Уругвай улстай хамтарсан үйлдвэр байгуулах талаар санал солилцлоо
2018.04.03

Уругвай улстай хамтарсан үйлдвэр байгуулах талаар санал солилцлоо

Уругвай Улсын Гадаад хэргийн дэд сайд Ариэл Бергамино Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Уругвай Улсын Гадаад хэргийн дэд сайд Ариэл Бергаминог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Уругвайн дэд сайдыг Монгол Улсад тавтай морилохийг хүсээд, хоёр орны хоорондын өндөр, дээд түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд салбарынхаа талаар товч танилцуулга хийлээ.
Уулзалтын үеэр талууд хоёр орны хөдөө аж ахуйн яам хооронд 2014 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ингэхдээ яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж, хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар санал нэгдлээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд мах болон сүүний чиглэлийн үхрийн хамтарсан ферм, үүнийг дагасан тэжээлийн үйлдвэр байгуулах саналтай байгаагаа Уругвайн талд илэрхийлсэн юм. Тэрбээр, Уругвай улсын хүнсний салбар дахь дэвшилтэт техник, технологийг Монгол Улсад нутагшуулан, хамтарсан үйлдвэрүүд байгуулж, цаашлаад тухайн бүтээгдэхүүнийг Европын Холбоо болон хөрш улсууд руугаа экспортлох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг хүслээ.

Эдгээр саналыг Уругвай Улсын Гадаад хэргийн дэд сайд Ариэл Бергамино нааштай хүлээн авч, хоёр орны хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж бололцоо байгааг онцлоод, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг ирэх 8 дугаар сард Уругвай улсад хүрэлцэн ирэхийг урилаа.