2018.01.26

Х.Амгаланбаатар: Эрхзүйт төрд амьдарч байгаа бол хуулийг хүн бүр тэгш дагаж мөрдөх ёстой

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар SBN телевизийн Оргил цаг ярилцлагын буланд орж, цаг үеийн асуудлаар ярилцжээ.

-МҮЭХ-ноос хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах жагсаал, цуглааныг зохион байгууллаа. Үүний үр дүн ямар байв? Та бүхний тавьж  байгаа зорилго юу вэ? Төр засгаас ямар хариу авсан бэ?

-Энэ бол гэнэт эхлүүлсэн жагсаал, цуглаан биш. 2017 оны 1 сарын 19-нд хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийг хийсэн. Гэтэл байгуулсан гэрээ хэлэлцээр хэрэгжилтийн шат руугаа шилжих үе буюу хоёр сарын дараа Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллах тодорхой нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд улсын гурван талт хэлэлцээрийн тодорхой заалтууд ноцтойгоор зөрчигдөх байдалд орсон. Ялангуяа тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нөхцлийг тохирсон. Мөн долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг өөрчлөх шийдвэр гарсан. Түүнчлэн олон нийтийн дунд хүлээлттэй байсан цалин орлогыг тодорхой хугацаанд тогтвортой нэмэгдүүлнэ гэдэг амлалтаа Засгийн газар 2 жилээр хойшлуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.

Ийм шалтгаануудын улмаас МҮЭХ өнгөрсөн оны 3 сараас хойш хугацаагүй тэмцлийг эхлүүлсэн. Энэ хүрээнд бид хэд хэдэн удаа жагсаал цуглааныг зохион байгуулж, Засгийн газартай нэмэлт хэлэлцээр байгуулах үйл ажиллагааг гурван удаа зохион байгуулсан. Нэмэлт хэлэлцээрийг 12 сарын 28-ны өдөр хийсэн. Энэ хүрээнд тодорхой үр дүн гарахгүй байсан учраас бид дахин жагсаал цуглаан зохион байгуулсан.