Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэнэ
“Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур” салбар хуралдааны дүгнэлт, зөвлөм гарлаа
2018.03.29

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэнэ

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзал Төрийн ордонд боллоо. Монголын эдийн засгийн чуулганы эхний шат болох энэ уулзалтаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан юм. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд таван салбар хуралдаан болсноос ХХААХҮЯ-наас “Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур” сэдвээр салбар хуралдаан зохион байгууллаа.

Тус хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, гарааны компани, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 160 гаруй төлөөлөгчид оролцсон. Салбар хуралдаанд оролцогчид хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын хөгжлийн талаар хэлэлцэн, санал бодлоо солилцлоо.   

Ийнхүү хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэдлэгт суурилсан, импортыг орлох экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улмаар Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах зорилгоор дараах Зөвлөмжийг гаргалаа.

“Эдийн засгийн чуулган-2018”

“Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур” салбар хуралдааны дүгнэлт, зөвлөмж

  1. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, суурин газар орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх;
  2. Уур амьсгалын эрсдэлийг бууруулах, дэвшилтэт технологид суурилсан тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх замаар бүтээмж өндөр салбар болгон хөгжүүлэх;
  3. Газар тариалангийн бүс нутгийн заагийг тодорхой болгох асуудлыг шийдвэрлэх
  4. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог сэргээн шинэчлэн бүрдүүлэх,
  5. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг уламжлалт болон дэвшилтэт технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах;
  6. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийн чиг баримжаатай хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх;
  7. Хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүний нөөцийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн бэлтгэх, чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран бүрдүүлэх;
  8. Салбарын нэгдсэн удирдлагын тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх, салбарын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг салбарын яам харьяандаа авах асуудлыг шийдвэрлэх;
  9. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг нягтшуулах, гарааны компаниуд бойжих, хөгжих, тогтворжих үйл ажиллагаанд эрхзүйн болон бусад дэмжлэг үзүүлэх;
  10. Гадаад худалдааг нэмэгдүүлэх, гаалийн татвар хураамжийн төлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэх, гадаад, дотоодын хил, гаалийн байгууллага, хувь хүн хооронд мэдээлэл шууд солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор цахим нэг цонхны систем хэрэгжүүлэх;
  11. Үндэсний үйлдвэрлэгчдийг тарифын болон тарифын бус хөнгөлөлтийн зохицуулалтаар дэмжих
  12. Хөдөө аж ахуйн салбараас гарч байгаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг ижил төстэй импортын бүтээгдэхүүний зах зээлээс хамгаалах, үүний тулд  Үндэсний үйлдвэрлэгчдийг татвар, хууль эрхзүйн орчны зохицуулалтаар хамгаалах;
  13. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх үүний тулд бусад улс орнуудтай гааль, чөлөөт худалдааны таатай орчинг бүрдүүлж өгөхөд хамтран ажиллах;
  14. Эцэст нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд Монгол хүн бүрийн оролцоо маш чухал, тиймээс ИРГЭН БҮР ЭХ ОРОНЧ  сэтгэлгээгээр Үндэсний үйлдвэрлэгчдээ ХҮЧЭЭ НЭГТГЭН дэмжицгээхийг уриалж байна.

САЛБАР ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИД