Л.Энхболд: АН ард түмнийг турхирах хэрэггүй
2018.01.30

Л.Энхболд: АН ард түмнийг турхирах хэрэггүй

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2018.01.30/ хуралдаан Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиудын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд "Сөрөг хүчин өөрсдөө улс орныг ийм байдалд оруулчихаад өнөөдөр ард түмнийг турхирах хэрэггүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрээр Өмнөговь аймгаас сонгогддон бөгөөд татварын нэмэгдэлд тус аймгийнхан хамгийн их өртөөд байгаа гэдгийг үргэлж ярьж, үүнийг болиулах ёстой гэсэн байр суурийг хамгийн их илэрхийлж байгаа гишүүдийн нэг билээ. Саяхан тойрогтоо ажиллах үеэр нь ч тойргийн иргэд нь энэ асуудлын хамгийн ихээр хөндөж, санал хүсэлт хэлсэн юм.

Л.Энхболд гишүүн өнөөдөр Байнгбн хорооны хуралдаан дээр "Маш олон иргэд, Үйлдвэрчний холбоод өргөдөл гаргасан байна. Хувь гишүүнийхээ зүгээс Ерөнхий сайдад өнгөрсөн 1 сарын 4 өдөр асуудлыг тавьж, санал хүргүүлсэн. Өнөөдөр ОУВС-тай хэлэлцээр амжилттай явагдаж байгаад баяртай байна. Сая Ж.Батзандан гишүүн “МАН-ын байгуулсан Засгийн газрууд хий эргэж байна, жагсаал цуглаан хийх сургаар энэ асуудлыг эргэж харж байна” гэсэн зүйл хэлж байна. Овоо босгоогүй бол шаазгай юунд зуух вэ гэдэг үг бий. Улсын эдийн засгийг АН ингэж элгээр нь хэвтүүлээгүй бол өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэхгүй байсан. Гэтэл энэ нөхдүүд эргээд ард түмнийг турхираж, 2 сарын 1-нд жагсаал цуглаан хийнэ гэж уриалан дуудаж байгаа асуудал бол улс төрийн намын хувьд ёс зүйгүй асуудал юм. Тиймээс сөрөг хүчнийхэн анхаарч ажиллаарай. Өөрсдөө ингэж эдийн засгаа унагаачихаад ард түмний битгий ингэж хагалган бутаргаарай" гэсэн юм.