Ц.Баатархүү: НИТХ-ын үйл ажиллагааг хариуцлагажуулах үүднээс с.амарсайханыг огцруулах бичгийг өргөн барьсан
2018.03.01

Ц.Баатархүү: НИТХ-ын үйл ажиллагааг хариуцлагажуулах үүднээс с.амарсайханыг огцруулах бичгийг өргөн барьсан

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.

-НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах бичгийг өргөн барьсан гэдэг мэдээлэл гарсан. Түүнийг ямар шалтгаанаар огцрох үндэслэлтэй гэж үзэв?

-Бид нэг зүйлийг ойлгомжтой болгох ёстой. НИТХ гэдэг байгууллага нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлдэг. Нийслэлийг хөгжүүлэх, бодлогоор тасралтгүй хангаж ажиллах ёстой л доо. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын бодлогыг хэлэлцэн баталж, бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгууллага. Бид өнөөдөр хууль эрх тэгш үйлчлэх тухай ярьдаг. Нийслэлийн иргэдэд хууль үйлчлээд НИТХ-ын даргад хууль үйлчилдэггүй байж болохгүй.

Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулиар хоёрдугаар сарын 20-ны дотор НИТХ-аар Засаг даргын хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцүүлээд Засгийн газарт өргөн барих ёстой. Гэтэл өргөн барих асуудалд шаардлага тавьж, хурлын хэлэлцэх асуудалд оруулах хуулийн хэрэгжилтийг хангахад хангалтгүй ажиллаж байна гэж манай бүлэг үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, НИТХ татвар төлөгчдийн мөнгөөр баталсан төсөл хөтөлбөрүүдийн биелэлт ямар байна вэ гэдэг дээр хяналт тавих ёстой. Бид энд хуралдаж төсөл, хөтөлбөр батлаад байдаг. Гэтэл ямар үр дүн гарч байгааг хэмжиж чаддаггүй. Тиймээс хуулийнхаа хэрэгжилтийг хангаж ажиллая гэж байгаа юм.

Хоёрдугаарт, НИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг хуралдуулж үйл ажиллагааг тасралтгүй хангах ёстой. Сүүлийн хоёр жил НИТХ-ын ажлын хороод ирц бүрдэхгүй байна гэдэг шалтгаанаар хуралдахаа больсон.

-Яагаад ирц бүрдэхгүй гэж вэ. Эрх баригчид чинь үнэмлэхүй олонх биз дээ?

-НИТХ гэдэг байгууллага Улаанбаатар хотод үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг асуудлыг тавьж эхэлж байна. Цаашдаа НИТХ-ыг байнгын байлгах уу, байнгын биш болгох уу, НИТХ-аас гарсан шийдвэрийн эрх зүйн үйлчлэл нь ямар байх вэ гэдгийг тодорхойлох олон асуудал бий. Зөрчлийн тухай хууль гарснаас хойш НИТХ-ын гаргаж буй тогтоол шийдвэрийн эрх зүйн үйлчлэл нь ойлгомжгүй болсон.

Үүнээс болж иргэд хохирч байна. Үндсэндээ дугаарын хязгаарлалт үйлчилж байна уу, үгүй юу гэдэг нь маргаантай асуудал болсон. Энэ мэтчилэн асуудлуудыг тодорхой болгохын төлөө НИТХ-ын удирдлага санаачилгатай ажиллах ёстой. Харамсалтай нь ямар ч санаачилгагүй байгаа учраас С.Амарсайхан даргыг огцруулъя гэж байгаа юм. Бид хэдийгээр сөрөг хүчин ч гэсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал болон Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, НИТХ-аас гарч буй тогтоол, шийдвэрүүдийн эрх зүйн үйлчлэлийг ойлгомжтой болгох саналуудаа өгчихсөн.

Гэтэл 45 суудлын 76 хувийг бүрдүүлж байгаа буюу 34 суудалтай эрх баригчид хурлынхаа ирцийг бүрдүүлж чадахгүй байна л даа. Засаг даргын институци, НИТХ-ын институци хоёр нь хоорондоо зөрчилдөөд төрийн ажил гацаж байна. Үүнээс улбаалж нийслэлийн иргэд хохирч байгаа. Энэ үндэслэлээр Засаг даргадаа шаардлага тавьж байх ёстой. Нутгийн өөрөө удирдах ёс буюу парламентын засаглалтай орны хамгийн дээд байгууллага болох Иргэдийн хурал үүн дээрээ илүү анхаарах хэрэгтэй. Энэ бүгдийг хангаж чадахгүй байгаа болохоор НИТХ-ын даргыг огцруулах шаардлагатай гэж үзсэн юм.

-НИТХ-ын эрх баригчид танай бүлгийн саналыг хэр дэмжих бол. Ер нь НИТХ-ын дарга болон Засаг даргаа шүүмжилж буй төлөөлөгчид байх юм билээ?

-НИТХ-ын МАН-ын бүлгийнхэн хуралдаж энэ асуудлыг ярих байх. Иргэдийн хурлын дарга болон Засаг даргаа хангалтгүй ажиллаж байна гэх төлөөлөгчид бий. Бүлгийн хурлаараа энэ асуудлаа яриад шийдэлд хүрэх байх л даа. НИТХ-ын дарга гэдэг бол бодлого гаргаж буй байгууллагыг удирдаж хэрэгжүүлж буй агентлагийн дарга нарт хариуцлага тооцдог байх ёстой.

Энэ хүн хариуцлагатай ажиллуулах үүрэг хүлээчихсэн. Тэр утгаараа хариуцлагыг Иргэдийн хурал өөртөө авъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар муу ажиллаж байвал УИХ хариуцлага тооцдог. Засгийн газар муу ажиллаад байхад УИХ хариуцлага тооцохгүй, УИХ-аас баталж буй хуулиуд чанаргүй гараад байвал УИХ хариуцлагагүй байна гэж үздэг. Тиймээс НИТХ-аас гарч буй бодлогын бичиг баримтууд сүүлийн жилүүдэд чанаргүй болсон. Яг юу хэлэлцээд, батлаад тэр нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй болчихсон.

-Удирдлагуудын буруу, тэд хангалтгүй ажиллаж байна гэж үзэх үү. Нөгөө талдаа НИТХ-ын төлөөлөгчдийн чадварын асуудал сөхөгдөх байх л даа?

-Бид эрх зүйн томоохон шинэчлэлийг хийх шаардлагатай. Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гэх мэтчлэн хуулиуд дээр нийслэл Улаанбаатар хот юу хийх юм. Хотууд, Засгийн газар, дүүргүүд юу хийх вэ гэдгийг хууль эрх зүйн хувьд ойлгомжтой болгох хэрэгтэй.

Энэ утгаараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд манай Ардчилсан намын бүлэг анхаарч хэлэлцүүлэг хийе гэж байгаа. Нийслэл яг юу хийх юм. Шийдвэр нь яаж үйлчлэх юм, нутаг дэвсгэртэй байх юм уу, үгүй юм уу гээд олон асуудал бий. Үүний дараа хот гэдэг ойлголт байгаа л даа. Хотын эрх зүйн байдлыг ойлгомжтой болгох хэрэгтэй. Дараа нь дүүрэг гэдэг ойлголт байна. Тиймээс нэгдүгээрт, хууль эрх зүйн талаасаа томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.

Нийслэлийг бие даасан болгоно гэж ярьдаг. Нийслэл эрх зүй, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан болно гэдэг нь яг юу гэсэн үг вэ. Харамсалтай нь хуулийг ойлгомжтой болгох чиглэлээр УИХ, нийслэл ч тэр хангалтгүй ажиллаж байгаа. УИХ бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг хүсэж байна. Нийслэл Улаанбаатар хотод засаглалын гажуудал үүсээд үүнээс болж ажил явахгүй байгаа юм.

Хоёрдугаарт, эрх барьж буй МАН-ын талцал, эрх мэдлийн төлөөх тулаан НИТХ-ын 34 төлөөлөгчийг хуваачихаад байна. Ямар сайндаа НИТХ дээр гурван бүлэгтэй юм шиг ажиллах болсон. Үүнээс болж 34 төлөөлөгчтэй эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлээд асуудлаа шийдээд явах боломжоо алдаад байгаа л даа.

-Хурлын дарга хангалтгүй ажиллаж байгаа болохоор талаар цацсан шагай шиг төлөөлөгчидтэй НИТХ-ын ажил гацаанд оржээ дээ?

-НИТХ-ын дарга нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаж чадахгүй байна.

-Ц.Сандуй гэж даргатай байлаа. Тэр хүн ажлаа өгөөд явсан. С.Амарсайхан гэж даргатай боллоо. Ахиц гарахгүй байна гээд байгаа юм байна. Огцруулаад дараагийн хүн дарга боллоо гэхэд ажил сайжрах баталгаа байна уу?

-2012 оноос өмнө НИТХ гэдэг байгууллага жилдээ хоёр удаа хуралддаг юу хийдэг нь ойлгомжгүй байсан. 2012 оноос хойш байнгын болгож сар болгон хуралдан НИТХ-аар хэлэлцэж буй асуудлууд ажил амьдралд нь илүү ойрхон юм байна гэж иргэд анхаарал тавьдаг болсон. Харин 2016 оноос хойш НИТХ хурлаа хийгээч, дэгээ мөрдүүлээч ээ гэдэг шаардлагыг бид тавьсаар ирлээ. Иргэдийн хурлын даргыг өөрчлөх санал оруулсан. Ардын намын бүлэг саналаа яаж гаргах вэ гэдгээс шалтгаалж шийдэгдэнэ.

-НИТХ-ын хурлаар нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлахаар хуралдаж байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нийслэлийн удирдлага 2016 оны долдугаар сарын 6-нд солигдсон. Түүнээс хойш нэг жил найман сар өнгөрчихөөд байхад гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн хүрэлцээг нэмэгдүүлэх, орон сууцны бодлогын асуудлыг НИТХ-ын хурлаар хэлэлцүүлээгүй. Өнөөдрийг хүртэл өргөн барилгүй явсан. Эрх барих хугацааныхаа тэн хагаст орж байж өргөн барилаа. Гэсэн ч уг асуудал нь хангалттай биш байна. Тиймээс үүнийг сайжруулъя гэж байгаа юм.

Гэр хорооллын иргэдийн газрыг хямд үнээр аваад үүнийгээ дамлан худалдаалах маягаар уг хөтөлбөрийг баталж болохгүй. Бид иргэдийн үндсэн эрх, өмчийг хамгаалж тэр газрын эзэд эдийн засгийн харилцаанд тэнцвэртэй оролцож, өөрсдөө орлоготой болж, орон байрныхаа нөхцөлийг сайжруулах боломжийг бүрдүүлэх ёстой. Хоёрдугаарт, хувийн хэвшилтэй төр өрсөлдөх маягаар энэ хөтөлбөрийг баталж болохгүй. Хувийн хэвшилдээ орон сууц барих боломжийг нь олгох ёстой. Нийслэлийн шинэ удирдлагууд иргэдийг аз жаргалтай болгоно гэсэн. Аз жаргалтай биш, харин ч гунигтай амьдарч байна. Үүндээ дүгнэлт хийх цаг болсон.

-Нийслэлийн захиргаа болон харьяаны 33 агентлагийг Яармаг руу нүүлгэнэ гэж байна. Хотын түгжрэлээс эхлээд олон зүйл шийдэгдэнэ гэж байгаа. Танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа бол?

-Хотын захиргааг нүүлгэе, төвлөрлийг сааруулъя, Улаанбаатар нэг төвтэй биш, олон төвтэй болъё гэдэг саналыг Э.Бат-Үүл даргын үед гаргаж байсан. Гэхдээ хотын захиргаа гэр хорооллын иргэдийн үндсэн эрх болох газрын үнэлгээг нэмэгдүүлэх үүднээс Баянхошуу руу нүүе. Утааны голомтод очиж тэнд дэд бүтцийг хүргэж, утааг зохих хэмжээнд бууруулж, газрын үнэлгээг бага ч атугай нэмэгдүүлье гэдэг шийдвэр гаргасан байсан. Харамсалтай нь нийслэлийн шинэ удирдлага хотын захиргааг Нүхт рүү нүүлгэе гэж байна. Нүхт бол Улаанбаатар хотын утаанаас ангид хамгийн ая тухтай газар. Нийслэлийн иргэд С.Батболд даргыг утаанаас зугтаж тийшээ нүүж байна гэж харж байгаа.

Ярилцсан сэтгүүлч Э.Энхболд