Цаг үе өөрөө манлайлагчаа дууддаг
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2017.09.19

Цаг үе өөрөө манлайлагчаа дууддаг

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцорсноор түүний залгамжлагчийн эрэлд эрх баригч Ардын намынхан мордсон. Бусад намыг бодвол боловсон хүчний нөөц ихтэй МАН шилдэг, шалгарсан боловсон хүчнээ нэг бүрчлэн имэрч, алдах эрхгүй сонголт хийх зааг дээр иржээ.

Монгол улсын шинэ Ерөнхий сайд хэн байхыг тус намын Бага хурал тодруулна. Хэнийгээ тодруулах нь тус намын дотоод хэрэг боловч, цаг үеийнхээ дуудлагыг сонсоосой билээ. Цаг үе өөрийн баатраа төрүүлдэг. 90 оны Ардчилсан хувьсгалын хүлээн зөвшөөрөгдсөн баатар бол С.Зориг байсан. Түүнийг цаг үе нь дуудсан, төрүүлсэн. Харин өнөөдөр Монголын нийгэм цаг үе өөрийн манлайлагчийг дуудаж байна.
Тэр хүн нь Ө.Энхтүвшин байж болох юм гэж зориглон хэлье. Хэвлэл мэдээлэл болон улс төрд хамтдаа болон зэрэгцэж зүтгэж явсны хувьд нөхрөө хувь хүний хувьд ч, төрийн зүтгэлтний хувьд ч сайн мэдэх болжээ. Эгзэгтэй энэ цаг үед хойш сууж биш, хошуучилж улс орноо хөгжүүлэхийг нийгэм олон Таниас хүсэн хүлээж байна. Танд нийгмийн захиалгыг дуулгая. Яагаад гэдгийг цөөн үгээр буулгаж, уншигчдад хүргэх нь ч зөв гэж санана.

Нэг:

Монголын нийгэм юун түрүүн шударга, зарчимч, зангарагтай төрийн түшээг Ерөнхий сайд болоосой гэж хүсэмжилж байна. Энэ бол гол шалгуур. Энд нийцэх цөөхөн хүний нэг нь Ө.Энхтүвшин гэж би итгэлтэй хэлнэ. Хөвсгөл аймаг болон нийслэлийн Чингэлтэй дүүргээс 2000 оноос хойш одоог хүртэл нийтдээ 5 удаа УИХ-д сонгогдсон. Бужигнаантай 17 жилийн хугацаанд нэр төр нь сэвтэхүйц ямар нэг асуудалд Ө.Энхтүвшин огт орооцолдоогүй.
Түүнд ашиглачих, дараа нь орооцолдчих эрх ямба, албан тушаал байсан. 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2006-2007 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хийхдээ иргэдийн чихийг халууцуулж, салбарынхны ил, далд шүүмжлэлд өртөхүйц үг, үйлдэл гаргасан, тэр нь хэвлэлийн шарласан хуудаснаа баталгаажин үлдсэн баримт алга.

Харин ч аливаа асуудалд зарчимч байр сууринаас хандаж, УИХ-ын чуулганы хуралдааны явцад өрөөлийг бүү хэл өөрийн намын сайд, удирдлагуудыг ч хатуухан чимхэж байсан жишээ элбэг үлджээ. Тиймээс түүнийг монголчуудын хамгийн их хүсч байгаа нэр цэвэр улс төрч хэмээн үнэлж болох нь.

Монголын нийгмийг аалзны тор мэт хэрсэн авилга, хээл хахууль, шударга бус байдалтай гагцхүү өөрөө бохир юманд холбогдоогүй, хэн нэгэн, эсхүл элдэв бүлэглэлд барьцаалагдаагүй улс төрч л тэмцэж чадна. Энд тохирч буй цөөн улс төрчийн нэг бол Ө.Энхтүвшин.

Хоёр:

Аль ч улсын Засгийн газрын тэргүүн болох хүн зоримог, шийдэмгий, хатуу чанд талдаа, хэрэгтэй үед буулт хийж чаддаг шинж чанартай байвал сайн гэж улс төрийн шинжээчид үздэг. Энхтүвшингийн хувьд эрс шийдэмгий зантай. Тиймээс нялцагнах, найр тавьж буулт хийдэг сул дорой улс төрчдөөс тэр ялгардаг. МАН-ын хүлээн зөвшөөрөгдсөн "хатуу самар” Цэндийн Нямдоржоос илүү зөөлөн байх нь юу бол. Асуудлыг мушгиад юм бүрийг өөнтөглөөд байдаггүй сайн зан чанартай. Шударга зарчимтай, асуудалд ул суурьтай ханддаг ийм л улс төрчийг нийгэм хүлээж байна.

Гурав:

Х.Баттулга ерөнхийлөгчтэй хүссэн хүсээгүй харилцан ажиллаж чадах, зарчим, байр сууриа хамгаалах чадвартай, ялангуяа Үндэсний эрх ашгийн язгуур асуудлуудаар ойлголцож хамтран ажиллах эрмэлзэлтэй улс төрийн зүтгэлтэний нэг бол Ө.Энхтүвшин мөн.

Дөрөв:

Зөвхөн намын гишүүдийн дэмжлэг авах нь хангалттай үзүүлэлт биш. Иргэдийн олонхийн дэмжлэгийг авч чадах л улс төрч гүйцэтгэх засаглалын тэргүүний хүнд ачааг үүрч чадна. Ийм хүн хэн бэ? гэвэл Ө.Энхтүвшин гэж би хэлнэ.
Түүнд бусадтай адил шунал байхгүй. Монгол Ардын Намын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа дэвшүүлсэн. Намаас нэр дэвшигч нь ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодоход өмнөөс нь хариуцлага хүлээж , цаг алдалгүй огцорч байсан зэрэг намтрын онцлох хуудсууд бий.
Б.Даш-Ёндон, Ө.Энхтүвшин хоёр л намын дарга байхдаа төрийн өндөр албан тушаалд (Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд) нэрээ огт дэвшүүлж байгаагүй онцлогтой. Энэ удаа цаг үе Ө.Энхтүвшинг дуудаж байна. 9 дүгээр сарын 25-нд эхлэх намын бага хурлаар намын их хурал, ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхий сайдад нэр дэвших ёс суртахууны эрхтэй, цөөн лидерүүдийн нэг нь Ө.Энхтүвшинг гэж би харж байна.
Ө.Энхтүвшинг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид, Даш-Ёндон дарга нар Монголын их улс төрд бэлдсэн улс төрч гэж үнэлэхийг би сонссон. Цаг үе өөрийн манлайлагчаасаа дууддаг.
Цогсүрэнгийн ГАНБОЛД ( "Засгийн газрын мэдээ" сонины ерөнхий эрхлэгч, "Ардын эрх " сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга асан)