2018.01.18

5 сарын 1 хүртэл 12 насны хүүхдүүдээр морь унуулах эсэхэд хязгаар тогтооно

Хурдан морьны унаач хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол олон гарсан. Иймээс өвөл, хаврын морин уралдааныг хориглох тухай саналыг хүүхндийн эрх хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагуудаас л гаргаж байсан юм.

Харин энэ удаад Засгийн газрын хуралдаанаас энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд хязгаар тогтоох асуудал бүхий шийдвэрийн төслийг хэлэлцэх гэж байна. 

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин: Уяач болон хүүхдийн байгууллагуудтай уулзах зэрэг ажлууд хийгдэж байна. Хурлаас ямар шийдвэр гарахыг урьдчилж хэлэхэд хэцүү. Бидний оруулах асуудал бол 12 нас хүртэлх бага насны хүүхдүүдийг энэ хаврын уралдаанд морь унуулж, уралдахыг хориглоно. Хугацааг нь 5 сарын 1 хүртэл гэж тогтооно. Хэдийгээр монгол ард түмний бахархал, үндэсний соёл мөн боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс зарим асуудал дээр зохицуулалт хийж өгөхгүй бол болохгүй.