Зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай хуулиудыг Б.Баттөмөр гишүүн нэрлэв
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2018.02.26

Зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай хуулиудыг Б.Баттөмөр гишүүн нэрлэв

2013 оноос хойш гурван банк дампуурч 630 тэрбум төгрөгийн хохирол төрд учирсан байдаг.

Энэ удаагийн чуулганаар банкны салбарын хуулиудыг шинэчлэн боловсруулахад УИХ ихээхэн анхаарч, гурван хуулийг баталсан юм. Үүнд, Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,  Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулиуд багтаж байгаа.

Эдгээр хуулиудыг батлуулахад УИХ-д эдийн засагч гишүүд идэвхтэй ажилласан.

Тухайлбал, Б.Баттөмөр гишүүн Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Түүний хувьд эдийн засагч мэргэжилтэй, олон жил төрийн албанд ажиллаж, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр  УИХ-д орж ирэхдээ л  энэ салбарын хуулиудаа шинэчлэн сайжруулах шаардлагатай гэдгийг илэрхийлж байсан.

Мөн тэрээр "Монгол Улсад 640 хууль байдаг. Хуулийн чанарыг дээшлүүлэх, амьдралд нийцүүлэх асуудал хамгийн чухал  байна.  Бид банкны салбарын эрх зүйн шинэчлэлийг бүрэн хийх хэрэгтэй. Иймд дараагийн чуулганаар Валютын зохицуулалтын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламжийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой"  гэсэн юм. 

Тэрээр УИХ-ын чуулган, байнгын хорооны хурал дээр эдийн засгийн тооцоо судалгаа дээр үндэслэсэн, бодит байдлыг үнэлж дүгнэсэн барьцтай байр суурь илэрхийлдгээрээ бусдаас ялгарч байдаг.

2017 оны намрын чуулганы хаалтын хуралдаан дээр Монгол улсын хэмжээнд зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа салбарын хуулиудыг Тэр нэрлэсэн юм. 

  • ХАОАТ, Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Ингэж байж татварын төгс шинэчлэл хийгдэнэ.

  • 2008 онд батлагдсан Гаалийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа. Хуулийн 60 орчим хувьд нь өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гараад ажиллаж байна.

  • Дээрх хуулийн өөрчлөлтүүд хийгдсэнээр Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг байгууллагуудын эрх зүйн шинэчлэл хийгдэнэ гэж үзэж байна.

  • Монголд баялгын менежмент хамгийн муу байгаа. Ийм учраас бид Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Баялгаасаа авах өгөөжөө нэмэгдүүлэх хэрэгтэй, Монголын ард түмэн үр ашгийг нь хүртэх ёстой.

  • ТББ-ын хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Учир нь ТББ үйл ажиллагаа явуулж далд эдийн засгийг өөгшүүлж байгаа явдал Монголд хавтгайрсан.

  • Эм, эмнэлгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Учир нь ямар ч зохицуулалтгүй эмийн үнийн хөөрөгдөл мөн эмийн чанарын асуудлыг төр мэдэлдээ авч төрийн зохицуулалтыг хийх шаардлага үүссэн байна.

  • Сүүдрийн эдийн засгийн тооцож дүгнэж байдаг Статистикийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, улирал бүр гаргаж дүгнэж байдаг шаардлага зайлшгүй үүссэн байна.

  • Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол улс хөдөлмөр эрхлэлтийн асуудлаа нэг мөр болохгүй бол өнөөдөр байдал болохгүй байна.

  • Нийгмийн салбарын хуулиуд дээр шинэчлэл хийх хэрэгтэй. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбар социализмын үеэр явж байна гэхэд хилсдэхгүй.

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль гэж байдаг. 1072 хувьцааг амь оруулж, эргэлтэнд оруулахад энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагууд үүссэн байгаа хэмээв.