Я.Содбаатар: Бэлчээрийн тухай хууль малчинд төдийгүй малдаа ч хэрэгтэй
2018.02.21

Я.Содбаатар: Бэлчээрийн тухай хууль малчинд төдийгүй малдаа ч хэрэгтэй

УИХ намрын чуулганы отгон хуралдаанаараа 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан.

Уг тогтоолын төслөөр ирэх хаврын чуулганаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр тогтсон юм.

Тухайлбал,

Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Улс төрийн намын тухай, Жолоочийн даатгалын тухай, Төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл зэрэг хуулиудыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон.

Гэсэн ч УИХ-ын гишүүдийн зүгээс ирэх хаврын чуулганаар багтаан хэлэлцэх шаардлагатай чухал хууль, тогтоомж цөөнгүй байгааг хэлж байв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "УИХ-ын тогтоолын төсөлд хэлэлцүүлгийн шатанд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл дотор нэр заагаагүй бусад хууль, УИХ-ын шийдвэрүүдийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлүүлж байхаар тогтоосон” хэмээн тайлбарласан юм.

Ингээд ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэе.


Бэлчээрийн тухай хууль гаргах зайлшгүй шаардлага байна

Я.Содбаатар:

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд Улс төрийн намын тухай, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд нэлээд чухал хуулиудыг оруулсан байна. Гэхдээ би хаврын чуулганаар хоёр хуулийг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж узэж байна.

Нэгдүгээрт, Хөдөлмөрийн- тухай хуулийн шинэчилсэн найруулга их чухал хууль. Энэ хуулиар цагийн хөлсийг тооцдог болох иргэдийн цахим хөдөлмөрийн дэвтэртэй болгож бүртгэлийн хяналтыг сайжруулах асуудлыг зохицуулах шаардлага байгаа.

Хоёрдугаарт, Бэлчээрийн тухай хууль гаргах зайлшгүй шаардлага байна. Ялангуяа, малын тоо толгой өсч, бэлчээрийн даац хэтэрч байгаа энэ үед Бэлчээр хамгаалах хуулийг хаврын чуулганд оруулах зайлшгүй шаардлагатай. Малын тоо бус чанарын хойноос явах, урамшуулах, бэлчээр хамгаалах, шинжпэх ухааны тооцоо судалгаатай ажиллах, цаашлаад малын тэжээлийн чиглэлд ажиллах хэрэгтэй байна. Малчидтай уулзаад явж байхад малын хөлийн татвар буюу бэлчээрийн хураамж авч, зохицуулалт хийж өгөөч гэсэн хүсэлт гарч байсан. Үүнээс хуримтлагдсан мөнгийг сум, баг нь бэлчээр хамгаалалт, малынхаа чанарт анхаарахад зарцуулдаг баймаар байна. Бэлчээрийн тухай хуулийг баталбал мал аж ахуйн салбар цаашдаа зах зээлийн горимдоо нийцсэн байдлаар хөгжих боломж бүрдэнэ гэж харж байна.


Жижиг, дундын хуулийг удахгүй өргөн барина

Ж.Ганбаатар:

-Хууль өргөн барих, хэлэлцэхэд Хууль, тогтоомжийн тухай хуулиа ягштал баримталдаг баймаар байна. Ингэснээр хуулийн хэлэлцүүлгийн дараа зарчмын зөрүүтэй олон санал хураахаас сэргийлнэ. Хөгжсөн улс, орнуудыг харахад хууль гаргахаасаа өмнө нийгэмд сайн сурталчилдаг, түүний дараа хуулиа баталдаг жишиг байна. Гэтэл бид нийгэмд сурталчилалгүйгээр олон нийтийн мэдэхгүй хууль баталж, энэ нь эргээд сөрөг үр дагавартай байна.

Түүнчлэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, эдийн засаг болон хөгжлийн асуудал ярьдаг Байнгын хорооны тоог нэмэх, заримыг нь нэгтгэх боломжийг авч үзмээр байна. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооноос өөр энэ талаар ярьдаг байнгын хороо байхгүй. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороо дээр зээл авах тухай хэлэлцэхэд “ийм зээл авна" гэдгийг л ярьсан  болохоос тий газруудад зээл өгнө гэдгийг огт ярьдаггүй.

Гишүүдийн хувьд тойргийнхоо асуудлыг нэгдүгээрт ярьж байна. Харин зээлээ хэрхэн төлөх, хэн төлөх талаар яриагүй. Гэтэл эдийн засгийн үр өгөөж нь нэгдүгээрт байх ёстой. Үүнийг засмаар байна. Мөн ирэххаврын чуулганаар хэлэлцэх Худалдааны тухай хуульд гишүүд санаачилгатай ажилламаар байна. Энэ хуульд дамын наймаачны тухай бус алт, зэс, нүүрс гээд Монгол Улсад худалдаалж байгаа бүх зүйл хамаарна. Бид Жижиг, дундын хуулийг удахгүй өргөн барина. Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой юм байна гэж ойлголоо.


Ногоон байгууламжийн эрх зүйн зохицуулалтаа хийх шаардлагатай

Б.Саранчимэг:

-Өнгөрсөн оны нэгдүгээр сард баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар баталсан. Үүний дагуу хуулийн төслийг Барилга хот байгуулалт болон Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран боловсруулж, өнгөрсөн онд Засгийн газрын өргөн барихаар баталсан.  Гэтэл 2018 он гарчихаад байхад уг хуулийн төслийг оруулж ирсэнгүй. 2018 оны хаврын чуулганаар оруулах байх гэж хүлээж байсан. Гэтэл хэлэлцэх асуудлын жагсаалтад алга. Өнөөдөр бид ногоон байгууламжийн эрх зүйн зохицуулалтаа хийх шаардлага байна. Ингэж чадвал хамгийн ихээр тулгамдаад буй олон асуудлыг шийдэх, агаар, хөрсний бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой юм.


Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, баялгаасаа авах өгөөжөө нэмэгдүүлэх хэрэгтэй

Б.Баттөмөр:

Монгол Улс өнөөдөр 640 гаруй хуультай болсон байна. Харин хуулийг чанаржуулах, амьдралд нийцүүлэх нь чухал. Сая бид хамгийн чухал зүйл болох Банкны тухай хуулийг шинэчилсэн. Одоо үүнийг гүйцэд хийх ёстой. Тухайлбал, валютын зохицуулалтын хуулийг энэ хаврын чуулганаар баталж, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламжийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүний дараа банкинд бүрэн шинэчлэл хийнэ гэж харж байна. Мөн Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Гаалийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ингэснээр Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг байгууллагын эрх зүйн шинэчлэл хийгдэнэ гэж бодож байна. Монголд баялгийн менежмент хамгийн муу явж байна. Тиймээс Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, баялгаасаа авах өгөөжөө нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Баялаг ард түмний мэдэлд байдаг юм бол үр ашгийг нь хүртэх хэрэгтэй шүү дээ. Банк бус санхүүгийн байгууллагын хууль, Төрийн бус байгууллагын хууль, Статистикийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Түүнчлэн нийгмийн салбар боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгтэй байна. 

Бэлчээрийн тухай хуулийг улстөржилгүйгээр батлах хэрэгтэй байна

 

Д.Тэрбишдагва:

Бэлчээрийн тухай хуулийг 10 гаруй жил ярьж байна. Малчид энэ хуулийг гаргахыг дэмждэг. Улстөрчид будлиулаад байдаг юм. Энэ хуулийг гаргахгүй бол бэлчээрийн даац хэтэрсэн. Монгол Улс 66 сая малтай гэж бахархаж ярьж байгаа ч малд идэх юм алга. Гаднаас 40 тэрбумаар тэжээл авч байна. Гэтэл мал чинь өвс хивж байж амьдардаг болохоос дан тэжээл идээд явахгүй ээ. Бэлчээрийн тухай хууль бэлэн болсон, судалсан, хөдөөнийхөн дэмжиж байгаа. Тиймээс энэ хуулийг улстөржилгүйгээр батлах хэрэгтэй байна.

Сэтгүүлч М.Энхцэцэг