувиарлалтанд оролцсон, архи, тамхины бизнес эрхэлдэг, эсхүл төрд ажиллангаа тухайн салбараас тэрбумтан болсон хүмүүсийг сайд болохыг дэмжихээргүй байна.Энэ нь ч зөв байх.
-Бас богино хугацаа үлдлээ гээд ажилдаа түр сэтгэлгээгээр хандаж болохгүй байх?
-Хоноцын сэтгэлтэй байж болохгүй. Энэ удаагийн УИХ 2012 оны төсвийн тухай хуулиар түүхэн шийдвэр гаргасан. Үүнийг сайн хэрэгжүүлнэ гэдэг бол нэр төрийн хэрэг. Албан ёсоор засгийн газрын гишүүдийг УИХ-д өргөн баригдсан тохиолдолд АН бүлэг энэ асуудлаар хуралдах нь ойлгомжтой.