Их гэрийн ЭЗЭГТЭЙ
2017.11.14

Их гэрийн ЭЗЭГТЭЙ

Энэ бол түүнд өгч буй миний тодорхойлолт. Хамгийн их ачаалалтай атлаа хамгийн их шүүмжлэлтэй тулгардаг эрүүл мэндийн салбарын сайдаар томилогдсоноосоо хойш түүний хийж, хэрэгжүүлснийг хараад ийн тодорхойлсон хэрэг.

Тийм ээ, тэр бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл. Салбарын сайд гэлтгүй улс төрчийнхөө хувьд ч тэр бүхий л талаараа түмэнд өөрийнхөөрөө танигдсан эрхэм. Түүний мэргэжил сэтгүүлч.

Сэтгүүлч гэдэг нийгэмд үйлчлэхийн нэр бөгөөд нийгмийг мэдэрч, иргэдэд нэн тэргүүнд хэрэгтэй байгаа асуудлыг “оношилж” чаддаг чухал мэргэжил. Тэгвэл, түүний энэ чадвар нь ч өнөөдрийн үүргээ нэр төртэй биелүүлж яваатай нь салшгүй холбоотой биз.

Ажлаа аваад удаагүй байхдаа л хөнгөлөлттэй эмийг сард ердөө хоёр удаа худалдаалдаг байсныг таслан зогсоож, эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор улсын эмнэлгүүдийн ажиллах цагийг уртасгасны дээр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашиглах боломжийг тэр л бүрдүүлж чадлаа.

Хэдий амралтын өдөр ч гэсэн тэрбээр өнгөрөгч бямба гарагт Төв аймагт очиж ажиллан салбарынхаа алдаа оноо, тулгамдсан асуудалтай танилцав. Улмаар зарим асуудлыг ч тэр даруйд нь шийдэж байлаа.

Эмч, эмнэлгийн ажилтнууд нь ч түүнийг “загнуулсан хүүхэд” шиг угтаж байсныг нуугаад яах вэ. Арга ч үгүй биз. Сар орчим хугацаанд хоёр ч хүүхэд эндэж, нийгмийн сүлжээгээр хангалттай шүүмжлүүлсэн юм чинь.

Гэхдээ Д.Сарангэрэл сайд хариуцдагагүй байдалтай хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ хатуухан хэлж байсан юм.

Үүний зэрэгцээ “Нэн тэргүүнд хүний амь нас. Ахиад бүгдээрээ алдахгүй шүү” гэж хэлээд мөрөн дээр нь зөөлөн алгадаж байв. Тэр үүгээрээ цаашид алдаа эндэгдэл гаргахгүй ажиллах юм шүү гэсэн урам өгч байлаа. Хэрэв түүний оронд өөр хүн, эсвэл эрэгтэй хүн байсан бол ингэж дотночлон хичээнгүйлэн захихгүй л байх байсан биз.

Тэр Монголын хамгийн чухал, хамгийн их ачаалалтай “Их айл”-ын эзэгтэй болжээ. Энэ үүргээ ч нэр төртэй биелүүлж явна.

Мөн салбарынхаа алдаа, дутагдлыг хэдийнээ оношилж, таван чиглэлийг ч тодорхойлоод амжсан байна билээ. Энэ эрчээрээ ажиллаарай, Д.Сарангэрэл сайд аа. Салбарт тань шийдэх ёстой, шийддээ хүлээж буй олон асуудал бий шүү.

 Сэтгүүлч Б.Даваахүү