2018.04.26

Д.Сарангэрэл: Мэдээллийн аюулгүй байдлыг яаж хангах вэ?

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуулт асуулаа.

Д.Сарангэрэл: УИХ-ын бүтцэд Цахим түр хороо байгуулах санаачилга гаргасан Ж.Энхбаяр болон бусад гишүүддээ талархал илэрхийлж байна.

Энэ манай парламентын  түүхэнд бичигдэх шинэ хуудас болж магадгүй.

Цахимжуулахын ач холбогдлыг бид бүгд ойлгож байгаа. Хамгийн гол нь төрийн мэдээлэл үйлчилгээг ард иргэддээ ойртуулах тухай асуудал. Төрийн мэдээлэл ард иргэдэд очихдоо субъектив хандлагаас холдох боломжийг бүрдүүлж байна. Авилга, хээл хахууль, чирэгдэл, танил тал зэрэг олон нийтийг бухимдуулж байгаа олон асуудлыг хязгаарлах бүрэлн боломж. 

Эстони улсын талаар жишээ авахад 1.3 сая хүнтэй, ДНБ нь 27 тэрбум доллар. Энэ их мөнгийг бүрдүүлэхдээ төрийн үйлчилгээгээ бүхэлд нь цахимжуулсан туршлагаараа дэлхийд тэргүүлж байгаа. Олон улсад энэ чиглэлийн үйчлилгээ, сургалт, тусламж дэмжлэг үзүүлж, санхүүжилт олж байна. Төрийн үйлчилгээгээ бүхэлд нь цахимжуулсныхаа үр дүнд ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх эдийн засгийн эргэлтийг бий болгож чадсан.

Эрүүл мэндийн салбар цахимжуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүсэлтэй. Эхний алхмуудаа хийснийг та бүхэн мэдэж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан 4 сарын 1-нээс цахимд шилжсэн. Хөнгөлттэй эмийг сард 1-2 удаа жор бичдэг, эмийн сангуудаар ганц хоёрхон удаа олгодог байдал ард хоцорсон. Шинэ үйл ажиллагаа эхэлсэн учраас зарим чирэгдэл байгаа нь цаг хугацааны асуудал. Хөнгөлттэй эмнийхээ жорыг бичүүлсэн ард иргэд хүссэн үедээ эмээ авах бүрэн бололцоо бүрдсэн. 

Гол асуудал нь цахимжуулсны дараа мэдээллийн аюулгүй байдал маш чухал. Эрүүл мэндийн салбар цахимжсаны дараа монгол хүний эрүүл мэндийн асуудлын мэдээлэл бүхэлдээ цахимд орно. Энэ мэдээллийг хамгаалах, нууцлалыг бий болгох асуудал маш чухал. Энэ чиглэлд ямар зүйл хийх вэ?

УИХ-ын гишүүдийн ярьсан цахимжуулалт нь хувийн хэвшилд тодорхой хэмжээний саад бэрхшээл учраалах асуудлыг хамаагүй гэж бодож байна. Бид эхний ээлжинд төрийн мэдээллийг цахимжуулах тухай ярьж байгаа. Эстони улс 1982 онд цахимжуулах үйл ажиллагаа эхлүүлсэн. Парламентын бүтцэд цахимжуулах ажлыг хариуцах бүтэц бий болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг байгуулсан нь улсынхаа эдийн засагт үр дүнгээ өгч байна. Олон нийтийн бухимдал байхгүй болсон. Тиймээс бид энэ үйл ажиллагааг дэмжих ёстой. 

Ж.Энхбаяр: Шинэ салбар эдийн засаг нийгэмд маш таатай нөлөөлдөг. Нөгөө талаар болгоомжлол нь эмзэг байдал бий болгодог. Тиймээс асуудалд нухацтай хандаж, өөрийн орныхоо үндэсний онцлогт таарсан, үндэсний чадавхийг яаралтай бүрдүүлэх ёстой. Энэ чадавхи нь кибер аюулгүй байдлыг үндэсний системээ хамгаалдаг, довтолгоог илрүүлдэг, шаардлагатай бол хариу цохилт өгч чаддаг чадавхи бүхий үндэсний алба бий болгох ёстой. Ингэж байж аюулгүй байдлаа хангана. Бид асуудлыг УИХ-д оруулна.