2018.04.10
Ч.Улаан: Хог хаягдлын менежментийг яаж сайжруулах вэ?
Төсөвийн байнгын хорооны /2018.04.10/ хуралдаанаар Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах "Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх талаар хуралдлаа.
Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан хог хаягдлын менежментийг хэрхэн сайжруулах талаар хэд хэдэн асуултыг ажлын хэсгийнхнээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
Зээлийн хэлэлцээрийг дэмжиж байгаа.Зориулалт нь шийдэх ёстой чухал асуудалд чиглэгдэж байгаа. Нийслэл хотод хогны асуудал тулгамдсан том асуудал. Нийслэлийг тойрсон төвлөрөөгүй хогны цэгээ яах вэ? Налайхын хог хийсээд хаан очиж байгааг судалсан уу? Налайхын зүүн урд талын Буурлын даваанаас хойш байгаа тэр хэдэн уул, модонд очиж байгаа. Тэнд очиж үзээрэй. Зөвхөн төвлөрсөн хогийн цэгт анхаарах уу? Бусад хогны асуудлыг яах вэ? Дахин боловсруулах хогны цэгийг Морингийн даваанд байгуулна гэж байна. Нисэх онгоцны буудлын зам дагуу гадна, дотны зочид ирнэ.Тэнд хогийн цэг байгуулахад хэр зэрэг оновчтой сонголт болох вэ?
Хог хаягдлын менежментийг яаж сайжруулах вэ? Одоо хүн бүр хүссэн газраа хогоо хаядаг, хэвийн үзэгдэл болсон байна. Энэ асуудалд яаж анхаарах вэ?
НЗД-ын Дэд Бүтцийн Хөгжлийн Асуудал Хариуцсан Орлогч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч П.Баярхүү хариуллаа.
Улаанбаатар хотод жилдээ сая гаран, өдөртөө 1000 гаруй тонн хогийг төвлөрсөн 4-5 цэгт очиж буулгаж байгаа. Иргэдийн замбараагүй хаясан хог их бий. Хогны үйлдвэрийг барьснаар барилгын хогны тээвэрлэлтийг тухайн компани хариуцна. Барилгын материалын хогийг цаашдаа худалдан авах тал руу шийднэ. Хог хояж байгаа иргэдээс мөнгө авах биш тухайн бүтээгдэхүүнд нь үнийн суулгах зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа. Хог дахин боловсруулах цэгийн байршлын хувьд олон жил судалж ярьж байгаад гаргасан.
УИХ-ын гишүүн Ч.Улаан
Энэ зээл нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд багтсан зээл гэж байна. Гэхдээ хөнгөлөлтийн төвшин 43 хувь , энэ нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд орохгүй үүн дээр анхаараарай гэсэн саналыг хэллээ.