2018.01.19

Г.Занданшатар: Засгийн газар өвөлжилтийн бэлтгэлийн тал дээр шуурхай ажиллаж байгаа

Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулган 11 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Г.ЗАНДАНШАТАР: Өчигдрийн УИХ-ын чуулган дээр гишүүд өвөлжилтийн бэлтгэлийн талаар асуудал хөндөж ярьсан. Дэгийн тухай хуулиар 1 дэх, 3 дахь долоо хоног бол Ерөнхий сайдын мэдээллийн цаг байдаг. 2 дахь, 4 дэх долоо хоног бол УИХ-ын гишүүдийн асуулгад хариулах цаг байдаг. Өвөлжилтийн бэлтгэлийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулга тавьсан. Материалыг нь бэлтгээд хүргүүлсэн.

Цаг үеийн байдлаас шалтгаалаад Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл дээр нилээд шуурхай ажиллаж байгаа.

Шадар сайд дараагийн долоо хоногт орон нутагт ажиллахаар төлөвлөөд, улсын нөөцийн хөрөнгө хүчийг хуваарилаж, байнгын холбоотой ажиллаад, аймаг орон нутагт ажлууд зохион байгуулаад явж байна. Тиймээс өнөөдрийн Ерөнхий сайдын мэдээллийн цагийг өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээллийг нэмж, С.Бямбацогт гишүүний асуултанд ч хариулаад, дэгэндээ нийцүүлээд хэлэлцэх хэрэгтэй. Энэ асуудалд шуурхай хандахгүй бол баруун болон зарим аймгууд хүндрэх төлөвтэй байна. Тиймээс үдээс хойшхи чуулганаар өвөлжилтийн бэлтгэлийн талаар ярилцъя хэмээн горимын санал гаргаж байна.