Шинэ жилийн мэнд дэвшүүлье
2017.12.30

Шинэ жилийн мэнд дэвшүүлье

Нэгэн жил улиран одож, баяр бахдал, амжилт бүтээл арвин, эрүүл энх бат байх хүсэл мөрөөдөл дүүрэн шинэ оноо угтах торгон мөчид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт  мөр зэрэгцэн ажиллаж буй нийт ажиллагсаддаа болон нийт монголчууддаа шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхны хувьд улиран буй 2017 он  амжилт бүтээлээр арвин өндөрлөж, айсуй 2018 оноо урам зориг дүүрэн угтаж байна.

2017 онд бид Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Ахмад настны тухай хууль, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхчүүдэд тэтгэмж олгох тухай хууль, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулиудыг УИХ-аар батлууллаа.

Үүний дүнд ахмадуудад “Насны хишиг” олгож, тэтгэврийн зээлийн хүүг тодорхой хувиар бууруулснаас гадна элэгний С вирусийн эмийн үнийн хөнгөлөлт болон даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардлыг даатгалын сангаас үзүүлж эхэллээ.

Мөн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг он дуустал олгох шийдвэрийг гаргуулж, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах ажлын хүрээнд 300 мянган төгрөгийн урамшуулал олголоо зэрэг олон ажлыг бид энэ онд ажил хэрэг болгож чадлаа.

Шинэ онд малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж, “Цалинтай ээж хөтөлбөр” хэрэгжиж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох шийдвэрүүд хэрэгжиж эхэлнэ.  

Ирж буй 2018 онд эхэлсэн ажлуудаа хэрэгжүүлж, үр өгөөжийг нь ард түмэндээ хүртээн, улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хөдөлмөр, нийгмийн хамгааллын гэсэн тодотголтой хувь нэмрийг бодитойгоор оруулахын төлөө хариуцлагатай, өндөр ёс суртахуунтай, хатуу сахилга баттай хамт олныхоо хүчээр  хийж хэрэгжүүлнэ гэдэгт салбарын сайдын хувьд итгэл дүүрэн байна.

Та бүхэн минь шинэ ондоо, шинэ амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай. 

 УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ