Беларусь улстай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх, сүү боловсруулах үйлдвэр байгуулахад хамтран ажиллана
ХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Беларусийн хэсгийн дарга В.М.Вовк
2018.03.29

Беларусь улстай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх, сүү боловсруулах үйлдвэр байгуулахад хамтран ажиллана

Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд бөгөөд Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Беларусийн хэсгийн дарга В.М.Вовк Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн урилгаар манай улсад ажлын айлчлал хийж байна.

Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд бөгөөд Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Беларусийн хэсгийн дарга В.М.Вовкийн Монгол Улсад хийх ажлын айлчлал ХХААХҮ-ийн сайд болон тус яамны холбогдох албаныхантай хийх албан уулзалтаар эхэллээ.
Уулзалтын эхэнд В.М.Вовк сайдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хоёр орны хоорондын өндөр, дээд түвшний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэр дундаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, санал солилцохоор хүрэлцэн ирж буйд талархал илэрхийллээ.

Мөн тэрээр Монгол Улсын газар тариалангийн салбарт анх 1959 онд “Атрын анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэхэд МТЗ үйлдвэрийн трактор ашиглаж байсан түүхтэй бөгөөд энэ цагаас эхлэн Монголын газар тариалангийн салбарын хөгжилд Беларусь улс ихээхэн хувь нэмэр оруулж байсныг дурдаад цаашид хамтран ажиллах өргөн боломж бололцоо байгааг онцоллоо.

Талууд Минск хотноо 2017 оны 9 дүгээр сард болсон хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 4 дүгээр хуралдаанаар тохиролцсон ажлуудын хэрэгжилт, үйл явцын талаар санал солилцлоо. Тодруулбал, хөдөө аж ахуй, зам, нийтийн тээвэр, гал түймрийн болон тусгай зориулалтын автомашин, техник төхөөрөмж нийлүүлэх төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг хоёр орны холбогдох байгууллагуудын оролцоотой, ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсоны дагуу Сангийн яам, ОБЕГ болон бусад байгууллагууд ажиллаж байгаа талаар ярилцсан юм. Түүнчлэн газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг Беларусь улсын шилдэг үйлдвэрлэгч болох МТЗ, Гомсельмаш, Ремком, МАЗ, Сморган зэрэг үйлдвэрүүдээс авах тухай хэлэлцлээ.

Б.Батзориг сайд “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд тариалангийн төв бүс нутагт 4000 саалийн үнээний ферм, түүнийг дагасан сүү боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа талаар дурдаад, 300 болон 500 саалийн үнээний ферм, сүү боловсруулах үйлдвэрүүдийг Беларусь Улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр байгуулах хүсэлтийг тавьсныг нааштайгаар хүлээн авч хамтран ажиллахаар боллоо.