Б.Ичинхорлоо: Төв номын сангийн сангийн даац хэтэрсэн
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Үндэсний номын санд ажиллав.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга, Ажлын хэсгийн гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр болон цагдаа, мэргэжлийн хяналт, гааль зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийнхэнд Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо эхлээд байгууллагынхаа талаар танилцуулга, мэдээлэл өглөө.
Үндэсний номын сан нь 1921 онд Судар бичгийн хүрээлэн нэрээр сууриа тавьсан, анх 500 номтой байхаар төлөвлөж барьсан бол эдүгээ гурван сая гаруй номтой болсон, 82 ажилтантай гэж тэрбээр танилцуулав.
Хамгийн тулгамдсан асуудлынхаа талаар номын сангийн даац хэтэрсэн учир 2014 оноос эхлэн шинээр барьж эхэлсэн барилгыг богино хугацаанд ашиглалт оруулах, жил бүр ном худалдаж авдаг төсвийг нэмэгдүүлэх, ажилчдын орон тоог нэмж батлах шаардлага байгааг хэлсэн. Эдгээрийг шийдвэрлэснээр одоо шийдэгдэхэд хүндрэлтэй байгаа сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, шинэчлэх ажлыг цоо шинэ түвшинд хүргэнэ гэдгийг онцоллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг Ажлын хэсгийн гол хийх ажил нь холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой болно хэмээв. Үүний дараа Ажлын хэсгийнхэн Эрдэм шинжилгээний болон Нийтийн уншлагын танхим, Монгол судлал, гар бичмэлийн сан хөмрөг, Төвд номын сан хөмрөг, Үнэт, ховор номын үзэсгэлэнтэй танилцлаа.
Төвд номын сан хөмрөгийн талаар Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Энд төвд хэл дээр бичсэн сая гаруй ном судар байгаа гэж бид тооцоолж байна. Гадны төсөл болон өөрсдийн хүчээр 200 гаруй мянган судрыг баринтагжуулаад хэрэглээнд бэлтгэсэн. Задлаагүй баринтаг дотор хэдэн ширхэг, ямар ном байгаа нь тодорхойгүй. Энэ сан хөмрөгийг нэгхэн хүн хариуцдаг учир судруудыг сэргээн баринтагжуулахад санхүүгийн боломж, хүн хүч хэрэгтэй байгаа” гэв.
Үндэсний номын сантай танилцсаны дараа УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг “Бидний гол ажил өв, соёлоо зүй зохистой хадгалж, хамгаалан хойч үедээ өвлүүлэх юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болжээ.
Монголын маань үнэлж болохгүй ховор нандин өвүүд архивт бус хонгилд байгаа нь эмгэнэл гэж харж байна. Хадгалалтыг сайжруулах, номын санг шинэ байртай болгох, ном, судрыг сэргээн засварлахад ямар гарц байна гэдгийг шийдвэрлэхэд идэвхтэй ажиллана” гэлээ.
Сан хөмрөгт гал гарах, ус алдах аюул тохиолдож байсан удаатай учир цаг алдалгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо Ажлын хэсгийнхэнд уламжилж байлаа.