Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан болов
Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2018.01.13/ Монгол бөхийн өргөөнд боллоо.
Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж, мөн Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Үндэсний бөхийн барилдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр "Монгол бөхийнхөө өргөөнд хуран цугласан бөх сонирхогчид, уран мэхийг уралдуулан барилдах хүчит бөхчүүд, монголын нийт ард түмэндээ Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Үндсэн хуулийн энэ өдөр бол Монгол Улс туурга тусгаар оршин байгаагийн баяр. Өвөг дээдсээс өвлөсөн түүх, соёлын өвөрмөц байдлаа бид хадгалан буйн бахархал. Дэлхийн улс орнуудтай хөл нийлэн, мөр зэрэгцэн алхаж яваагийн омогшил. Монгол хүн ардчилсан эх орондоо эрх чөлөөт эзэн нь мөн болохын баталгаа юм.
Энэ түүхэн баримт бичгийг боловсруулж, батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууддаа монголчууд та бүхний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Уламжлал ёсоор зохион байгуулж байгаа Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 26 жилийн ойн өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээснийг мэдэгдье. Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байх болтугай" гэлээ.
Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцож буйгаа онцлог аж. Тус барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглов.
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны хоёрдугаар давааны дараа Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт Улсын Их Хурлын дарга М.Энхболд өргөмжлөл, медаль гардуулж баяр хүргэсэн юм.
Тэмцээнд нийт эрэгтэй 91 шатарчин оролцож, Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа алт, МУИС-аас оролцож буй Г.Бат-Эрдэнэ мөнгө, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог хүрэл медалийн эзэн болов. Харин эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль авсан. Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн нар “Оюунлаг түшээ”-гээр тодорсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор шалгарсан 66 настай Б.Дүүрэнбаяр нарт өргөмжлөл гардуулж, баяр хүргэлээ.
Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд 256 бөх зодоглосноос Увс аймгийн Улаангом сумын харьяат, Алдар СХ, БХИС, Увснуур дэвжээний бөх улсын шинэ гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, Булганхангай дэвжээний бөх, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат үзүүрлэв.
Үндсэн хуулийн 26 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бай шагнал гардуулж баяр хүргэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.