Д.Тэрбишдагва: Татварын асуудлыг ОУВС-тай дахин ярих хэрэгтэй
2018.01.29

Д.Тэрбишдагва: Татварын асуудлыг ОУВС-тай дахин ярих хэрэгтэй

ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ирж, манай Засгийн газартай хэлэлцээр хийж буй энэ үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын байр суурийг сонирхсон юм.

ОУВС-гийн ажлын хэсэг Монголд ажиллаж байна. Ялангуяа тус сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголын Засгийн газраас хийж буй ажлуудыг хэлэлцэх байх. Таны зүгээс хөтөлбөрийн явцыг хэрхэн үнэлж байна?

-ОУВС манайд тусалж байгаад нэг талаас баярлаж байна. Нөгөө талдаа бид зөвхөн тус сан төдийгүй бусад орноос тусламж авч, зээлээр амьдардаг улс болчихлоо. Цаашид манай төр, засгийн бодлого зээлгүйгээр

яаж улс орноо хөгжүүлэх вэ гэдэгт чиглэх ёстой юм. Герман төдийгүй Европт нэртэй эдийн засагч Ханс-Веннер Зинн гэдэг хүн “Өр бол хор” гэж хэлсэн байдаг.

Би Зинн гуайтай уулзаж байхад “Танайх шиг баялагтай орон богино хугацаанд хөгжих боломжууд байна” гэж ярьж байсан.

Бид хүнд байдалд орохоороо л ОУВС-д ханддаг. Гэхдээ хүндрэлд орох үгүйгээ бид л шийддэг. Тус сантай хийсэн хэлэлцээр Монгол Улсаас санал болгож байгаа Засгийн газрын хөтөлбөр юм.

Гэтэл “ОУВС тэгсэн, ингэсэн” гэдэг байдлаар ярьдаг.

Эдийн засгийн хүнд байдлаас Монгол Улс тус сангийн дэмждэггүйгээр, өргүйгээр гарах боломж байсан уу гэвэл тийм. Жаахан ядрах л байсан байх.

Гэхдээ өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж үг бий. Ер нь Монгол Улс дампуурлаа зарлах нь гэж айлгаж байгаад л ОУВС-гийн хөтөлбөрийг авсан. Гэхдээ манай Засгийн газар өөрөө хүлээн зөвшөөрч, хэлэлцээр хийсэн юм. Ингэсэн тохиолдолд үүрэг даалгавраа биелүүлэх ёстой. Түүний өмнө уг хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх, эсэхээ шийдэх ёстой байсан байх.

Энэ дагуу бид үүргээ биелүүлэх шаардлагатай болж байна. Мэдээж төсвийн орлого нэмэгдэхээс эхлээд сайн үр дүн гарсан зүйл бол бий.

-Хэлэлцээр үргэлжилж буйг ашиглаад гэрээний ямар нөхцөлүүдийг эргэж харах ёстой гэж үзэж байна?

-Хэлэлцээр хийхээс өмнө бид нэг зүйл дээр анхаарах ёстой. Олсон орлоготоо тараагаад байвал үр ашиг өгөхгүй. Тиймээс ажлын байр, бүтээж, НӨАТ бий болгоход анхаарах хэрэгтэй байна. Мөн зарлагыг бууруулах боломж зөндөө бий. 2018 онд зарлагыг 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмж баталсан.

Хэмнэх олон боломжийг эргэж хармаар байна.

Тэгэхгүйгээр ОУВС-гийнхан дээр очоод ямар нэгэн тайлбар хэлээд байж болохгүй. Орлого нэмэгдсэн, боломжууд гарсан учир татварын асуудлыг ярих ёстой. 2018 онд зарлагыг 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмж баталсан. 

Тухайлбал, АНУ татвараа бууруулчихлаа. Тэгснээрээ маш олон бизнесийг дэмжиж байна. Мөн Герман орон сарын 50 мянган ам.доллараас илүү цалинтай хүмүүсээс л татвар авч байх ёстой гэдэг. Манай уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүс

1.5 сая төгрөгөөс дээш цалинтай байх. Уул уурхайн баялгийг гадна дотнын бүлэглэлүүдтэй нийлээд авчихсан хүмүүс орлогоо оруулж ирэх ёстой болохоос биш уурхайчдаас татвар авах нь зөв биш.

Уг нь төрийн бодлогын яавал 1.5 сая төгрөгийн цалинтай болох вэ гэдэгт чиглэх ёстой болохоос ийм орлоготойгийнх нь татварыг нэмье гэдэг буруу юм. Тиймээс аль болох олон хүний ажлын бай- рыг бий болгох, тэднийхээ цалин нэмэх бодлого хэрэгтэй байна.

-Экспортын орлого өсч байгаа. Экспортлогчдоос орлогынх нь төвшинтэй харьцуулан ямар бодлогоор татвар тогтоох ёстой вэ. Мөн “Оюутолгой”-той холбоотой татварын актын асуудал гарч ирлээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Байгалийн баялгийг системтэй зөв ашиглавал Монгол Улсыг аваад явчих боломж байна. Уул уурхайн менежмэнтээ сайжруулан, татварын орлогоо бүрдүүлж, асар их хэмжээний орлогоос ажлын байр бий болгоод хөгжих боломж бий.

Гэхдээ хүн бүр ажилтай байх ёстой.

Тэгэхгүйгээр хэдхэн хүн уул уурхай дээр ажиллаад бусад нь зүгээр сууж байж болохгүй лдээ. Уул уурхайн менежмэнтэд Монгол Улс маш их алдсан. Зөвхөн лиценз наймаалж, баяжиж байгаа болохоос түүнийг ашиглаж үр дүнд хүрсэн нь алга.

“Оюутолгой”-н хувьд би Шадар сайд байхдаа 24 хүний бүрэлдэхүүнтэй багийг ахлаад шалгаж оруулсан. Тэгэхэд 1.8 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн. Энэ бол асар том зөрчил. Манайхан Рио Тинтог буруутгах их дуртай.

Дэлхийн том компани боломж л гарвал хуулийн цоорхой бүрийг ашиглах нь бичигдээгүй ёс. С.Баяр тэргүүтэй Засгийн газрынхан Оюутолгойг зүгээр л тавиад туучихсан. Санаандгүй алдсан уу, санаатай өгсөн үү гэдгийг мэдэхгүй юм. Манай Засгийн газрын алдаатай хийсэн гэрээний гайгаар бид санхүүгийн зөрчлийг нь шалгаж чадахгүй, татварыг нь бүрэн авч чаддаггүй байсан. Доод тал нь манай Засгийн газар шийдвэр гаргаж байхдаа валютынх нь урсгалыг Монголын банкуудаар, ядаж Төв банкаараа дамжуулан хийх байсан юм. Тиймээс ОУВС, Рио Тинтод буруу өгөхийн өмнө манай нөхдүүд өөрсдөө алдаа хийдгээ л болих хэрэгтэй Юм. Санамсаргүйгээс гадна санаатай алдаанууд байна уу даа гэж би хардаг. 

Сэтгүүлч Б.Сэлэнгэ