Парламентын алтан дундаж
2017.11.23

Парламентын алтан дундаж

“Монголын мэдээ” сонин “Төрийн түшээ байх, байхгүйн шалтгаан” булангаараа гишүүдийг онцолж байгаа билээ. Энэ удаад Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг онцолж байна.

Амлалт

Сүүлийн хоёр ч сонгуульд нэр дэвшигч хувиараа элдэв зүйл амалж, орон нутагт тийм ч ажил хийнэ гэж амлахаа больсон. Зөвхөн намын мөрийн хөтөлбөр, амлалтыг л гол болгож байгаа. Мэдээж намын мөрийн хөтөлбөрт нэр дэвшиж буй хүмүүсийн хийх ажил, саналыг тусгадаг байх.

Өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН олон сайхан амлалт өгсөн. Юун үнэн, энэ л үнэн. Тэр амлалтуудаас биелэсэн нь бага. Байхгүй гээд хэлчихэд болно. Ингээд бодвол Ж.Бат-Эрдэнэ гишүүний амлалт ч гэсэн одоогоор биелээгүй байна. Тэр ч бүү хэл ирэх оны эхнээс нийгмийн даатгалын шимтгэл тодорхой хэмжээнд нэмэгдэнэ.

Авахаас ахмадуудын тэтгэвэр л бага сага нэмэгдэх байх. Өөрөөр сайн сайхан гээд хэлчих зүйл алга. Мөн эрх баригчид ирэх оны төсөвт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр овоо хэдэн тэрбум төгрөг суулгаж өгчээ. 2020 он хүртэл энэ талаар анхаарч, цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувь болгох юм гэсэн. Ийм л гэгээтэй мэдээ дуулдаж байна, МАН-аас.

Ганц ч болов амлалт нь биелэхээр байгаа юм. Харин Ж.Бат-Эрдэнэ гишүүн хувиараа нутагтаа юу хийж, амжуулсан, ямар амлалтаа биелүүлснийг мэдэхгүй юм. Тийм болохоор хувь хүн талаасаа амлалтаа биелүүлээгүй гэж хэлэхэд хэцүү. Нам талаасаа бол эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад амлалтынхаа эсрэг л ажиллалаа, эхний жил гаруйн хугацаанд.

Амжилт

Ж.Бат-Эрдэнэ гишүүн ажилласан туршлага, эзэмшсэн боловсрол, олж авсан мэдлэг чадвараараа 76 дотроо л дөнгүүрт тооцогдохоор нэгэн. 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн.

Улмаар ОХУ-ын Южно-Сахалинск хотын “Рыбкооп” улсын үйлдвэрт менежерээр ажилласан. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсч, 2000 онд Авто тээврийн газрын даргаар томилогдсон байна.

Тэгвэл 2007 онд ЗТАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. МИАТ ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан Зам тээврийн яамныхаа сайдаар томилогдлоо.

Энэ мэтээр амжилттай ажиллаж байгаа. Ажлаа авсныхаа дараа орон нутгийн анхны томилолтоо Гашуун сухайтын боомтоос эхэлж, нүүрс тээвэрлэгчдийн асуудлаар шийдэл хайсан. Холбогдох албан тушаалтнуудад ч үүрэг өгчихөөд иржээ.

Гэх мэтээр улс төрд амжилттай ажиллаж, замнал нь өсч яваа гишүүн. Цаашид ч нүүрс тээвэрлэлтийн асуудалд илүүтэй анхаарч, төмөр замын бодлогоо үргэлжлүүлэх байх гэж найдаж байна. Өөрөө ч ажлаа авсныхаа дараа төмөр замын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн билээ.

Алдаа, тэнэглэл

Манай ихэнх улстөрчдийн талаар хайлтын системд нэрийг нь оруулаад хайхад янз бүрийн асуудалд орооцолдож байсан үүх түүх нь дурайгаад гараад ирдэг. Харин Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийг хүртэл улс төрд мөр гаргахдаа элдэв асуудалд хутгалдаж, хууль хяналтын байгууллагийнхантай зууралдаж байгаагүй хүн юм билээ.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгөөд, 2012-2016 он хүртэл Булган аймагтаа Засаг даргын алба хашиж, дөрвөн жил нам гүмхэн суусан. Зарим нэг сайтад түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа замын тендерийг бужигнуулсан гэх сургаар харджээ.

УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш ч гэсэн элдэв хэл аманд орооцолдоогүй. Ирцээрээ тэргүүлээгүй ч таслалтаараа ч дээгүүрт бичигдээгүй. Хуралдаа суухдаа сууж, ярих хэлэх юмаа яриад, байр сууриа илэрхийлээд л суусан. Алтан дундаж гэсэн тодотгол Ж.Бат-Эрдэнэ сайдад тохирохоор байна.

Ирээдүй

2016 оны сонгуулиар МАН 65 суудал авсан. Түүний талаас илүү нь шинэ гишүүд. Шинэ гишүүдийн ихэнх нь ямар нэг тодотгол нэрийнхээ өмнө бичүүлж явна. Харин тодотголын “шуурга” дундуур цэвэрхэн гарсан хүн нь Ж.Бат-Эрдэнэ гишүүн.

Намын ретинг талаас нь харвал одоохондоо МАН-ын нэр хүнд муу байгаа. Түүнтэй нь холбоод дүгнэвэл Ж.Бат-Эрдэнэ сайд 2020 онд ялахад хэцүү. Гэхдээ ирэх жилүүдэд эрх баригчид сайн ажиллаад, улс орноо өөд нь татаад, шударга бусаа дундлаад, ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татчихвал байдал өөр л болох байх.

Нөгөө талаар тэр Зам тээврийн хөгжлийн сайдаар хэрхэн ажиллахаас түүний нэр хүнд өсөх үү үгүй юу гэдэг нь шийдэгдэх учиртай. Мөн 2020 онд Булганд түүний эсрэг хэн өрсөлдөх вэ гэдгээс их зүйл хамаарах билээ. Яг одоогийн нөхцөл байдлаар бол рейтинг төдийлөн өсч чадсангүй.

Сэтгүүлч. Н.Пунцагболд