2018.01.19

Л.Болд: УИХ дээр эрх баригч нам албан тушаалыг бялуу мэтээр тарааж байна

Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулган 11 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Л.БОЛД: УИХ-ын чуулган дуусахад 2, 3 долоо хоног үлдлээ. Чуулган завсарлахаас өмнө олны анхаарал татсан асуудлуудад хариу өгөх шаардлагатай.

Хэвлэл мэдээллээр чуулган, байнгын хороог тэнцвэргүй мэдээлж байна. Хууль зүйн байнгын хороон дээр хүний эрхийн талаар чухал асуудлууд хөндөж ярьсан. Гэтэл байнгын хорооны дарга өмнөөс баас, шээс ярьж, хүнийг загнасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр үйл явдлыг дөвийлгөж ярьж байна. Харин ярьсан асуудлын сэдвийг олон нийтэд хүргэхгүй байна. Ийм нөхцөлд бид хаашаа явах вэ?

УИХ дээр эрх баригч нам олон албан тушаал бялуу мэтээр тарааж байгаа. Гэхдээ өргөдлийн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо бол бялуу биш.

Өнөөдөр хүний эрхийн дэд хороогоо байгуулж чадахгүй л явж байна. Өргөдлийн байнгны хорооны дарга энэ танхимд мэдэгдэж байсан. Нээлттэй хэлэлцүүлэг хийж, иргэдийн асуудлыг сонсох бололцоо байхгүй, хуулиараа 30 хоног хэрэгтэй гэж байсан. Гишүүд аргагүй эрхэнд хийсэн. Нөгөө талд нь УИХ хаалттай хуралдаж, иргэдийнхээ үгийг сонсох хүсэлгүй гэдгийг илэрхийлж байсан.

Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийгээд иргэдийн тавьж байсан асуудлыг улсын прокурорт шилжүүлсэн гэсэн. Гэтэл нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан гишүүний хувьд би маш сайн мэдэж байгаа.

Тэнд яригдаж байсан иргэдийн асуудал бол прокурор, шүүх, хуулийн байгууллагатай холбоотой байсан. Тэгж байхад л байнгын хорооноос асуудлыг нь шүүх байгууллага руу шилжүүлсэн байна.

Ингээд л чуулган завсарлаад замхарлаа. Энэ хооронд тэр иргэдийг ямар нөхцөл байдалд хүргэж байгааг мэдэж байна уу? Өргөдлийн байнгын хороо иргэдийн асуудлыг сонсох хэрэгтэй. Ажлын хэсэг гаргаад, үнэн мөнийг тогтоогоод, хуулийн байгууллагуудад шилжүүлэх биш асуудлыг нь энд сонсоод явах нь зөв.

Би гүтгүүлээд хэдэн сар болж байна. Шүүхэд 3 удаа очиход нэг л шүүгчид таарлаа. Ж.Эрдэнэчимэг гэдэг шүүгч 3 удаа намайг буцаалаа. Эхлээд иргэн та УИХ-ын гишүүний өмнөөс өргөдөл гаргах эрхгүй гэж ярьсан. Иргэний хувьд өргөдлөө гаргахаар таны нэхэмжилсэн хүн хаяган дээрээ бүртгэлтэй боловч байхгүй байна гэсэн. Би Б.Хурцын гэрт очиж байсан.

УИХ-ын гишүүнийг ингэж доромжилж байхад иргэдийг яана гэж бодож байна?

Дараа нь иргэдийнхээ нүүрийг яаж харах вэ? Хууль зүйн байнгын хороон дээр Хууль зүйн сайд ноцтой мэдээлэл хийсэн. Энэ бүгдийнхээ хариуг өгөхгүйгээр цагаан сараа тэмдэглээд тараад явлаа юу?