Олон улсын валютын сан бол төр биш
2018.01.19

Олон улсын валютын сан бол төр биш

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Шатахууны үнэ нэмэгдсэн асуудалд Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөс өмнө манай шатахуун импортлогч компаниудын нөөц хангалттай байсан. Тэгэхээр ядаж тэр нөөцийнхөө хэмжээнд зах зээлийн үнээ нэмэхдээ аль болох л уян хатан зохицуулалт хийж нэмэх ёстой байтал шууд шатахууны хомсдол бий болгох замаар, иргэдийн хэрэгцээн дээр тоглох гэж оролдож байгаа нь шударга зах зээл биш л дээ.

Шударга өрсөлдөөний арга замаар явах ёстой байтал эсрэгээр нь явж байна гэсэн үг. Энэ бол цэвэр монополь байдлаа ашиглаад иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хохироох үйлдэл болж байна. Тийм учраас энэ асуудал дээр хатуу хариуцлага тооцож ажиллах ёстой юм.

-Нефтийн үнэ буурахаар дагаад шатахууны үнэ буурдаг тогтолцоо манай улсад ерөөсөө алга байна шүү дээ?

-Яг л ижилхэн дагаад үнээ буулгах ёстой. Өсөх сургаар нь хэд дахин өсгөөд л явчихдаг. Гэтэл нэг баррель нефтийн үнэ олон улсын зах зээл дээр буулаа гэхэд дагаад нефть импортлогчдын жижиглэнгийн үнэ буурдаг байх ёстой. Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөр дагаад өсдөг бай л даа.

Энэ бол шударга тогтолцоо. Харамсалтай нь манайд дагаж буурч чаддаг шударга тогтолцоо алга. Одоо бензиний үнэ нэмэгдэнэ гэдэг суурь үнэ хөдөлнө л гэсэн үг. Ганцхан татвар нэмж байгаа асуудал биш болно гэсэн үг.

Өнөөдөр 21 аймаг 330 сумаас махыг хот руу юугаар авч ирдэг билээ. Ингэж шатахууны үнэ, татвар нэмж ард түмнийг сайхан амьдруулна гэж байгаа. Үүн шиг худлаа үлгэр байхгүй л дээ.

-Өргөдлийн байнгын хороонд Хувь хүний орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдсэнтэй холбоотой 1400 гаруй өргөдөл ирсэн. Татварын нэмэгдлийг болиулъя гэхээр Олон улсын валютын сантай хийсэн гэрээгээ зөрчих гээд байна гэдэг тайлбар хэлээд байгаа шүү дээ?

-Олон улсын валютын сан гэж яг ямар байгууллага юм бэ. Олон улсын валютын сан гэдэг байгууллага чинь төр биш. Дэлхийн улс орнуудад очиж ядуурал, хомсдол бий болгож байдаг. Түүгээрээ дамжуулж том хэрэглээтэй улс орнуудын хэрэгцээг хангах ажил хийж байдаг л байгууллага шүү дээ.

Манайд Олон улсын валютын сан ирээд юу хийсэн юм бэ. Гавьяатай ямар үйл хэрэг хийсэн юм бэ. Хэдэн доллар л зээлсэн биз дээ. Бид уул уурхай дээрээ тавих төрийн хяналт шалгалтаа сайжруулаад явах юм бол Олон улсын валютын сангаас өгч байгаа хэдэн долларыг авсан аваагүй Монгол төр өөрийгөө аваад явах чадвартай шүү дээ. Боломжоо тооцож харахгүйгээр дандаа гадны байгууллагыг шүтсэн байдлаар явж болохгүй.

Олон улсын валютын сангийн нэрээр долоон төрлийн татвар нэмсэн.

Төр өөрөө шийдэх асуудлаа Олон улсын валютын сан гэдэг байгууллагаар заалгаад яваад байна л даа. Тийм л юм бол яах гэж 2016 онд амлалт дүүрэн мөрийн хөтөлбөр ярьж, олонхи болж гарч ирсэн юм бэ.

Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй энэ УИХ тарах хэрэгтэй. УИХ дээрээ ч шийдвэр гаргаж, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй сууж байна гэдэг хариуцлагагүйн дээд хариуцлагагүй биз дээ.

-Хувь хүний орлогын албан татвараас тухайлбал 40 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцож байгаа юм билээ. Энэ мөнгийг тамхи импортлогчдод үзүүлсэн хөнгөлөлттэй дүйцэх мөнгө гэж шүүмжлэх нэг нь ч байна шүү дээ?

-40, 50 тэрбум төгрөг олохын тулд иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлнэ гэдэг бол төрийн бодлого харалган байгаагийн л жишээ. Саяхан л 55 тэрбум төгрөгөө юунд зарахаа мэдэхгүй маргаж байгаад төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг болгоод өгөө биз дээ.

Энэ мөнгөө дутагдаад байгаа эх үүсвэртээ ашиглах хэрэгтэй шүү дээ гээд хэлсээр л байсан. Яг бодит хэрэглээ, зорилтот бүлгээ зөв оносон мөнгөний бодлого явуулаач ээ гэсэн саналыг Ардчилсан намын зүгээс удаа дараа эрх баригчдад тавьсан.

Харамсалтай нь хүлээж аваагүй. 300 мянган төгрөгөөс одоо иргэдэд юу үлдэв. Төрийн албан хаагчид 300 мянган төгрөг авлаа гээд тэдэнд юу наалдав гээд харах хэрэгтэй. 2017 оны төсвийн давсан орлого 490 гаруй тэрбум төгрөгийг юунд зарцуулав.

-Засгийн газраас Чингис бондын өрийг өрөөр дарсан явдлыг сөрөг хүчний зүгээс хэрхэн харж байгаа вэ?

-Бодитоор харъя л даа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч байна. Зарим түүхий эдийн үнэ 4-5 дахин өслөө. Тэгэхээр энэ өсөлтийг хаашаа, юунд зарцуулаад байгаа юм бэ гэж асуумаар байна. 2016 оны наймдугаар сард андуураагүй бол Монгол Улсын гадаад өр авлага 22.5 тэрбум ам.доллартай тэнцэж байсан.

Есөн сарын байдлын гадаад өр авлага 24.9 тэрбум ам.долларт хүрсэн байсан. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 5, 6 жил улиг болтол муулж ярилаа шүү дээ. Гэтэл тэр мөнгийг хоёр нугалсан хэмжээний мөнгө 2.4 тэрбум ам.долларыг нууцаар зарцуулсан байгаа юм. Мөрийн хөтөлбөртөө өрийг өрөөр дарахгүй гэж амлаад байсан.

Сая евро бондын зээлийг бонд босгож өрөөр дарлаа. Чингис бондын өрийг бөөн ёслол хүндэтгэл болж бонд босгож, гадаадын зээл босгох замаар л төллөө шүү дээ. Өрийг өрөөр дарж байгааг нь эрх баригчдын амлалт биелж байна гэж харах уу, ард түмнийг хуурах арга нь үргэлжлээд явж байна гэж харах уу.

Эрх баригчид өнөөдөр хууль гаргах замаар өөрсдөө татвараас зугтаж, ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийг хайр найргүй долоон төрлийн татвараар дарамталж байна шүү дээ.

-Ардчилсан намаас Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн шүү дээ?

-МАН мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэвэр нэмнэ гэж амлаж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр амлалтынхаа эсрэг ажиллаж байна. Олон улсын валютын сангаар түрий барьж долоо биш есөн төрлийн татвар нэмсэн. Өөрсдийнхөө тансаг хэрэглээг танахын оронд иргэдийн татварыг нэмнэ гэдэг эрх баригч намын сонгуулийн амлалттай хэр нийцэж байгаа юм бол.

Тиймээс Ардчилсан намаас УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад татварын асуудлаа эргэн харах шаардлага хүргүүлсэн.

Хоёрдугаар сарын 1-ний дотор шаардлагыг биелүүлэхгүй бол Ардчилсан нам Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах үндэсний хэмжээний тэмцэл орон даяар буюу 21 аймагт өрнүүлнэ гэдэг байр суурь дээрээ хатуу зогсоно.

-Ерөнхий сайд энэ сарын 25-нд Олон улсын валютын сангийн төлөөлөлтэй уулзаж, татварын асуудлаар зөвшилцөх мэдээлэл бий. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Олон улсын валютын санг урдаа бариад байх шаардлагагүй л дээ. Түүнчлэн татварын асуудлаар заавал Олон улсын валютын сантай ч яриад байх шаардлагагүй юм. УИХ, Засгийн газар өөрөө асуудлаа шийдвэрлээд явах ёстой биз дээ.

Төр өөрөө асуудлаа шийдвэрлэж чадахгүй Олон улсын валютын сантай зөвлөлдөнө гэж юу байсан юм бэ. Олон улсын валютын сан татварын орчноо сайжруул гэж зөвлөснийг л өнөөдөр есөн төрлийн татвар нэм гэсэн юм шиг харагдуулаад байна.

Уг хөтөлбөрт хамрагдахаас өмнө Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал болоод ард иргэдийн амьдралд нөлөөлөх эсэхийг судалж үзсэн байх ёстой шүү дээ.

Ц.ТАМИР