Д.Оюунхорол: Хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийн хохирлыг төр барагдуулах ёстой
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.
-УИХ-ын чуулган Сар шинийн босгон дээр завсарласан. Та тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж амжив уу?
-Сар шинээс өмнө тойргийнхоо хорооны иргэдтэйгээ уулзалт хийж, УИХ болон Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо. Мөн тойргийнхоо далаас дээш насны буяныг хураасан ахмадуудад Сар шинийн өмнө хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан.
Энэ үеэр тойрогтоо хийсэн ажил, санаачилсан хууль тогтоомж мөн МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар танилцууллаа. Засгийн газраас гаргасан олон шийдвэрт тухайлбал, тэтгэвэр нэмсэн, боловсролын зээлийг хүүгүй болгосон, насны хишиг, цалинтай ээж хөтөлбөр, тэтгэвэрт гарах насаа өөрөө сонгох боломжтой болсон, ХАОАТ-ыг нэг шатлалтай болгосонд иргэд ихэд талархалтай хандаж байна.
-Та тойрогтойгоо нягт уялдаатай ажилладаг. Танай тойрогт тулгамдсан ямар асуудлууд байна. Та хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Миний хувьд Баянзүрх дүүргийн Сансар, Дарь-Эхийн хороодоос сонгогдсон. Энэ зургаан хороонд 60 мянга орчим хүн амьдардаг, зарим хороод маань 15-18 мянга орчим хүн амтай, нягтаршил ихтэй. Тулгамдсан асуудал их. Жишээ нь, Баянзүрх дүүргийн II хороог байгуулаад 60 орчим жил болж байгаа ч төрийн өмчийн нэг ч сургууль, цэцэрлэггүй байна. Ганц худгийн орчим жил бүр Жамсран уулын өврөөс орж ирэх үерийн ус Дарь-Эхийн гэр хорооллын айл өрхөд маш их хүндрэл учруулдаг. Үерийн ус хашаа, гудамжаар нь дүүрч гэр орондоо ч орж чадахгүйд хүрдэг.
Иймээс 2018 оны улсын төсөвт Ганц худгийн амнаас уруудсан үерийн далан байгуулах, II хороонд 150 ортой цэцэрлэгийн барилга худалдаж авах санхүүжилтийг тусгалаа. Мөн 48 дугаар сургуулийн спорт заалны барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ. ХХЕГ-ын өмнөх талбайд Спорт цогцолбор бариулах, Сансар орчмын нийтийн эзэмшлийн байрны дээвэр засварлуулах, авто зам шинэчлэх, гудамжны гэрэл-түүлгийг нэмэгдүүлэх гээд олон ажлыг 2018 онд гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байна.
-2017 оны УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?
-УИХ-ын намрын чуулган амжилттай хуралдаж дуус-сан. Нэгдсэн чуулганаар 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталсан. Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиар эдийн засгийн бодит өсөлтийг үндэслэлтэй тогтоох, төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах зарчмыг удирдлага болгон хэлэлцэж, баталсан.
Эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж, төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд төгрөг байхаар тооцсон.
2018 оны төсөвт нийт 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, 29 сургууль, цэцэрлэгийн 15 барилгыг өргөтгөх зардлыг шийдвэрлэснээр гурван ээлжээр хичээллэдгийг болиулж, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт өгдгийг халах боломжийг УИХ-аас бүрдүүлсэн. Намрын чуулганаар бид төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдүүлэх, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх шинэчлэлийн томоохон алхам хийж чадсан.
-Та 4 ба 6 хүүхэд төрүүлсэн ээжүүд Алдарт эхийн одон авах хуулийг батлуулсан. Өмнөх парламентын үед санаачилсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай болон малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулиуд тань батлагдаад хэрэгжүүлж эхэллээ. Иргэн бүрийн амьдралд бодит өгөөжөө өгсөн хэмээн олон хүн ам сайтай байна?
-Эдгээр хуулиудыг хэрэгжүүлж эхэлж байгаад баяртай байна. Ард иргэд ч их талархаж байгаа. 2016 оны байдлаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эх байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлдэг.
Тэднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40 гаруй мянган ээж, 8000 орчим аав байгаа бол 80 гаруй хувь нь 5 хүртэл насны хүүхэдтэй байна.
Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр бага, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг нь амьдралын бодит үнэн.
Энэ хуулийг баталснаар “Цалинтай ээж’’ хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135 мянга орчим ээжид сар бүр 50 мянга, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг авахаар болж байна.
Мөн малчдын тэтгэврийн насыг бууруулснаар 2018 онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн. Малчид маань төрд ямар ч дарамтгүйгээр үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, гэр бүлээ авч явахын зэрэгцээ жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ даган хариулах, хамгаалах гэж өдөр, шөнийн ээлжгүй, ажил, амралтын горимгүй, халуун, хүйтэнд ялгаагүй гадаа гандаж, хөдөө хөхөрч ажилладгаас эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь буурч, дундаж наслалт нь харьцангуй доогуур байгаа нь малдаа анхаарахаас илүүтэй хүндээ анхаарах нь чухал гэдгийг харуулж байна.
-Чуулганы завсарлагаанаар ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?
-1990-ээд онд дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэдэг хасуулан 30 гаруйхан насандаа хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийн хохирлыг барагдуулах хуулийн төсөл дээр ажиллаж байна. Эдгээр ээжийн тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэвэр бодох итгэлцүүрийг өөрчлөх талаар НХХ-ын сайд С.Чинзоригтой санал солилцсон.
44 мянга гаруй ээж тэтгэвэрт гарч байсан бол одоо 8000 орчим ээж хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байна. Энэ ээжүүдийн хохирлыг төр барагдуулах ёстой гэж үзэж байгаа.
-Ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр ярьж байна. Гол ямар өөрчлөлтийг зайлшгүй оруулах ёстой гэж үзэж байна вэ?
-Үндсэн хуульд ирээдүй цагийн өнгөнд нийцсэн алсын хараатай нэмэлт, өөрчлөлт оруулах нь энэ парламентын хамгийн том түүхэн үүрэг байх ёстой. Үүний төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, УИХ-д суудалтай улс төрийн бүх нам зөвшилцлийн ширээний ард суух цаг нь болсон.
Засаглал хямарч байгаа тухай сүүлийн хэдэн жил ярьж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль болох олон намын оролцоотой парламент хийх ёстой гэж үздэг хүмүүс, судлаачид бий. Гэхдээ үзэл бодлын зөрүүтэй олон намын үзэл баримтлалыг нэг цэгт огтлолцуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх боломж туйлын бага гэдэг нь өнгөрсөн он жилүүдийн сургамжаас харагдаж байна.
2016 оны сонгуулиар 65 суудалтай болсон МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ ард түмнээсээ асууж, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар хандаж, улс орны нийгмийн амьдралд саад тээг, хөгжлийн чөдөр болоод буй асуудлыг шийдвэрлэх гарцыг ард олны язгуур эрх ашигт нийцүүлэн хийж чадвал маш үр дүнтэй ажил болно.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар иргэдээс авсан санал асуулга хэр бодитой вэ. Иргэд уг асуудлын мөн чанарыг хэр ухамсарлаж дүгнэлт өгсөн гэж үзэж байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар хамгийн их туршлагатай парламентч Д.Лүндээжанцан ажиллаж байгаа. Үндсэн хуулийн өрнөл, хөгжил, үр нөлөөг цогцоор нь ярих, дүгнэх хэмжээнд бэлтгэгдсэн улс төрч л дөө. Хуулийн төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг урьдчилан харж, чухал гэж үзэж буй зүйл заалт оруулахдаа заавал улс төрийн болоод нийгмийн олон талт зөвшилцөлд хүрсэн байх ёстой.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ шаардлагын талаар иргэд, судлаачид, засаглалын институт, эрх мэдпийн асуудал руу хэт хэлбийж, Үндсэн хуулийн амин чухал хэсэг болсон хүний эрхийн хамгаалалт, механизмыг боловсронгуй болгох чиглэлд доривтой өөрчлөлт орсон-гүй хэмээн шүүмжилж байсан нь бий.
Үндсэн хуульд зах зээлийн эдийн засгийг зохицуулах механизмтай холбоотой заалт хангалтгүй гэж үзэж байна. Эдгээр чиглэлд ажлын хэсэг анхаарал хандуулсан уу, эсвэл зөвхөн нэмэлт өөрчлөлтийн төслийн бичвэрийн хүрээнд ажиллаж байгаа юу гэдэг нь анхаарах асуудал мөн.
Нэгэнт цаг зав, зардал гаргаж байгаа учраас олны байр суурийг нааштай хүлээн авч, цаашдаа ч анхаарч үзэх хэрэгтэй юм. Үндсэн хуулийг өөрчлөх бодит хэрэгцээг харахдаа засаглалын институтийн эрх мэдлийн асуудал руу хэтэрхий хэлбийж байна гэдэгтээ санал нэг байна.
Нөгөө талаасаа Үндсэн хуулийн амин чухал хэсэг болсон хүний эрхийн хамгаалалт эдийн засгийн зохицуулалтын механизмын талаасаа боловсронгуй болгох чиглэлд ямар өөрчлөлт хийх вэ гэдгийг олон нийт хүлээж байгаа нь тодорхой юм.
-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог байхыг иргэд олонтаа хүсдэг. Мөн шаарддаг. Ийм хууль зайлшгүй гарах шаардлагатай юу?
-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай санал оруулахыг их ярьсан. Энэ нь ч зөв гэж бодож байна. Тойрогтоо ажилладаггүй, худлаа ярьдаг, чуулгандаа суудаггүй гишүүдэд ард олон дахин итгэл хүлээлгэдэггүй. Би Монголын ард түмний мэргэн сонголтод итгэдэг. УИХ-ын гишүүн байх хүн хэр бэлтгэгдсэн, ямар чадвартай, ямар шалгууртай хүн байх вэ гэдэгт иргэд олон санал гаргадаг. УИХ-ын гишүүний нас залуу байна гэсэн шүүмжлэл ч тавьсан.
Төр, ард түмний гүүр болж ажиллахаар улс төрд орж ирэхэд хувь хүн өөрийгөө бэлдэх хэрэгтэй байдаг.
Бакалаврын ширээнээс УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэдэг хувь хүнийхээ хувьд бүрэн төлөвшөөгүй, ард түмний амьдралаас тасархай, ажил амьдралын туршлагагүй байх нь мэдээж.
Тийм учраас УИХ-ын гишүүнээр сонгогдох насны босгыг 35-аас дээш болгоё гэсэн саналыг сонгогчид хэлдэг.
Төрийн хар хайрцагны бодлого, төрийн өндөр босго, шалгуур болзлыг бүрэн хангах шигшмэл сайн багийг улс төрийн дээд түвшинд оруулж ирэх ёстой. УИХ-ын гишүүн өндөр хариуцлагатай ажил. Эрх мэдэл, хариуцлагыг сүүдэр мэт дагах ёстой зүйл бол хувь хүний болоод улс төрийн соёл, аливаа асуудлын голчийг олж хандах өндөр мэдрэмж, соргог чанар юм.
УИХ-ын гишүүн өөрийнх нь ярьсан хэлсэн зүйл “туйлын үнэн” мэт туйлшран хандаж болохгүй. Өөрөөсөө илүү үнэнд, амьдралд ойрхон, шинжлэх ухаанч үзэл баримтлалд ойр дөт үзэл бодлыг дагаж чадцаг, хүлээн зөвшөөрч чаддаг чанарт хичээнгүйлэн сурах ёстой.
-УИХ-ын 76 гишүүн Засгийн газрын ажилд болон бүх зүйлд оролцон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хумьснаар сөрөг үр дагавар гардаг тухай ярьдаг. Үндсэн хуульд энэ тал дээр ямар өөрчлөлтийг тусгах бол?
-Монгол Улс Үндсэн хуульдаа парламентын засаглалтай улс гэж тодорхойлдог. Гэвч манай тогтолцоо олон оронд байдаг сонгодог парламентын засаглалаас өөр, завсрын шинжтэй. Товчоор хэлэхэд, парламентын засаглалтай орны гүйцэтгэх засаглалын тэргүүнд байдаг хамгийн чухал эрх мэдэл манай Ерөнхий сайдад байдаггүй учраас хөгжилд саад болдог нь үнэн.
Ерөнхий сайд нь сайд нараа томилж, чөлөөлж, Засгийн газраа өөрөө байгуулах эрхийг нь өгчих хэрэгтэй. Энэ бол сонгодог парламентын загвар мөн.
Гэтэл манайд эрх мэдэл нь бодит байдалд УИХ-д байдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал гүйцэтгэх эрх мэдлийг УИХ нь Засгийн газрын тэргүүнтэйгээ хуваалцдаг болсноор улс төрийн хямралын суурийг тавьж байна. Хүчтэй, төвлөрсөн гүйцэтгэх засаглалтай, хүчтэй лидер толгойлсон улс орон л хурдтай хөгждөгийг бид харж байна. Улс орны хөгжилд гүйцэтгэх засаглал маш чухал үүрэгтэйг амьдрал харуулсаар байна.
Гэтэл манайд парламентын гишүүд сайд томилж, чөлөөлөхөд оролцдог учраас 76 Ерөнхий сайдтай болчихжээ гэж иргэдийн ярьдаг нь оргүй зүйл биш юм. Парламент сандал суудлын тэмцлийг даамжруулж, улс төрийг тогтворгүйжүүлдэг гол газар болж байна. Парламент хууль, бодлогыг нь батлаад хэрэгжилтийг нь харж, хянаж байх үүрэгтэй шүү дээ.
Өнгөрсөн хугацаанд нэг Ерөнхий сайд дунджаар хоёр жилээс бага хугацаанд ажилласан байх жишээтэй. Үүнээс төрийн залгамж шинж чанар хэрхэн алдагдаж байгааг бид харж, мэдэрч байна. Засаглал хямарсныг хүн бүр ярьж, санаа зовж байгаа энэ үед Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар сонгодог парламентын засаглалтай болох өөрчлөлтийг яаравчлан хийх хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэлээ гэж АН-ынхан мэдэгдэж байсан. Тэд сөрөг хүчин гэдэг талаасаа асуудалд ингэж хандаад байна уу?
-Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн суурь зарчимтай. Монгол Улсын төрийн тогтолцооны өнөөгийн түвшин, цаашдын төлөв байдлыг харгалзан харьцангуй бие даасан эрх бүхий Ерөнхийлөгчтэй байх саналыг тэр үед бид сонгож авсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдож байгаа учраас хууль санаачлах эрх мэдлийг нь хумиж болохгүй.
Одоо бид Ерөнхийлөгч хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг холбож, тэдний хоорондын харилцаанд үүсч болох ээдрээтэй зарим асуудлыг зохицуулах, тэнцвэржүүлж, эрх мэдлийн хуваарилалтын баланс хаанаа алдагдчихаад байна гэдгийг зайлшгүй ярилцаж, зөвшилцөлд хүрэхээс аргагүй.
Ерөнхийлөгчид үндэсний эв нэгдлийг хангах чиглэлээр олон асуудлыг шийдвэрлэх боломж, шаардлага байна. Улс төрч бүрийн амны уншлага эв нэгдлийн тухай болж, улс төрийн нам бүрийн үзэл баримтлалаас ханхалдаг боловч хэлбэр төдий уриа лоозон мэт л байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдэл тогтоох, үндэсний язгуур эрх ашгийг хангах чиглэлээр олон ажил санаачлан улс төрчид, улс төрийн намуудын эв нэгдлийг хангаж ажиллавал сайн Ерөнхийлөгч хэмээн түүхэнд үнэлэгдэнэ.
-Монгол Улсын Үндсэн хуульд нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн асуудлаар ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ?
-Өөрчлөх шаардлага бий. Сүүлийн үед дүүрэг, хороо, суманд ажил цалгардаж, иргэд сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг болчих гээд байна. Олон сонгууль хийж ард түмнээ хооронд нь талцуулж, хэрэлдүүлж суух шаардлага байхгүй гэж боддог.
Тухайлбал, багийн Засаг даргын сонгууль болоход хэн олон ах дүүтэй нь томилогдож байна. Иргэдийн хурлын арав, хорин төлөөлөгчийг лоббидож ажиллахад л сум, дүүргийн Засаг дарга болчихож байна. Сум, дүүрэг, хорооны Засаг дарга маш муу ажиллаж байгаа талаар иргэд их гомдол гаргадаг.
Гэтэл дээд шатны дарга нарт нь хариуцлага тооцох эрх мэдэл нь алга. Хариуцлагыг хэрхэн тооцох вэ гэхээр дахиад л сонгуулиар шийдвэрлэх эрх зүйн орчинтой байгаа нь тогтолцооны том гажуудал юм.
Ажлаа хийж чадахгүй байгаа даргыг чөлөөлөх, томилох эрх мэдлийг дээд шатных нь даргад өгөх хэрэгтэй.
Өнөөдөр нэг дүүргийн 350 мянган иргэний эрх ашиг хохирч байхад дүүргийн Засаг даргад хариуцлага тооцох эрх мэдэл хотын даргад байхгүй л байна шүү дээ. Энэ алдаагаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засах зайлшгүй шаардлагатай.
-Улс төрчийн хувьд ямар асуудал таныг хамгийн ихээр эмзэглүүлдэг вэ?
-Аливаа улс орны хөгжлийг нураан сүйтгэгч гурван хүчин зүйл буй тухай судлаачид сүүлийн үед ихээхэн бичих болжээ. Иргэд, залуучууд маань нийгмийн сүлжээнд хэт автаж, сурч боловсрох, хөгжин дэвжих ихэнх цагаа үүнд зарцуулж, интернетийн үнэн худал мэдээлэлд хэт их автдаг болсонд эмзэглэдэг.
Бид ирээдүй хойч залуу үеэ чадавхжуулж, хүсэл тэмүүллийг нь зөв чиглүүлж, төлөвшүүлэхэд онцгой анхаарах цаг болсон.
Сошиалд бодит байдлыг гуйвуулж үнэнийг худал болгож, худлыг үнэн болгож, бусдыг гүтгэн доромжилж, хэрүүл тэмцлийн галыг өрдөн, нийгмийг талцуулж, байна.
Хуулийн дагуу энэ байдлыг хязгаарлах хэрэм хана босгох зүй ёсны шаардлага буй болж байна. Хүн ард нь сахилга, дэг журамтай бие биеэ хайрласан хайрладаг улс орон л өнөөдөр тогтвортой хөгжиж байна шүү дээ.
Мөн богино хугацаатай тогтворгүй засаглал аливаа улс орны хөгжлийн тушаа болж байна. Хөрш зэргэлдээ Хятад, Орос, Казакстан улс дор хаяж 10 жилийн засаглалтай байснаараа хэрхэн хөгжиж буйг бид бэлхнээ харж сууна.
Монголчууд дөрвөн жилийн хоёр жилд нь гурван сонгууль хийдэг, улмаар Засгийн газраа байн байн огцруулдаг. Дунджаар өнгөрсөн жилүүдэд Засгийн газар жил хагасын хугацаатай л ажилласан байдаг. Ийм нөхцөлд алсын хараатай. урт хугацааны тогтвортой бодлого төлөвлөлт, үр дүнгийн тухай ярих боломжгүй.
Бид хөгжлийн заагт дөнгөж тэмтчиж байгаа атлаа хэт үрэлгэн сэтгэхүйгээр ажиллаж, амьдарч тэр нь бүр дадал зуршил болжээ. Мянга ч хүрэхгүй хүнтэй сум, нэг зуу ч хүрэхгүй хүүхэдтэй сургууль гэхчлэн үрэлгэн байдал газар авчээ.
Баян чинээлэг орнууд ч нийгмийн үйлчилгээг хүнд хүргэхдээ хэт үрэлгэн байдлаас зайлсхийдэг юм билээ. Улс орондоо хийж чадаж байгаа болон чадах боломжтой бүхий л зүйлээ гаднаас валютаар авахыг хориглож, өөрсдөө хийж, хэрэглэж занших тийм эх оронч сэтгэхүйг иргэддээ төлөвшүүлмээр байна.
Монголчууд бид тулга тойрсон хэрүүл тэмцлээ эцэслэж, хөгжлийн замаар урагшлах цаг нэгэнт болсон. Хүн хүнээ хүндэлж хайрладаг ард түмэн эв нэгдэлтэй, хөгжиж байна. Бидэнд тийм ирээдүй хувь заяа бий.
-Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад тогтвортой хөгжлийн талаар их ярьж байна. Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөгжлийн баримт бичгээ баталсан. Энэ зорилтын хэрэгжилтийн талаар та бүхэн асуулга тавьсан байна лээ. Гол агуулга нь юу вэ?
-Тогтвортой хөгжилд хүрэх түлхүүр нь нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, баян хоосны хэт их ялгааг бууруулж, ирээдүй хойч үедээ хор хөнөөл учруулахгүйгээр хэнийг ч ардаа үлдээхгүйгээр, хүн бүр хөгжлийн үр шимийг хүртэж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах юм. Өөрсдийн амьдралын хэв маяг, хөрөнгө оруулалт, бизнес, үйлдвэрлэл болон хэрэглээнийхээ арга барилыг өөрчлөх, хариуцлагатай байдлыг бий болгох явдал чухал байна. Наад зах нь эрчим хүчний хэрэглээгээ багасгаж, хог хаягдлаа ангилан ялгаж хаяж сурах, түүнийгээ баялаг болгон дахин ашиглаж, дахин боловсруулж сурах, орон нутгийн бизнесийг дэмжих, гол горхи болон бэлчээрийг бохирдуулж байгаа хог хаягдлыг түүж хэвшмээр байна. Өнөөдөр бидний хийж буй үйлдэл бүхэн ирээдүй хойч үеийнхэнд сургамж болж, өөрчлөлтийг авчрах болно.
Тогтвортой хөгжлийн зорилт баталснаас хойш даруй гурав дахь жилийнхээ нүүрийг үзсэн ч тусгасан хөгжлийн бодлого, зорилтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл хангалтгүй. Иймээс Засгийн газраас мэдээлэл авах зорилгоор миний хувьд асуулга тавьсан юм.