2018.01.23

Д.Гантулга: Чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхийн хэрээр хүүхдүүд эрсдлээс хамгаалагддаг

УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр /2018.01.23/ боллоо. Тус хуралдаанаар УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга "Хүүдийн чөлөө цагаа үр дүнтэй өнгөрөөх хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байгааг хэлсэн юм. Мөн сургуулиудад нийгмийн ажилтнуудын ачааллыг багасгах, сэтгэл зүйчийн орон тоог нэмэх зайлшгүй шаардлага байгааг хэлсэн юм. 

УИх-ын гишүүн Д.гантулга

Гэр бүлд хүүхдээр нь дамжуулж нөлөөлөх арга их үр дүнтэй байдаг. Хүүхэд, гэр бүлийг дэмжих хөтөлбөр, өдөрлөгүүд их хийдэг байсан. Иймэрхүү хүүхдийн оролцоог хангах ажлууд сүүлийн жилүүдэд их хаягдсан. Тийм учраас хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн ажил, арга хэмжээг энэ дүгнэлтэд сайтар тусгаад, хэрэгжүүлж өгвөл хүүхдийн хорт зуршил, гэмт хэрэг буурна.

Өөрөөр хэлбэл 24 цаг хязгаартай. Тиймээс тэдний чөлөөт цагийг юунд зориулах вэ гэдгийг нь зааж өгөх хэрэгтэй байгаа юм. Энэ цагийг дугуйлан, сонгон зэрэг хөгжлийн хөтөлбөрт зориулах хэрэгтэй. Ингэж цагийг нь хязгаарлаж өгснөөр гэмт хэрэгт холбогдох, хорт зуршилт автах эрсдэлийг бууруулдаг.

Өндөр хөгжилтэй улсуудад хичээлийн ээлж нэг байдаг учраас өглөөнөөс, орой хүртэлх цаг хугацааг сургууль дээрээ өнгөрүүлж хамгаалагддаг. Манайд бол хүүхэд өглөө хичээлдээ яваад, өдөр тараад, орой эцэг эхээ иртэл сул чөлөөтэй байгаа учраас эрсдэлийг үүсгэж байгаа юм.

Тиймээс ажлын хэсэг хүүхдийн хөгжил рүү хандсан нэг заалт заавал нэмж өгөхийг хүсье

Мөн сэтгэл зүйч, нийгмийн ажилтны ачааллыг хөнгөвчлөх тал дээр анхаарах хэрэгтэй. Одоо манай нийгмийн ажилтан гэж тухайн сургуулийн цэвэрлээ, үйлчилгээ гэх зэрэг бүхий л ажлыг хийдэг. Гэтэл нийгмийн ажилтан гэж хүүхдийн нийгэм, хүмүүжлийг хариуцсан ажилтан шүү дээ. Мөн сэтгэл зүйчийг нэмж оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сургууль дээр хичээл заадаггүй хэрнээ тэдэнтэй ажилладаг хүний тоог нэмж өгөх хэрэгтэй байгаа юм.