С.Батболд: Эдийн засгийн хувьд Улаанбаатар хот бонд гаргах эрхтэй болох нь чухал
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Хуулиараа 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийслэл хотын төсөв батлагдаж, мөн сарын 20 гэхэд дүүргүүд төсвөө баталж дуусах заалттай. Энэ хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар арванхоёрдугаар сарын 25- нд буюу хуулийн хугацаандаа ирэх оны төсвөө НИТХ-д өргөн барьсан билээ.
Монгол Улсын нийт хүн амын 53 хувь нь ажиллаж, амьдардаг хотын ирэх оны төсвийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
Тэрбээр хэлэхдээ “2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвөөс Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалтын нэлээд зардалыг хариуцаж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын 50 гаруй сургууль, 30 гаруй цэцэрлэгийг улсын төсвөөр нийслэл хотод барина.
Түүнчлэн хот нийтийн аж ахуйн зардал ч чамгүй улсын төсөвт суусан юм. Өмнөх засаг даргын үед хот концессын гэрээгээр олон ажлыг шийдээд явсан.
Ирэх оны хөрөнгө оруулалтын ажилд 100 гаруй тэрбум төгрөгийг арайхын төсөвтөө суулгаж байна.
Үнэндээ иргэдийнхээ тоо, өнөөгийн хотын хөгжилтэй харьцуулахад чамлахаар тоо ч гэлээ улс орны эдийн засгийн байдал болон өргүй хот болохын төлөө ажиллаж байгаа учраас ийм тоонд захирагдахаас өөр арга алга.
Концесс нэрийн дор өр авлага их үүссэн байна.
Хотыг өргүй болоход захирагчийн хувьд онцгой анхаарч байгаагаа хэлье.
Нөгөө талаар хот өөрөө бонд гаргах эрхтэй байх учиртай.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхээр дэмжээд байна. Хэлэлцээд баталчихвал хот эдийн засгийн хувьд маш том ахиц гаргаж чадна. Бондын эрх нээгдсэнээр хот эдийн засгийн хувьд бие даах боломж нээгдэнэ.
Ирэх оны хотын төсөв бидний хувьд бүсээ чангалсан төсөв ч гэлээ бүтээн байгуулалт, хот тохижилт, нийгмийн салбарт эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ. Гадаадын зээл, тусламжаар томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч байгаагийн зэрэгцээ “Аюулгүй хот” болгох талаар ч чамгүй ажил энэ онд хийсэн. Энэ бүхнээ үргэлжлүүлнэ. Мөн бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж, авто зогсоол нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ажлууд хийгдэнэ. Төсөв бага гэж зовлон тоочихоос илүүтэй байгаа хөрөнгөөрөө чанартай, далайцтай ажлууд хийнэ” гэлээ. Маргааш өглөө НИТХ-аар Улаанбаатар хотын 2018 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.