"Алдарт ээж" болоогүй эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 65 болно
Ард түмэнд 2037 оноос тэтгэвэрт гарах насны хэмжээ өөрчлөгдөнө гэсэн ойлголт байсан бол энэ оноос эхлэн тэтгэврийн нас 6 сараар хойшилж байна. Улмаар алдарт эх болоогүй буюу цөөн хүүхэдтэй ээжүүд 65 настайдаа тэтгэвэрт гарах болоод байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Энэ талаар гишүүдийн байр суурийг тодруулжээ.
Ж.Энхбаяр: Эрүүл мэндийн үйлчилгээ, чанар сайжирсантай холбоотойгоор монгол хүний дундаж наслалт өсч байна. Хүн хөдөлмөрлөх чадвараа өндөр насандаа хадгалж байна. Ажил мэргэжлийн өөр өөр зааг байгааг гаргах ёстой. Аль салбарт хэдэн насны ачааллыг дийлэх вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Жишээлбэл цэргийн салбарт 65-тай хүн ахлагчийн үүрэг гүйцэтгэх бололцоо байхгүй.
Б.Бат-Эрдэнэ: Монгол орны өнөөгийн нөхцөл байдалд нь тааруулж татварын асуудлыг ч тэр, тэтгэврийн насны асуудлыг ч тэр уялдуулах ёстой. Монгол хүний дундаж наслалтын хэмжээг харах ёстой. Бусад өндөр хөгжилтэй улс орнуудын дундаж наслалтын жишгээр тэтгэврийн насыг тогтоож болох уу гэдгийг би чуулганы хурал дээр хэлж байсан.