Польш улсад залуучууд аялангаа ажиллах боломжтой болно
Монгол Улсын Засгийн газар БНПУ-тай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа. Ингэснээр Польш манай улстай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан Европын Холбооны хоёр дахь орон болж буй аж. Польш улсад ажлын айлчлал хийж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНПУ-ын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд Элжбиета Рафалса нар харилцан гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн ач холбогдол өндөртэй баримт бичиг юм.
Энэхүү хэлэлцээрийг байгуулах асуудал олон жилийн өмнөөс яригдаж, хоёр талдаа яриа хэлэлцээ хэдэнтээ үргэлжилсний эцэст ийн баталгаажсан бөгөөд хоёр улсын иргэд тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээ харилцан тооцуулах боломжтой болж байна.
Хэлэлцээрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Бидний гарын үсэг зурж баталгаажуулсан уг хэлэлцээр хоёр улсын иргэдэд Монгол болон Польшид ажиллаж, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг аль алийг нь тооцуулж тэтгэврээ тогтоолгох боломжийг олгож байгаа юм.
Монгол Улсад төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврээ Монголын Нийгмийн даатгалын сангаас, харин Польшид төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврийг тус улсын ижил төрлийн сангаас авахаар зохицуулалтыг хийсэн гэсэн үг. Энэ хэлэлцээр зөвхөн өндөр насны тэтгэвэр авах тухай асуудлыг зохицуулж байгаа юм биш.
Ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж зэргийг авах эрх нь хоёр талдаа харилцан нээгдэж байгаагаараа онцлогтой” хэмээсэн бол БНПУ-ын Гэр бүл хөдөлмөр нйигмийн бодлогын сайд Элжбиета Рафалса “Энэ хэлэлцээр нь хоёр орны Засгийн газрууд иргэдийнхээ ирээдүйн баталгааг хангахын төлөө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.
Хэлэлцээрийг байгуулах гэж хоёр талаас багагүй хүчин чармайлт гаргаж удаан хугацаанд ярьж тохиролцож байж өнөөдөр ийнхүү баталгаажуулан гарын үсэг зурлаа. Ингэснээр Польш, ялангуяа Монголоос манай улсад удаан хугацаанд ажиллаж байгаа иргэдэд харьцангуй таатай нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох, улмаар хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг аль ч цагт хохироохгүй байх зохицуулалтыг хийж өглөө” гэж дүгнэсэн.
Хэлэлцээрийн үеэр хоёр тал цаашид хамтран ажиллах болон харилцан туршлага судлах талаар санал солилцсон юм. Польшийн хувьд ирээдүйн ажиллах хүчээ эртнээс бэлтгэхийн тулд хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг явуулж байгаа.
Мөн ажиллах хүч шаардлагатай ажлын байранд Энэтхэг, Украйн, Израйль, Бангладеш зэрэг улсын иргэдийг авч ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын иргэдэд ч Польшид ажиллах боломж бий гэдгийг хатагтай Элжбиета Рафалса яриандаа онцолж байлаа.
Манай талаас хоёр улсын Засгийн газар хооронд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай саналыг тавьсан. С.Чинзориг сайдын энэхүү саналыг нааштайгаар хүлээн авч Польшийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын яам Монголын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон нь айлчлалын бас нэг дүн юм.
Польш улсын өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн хувьд туулсан зам манай улстай ойролцоо гэдэг утгаараа ижил төстэй зүйл олон бий. Тиймээс нийгмийн хамгааллын салбарт тулгарч буй бэрхшээлийг хэрхэн яаж даван туулсан сайн туршлагаас солилцох боломжтой тухай ч ярилцсан.
Түүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Польшийн талд Монголоос ажиллах хүч авах хүсэлт тавьсныг дэмжиж эхний ээлжинд “Залуучууд солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлж жилдээ 30 хүртэлх насны 200-300 монгол залууг 12 сар хүртэлх хугацаанд Польш улсад аялангаа ажиллах боломжоор хангахаар болжээ.