Л.Болд: Хойд Солонгостой холбоотой ямар нэг наймаа хийгээгүй
2017.11.16

Л.Болд: Хойд Солонгостой холбоотой ямар нэг наймаа хийгээгүй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, БНСУ-д Элчин сайдаар суухаар яригдаж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын тохиргооны асуудлыг ярилцлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Лу.Болдтой холбоотой асуудлыг Б.Хурц дэлгэж, ноцтой мэдэгдэл хийсэн. Тэгвэл Байнгын хорооны хурлын дараа УИХ-ын гишүүн Л.Болдтой цөөн хором ярилцлаа.

-Хойд Солонгост хоёр хүн таниас болж цаазаар авахуулсан гэж ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдэгдлээ. Энэ асуудалд та тайлбар хийх байх?

-Монголын тагнуулын байгууллагын даргаар  ажиллаж байсан хүн болчимгүй зүйл ярилаа. Эхлээд Хойд Солонгост хүн цаазлуулсан юм уу, үгүй юу гэдгийг нотлох хэрэгтэй.

Үнэхээр тийм зүйл болсон бол ямар шалтгаанаар цаазлуулсан гэдгийг нь ч мэдэх ёстой шүү дээ. Ингээд ярихаар өөр улсыг бас гүтгэсэн болчих гээд байна. Надаас болж хүн цаазлуулах ямар ч үндэслэл байхгүй. Жишээ нь, зэвсгийн наймаа хийх гэж байхад нь би зогсоосон. Зэвсгийн наймааг зогсоосон учраас тэнд хүн цаазлуулсан болж таарах нь уу. Хүн цаазлуулахгүйн тулд би хууль бус наймааг хийлгэх болж байна уу.

Ийм л зөрчилтэй, буруу юм ярилаа. Би маш тодорхой хэлье. Хойд Солонгостой холбоотой ямар нэг наймааг Батлан хамгаалах яам хийгээгүй. Тийм учраас Батлан хамгаалах яам, тухайн үед ажиллаж байсан сайдаас болж Хойд Солонгост хэн нэгэн хүн шийтгэл хүлээх нөхцөл байхгүй.

-Тухайн үед яг ямар үйл явдал болсон юм бэ. ТЕГ-ьга дарга асан Б.Хурцын яриад байгаа зэвсгийн наймаа гэдэг нь юу юм бол?

-Намайг ажил авах үед гарч ирсэн асуудал. 20, 30 жилийн өмнө актлагдсан сэлбэг хэрэгсэлтэй холбоотой юм. Гэрээний үүргээрээ Монгол Улс зөвхөн ОХУ-д буцааж борлуулах эрхтэй хэрэгсэл байсан. Оросын компани Монголын нэг компанитай нийлээд, тэр зэвсгийг буцааж авах хүсэлтээ тавьсан байсан. Асуудлыг сайдын зөвлөлөөр хэлэлцээд дэмжсэн.

Хог болж хаягдах гэж байгаа зүйлийг ямар ч хууль зөрчихгүйгээр ОХУ-ын компани буцааж авъя гэж байна. Хэрвээ Оросын талаас яамны зөвшөөрөл аваад ирвэл асуудлыг шийдье гээд 300 мянга орчим ам.долларын гэрээ хийсэн. Гэтэл Оросын Батлан хамгаалах яамны зөвшөөрөл ирээгүй. Гэтэл дараа нь өөр улсаар дамжуулан борлуулах асуудал яригдсан.

Тэр үед би “Ингэж болохгүй ээ. Олон улсын гэрээ хэлэлцээрийг ягштал мөрдөнө” гээд наймааг зогсоож, мөнгө төгрөгийг нь буцааж төлөхийг үүрэгдсэн. Ингээд л дууссан асуудал. Харин хуулийн байгууллагад яагаад шилжүүлсэн гэхээр гомдолтой хүмүүс байсан. Бизнес хийсэн боловч мөнгө төгрөгөө авч чадсангүй гээд Батлан хамгаалах яамыг буруутгасан. Батлан хамгаалах яаманд ямар ч буруу байхгүй. Бид Олон улсын гэрээний дагуу ямар ч нөхцөлд гуравдагч улстай наймаа хийх боломж байхгүй гээд хаасан юм.

Харин дунд нъ гуравдагч улс руу гаргаж болно, чадна гэж хэлээд оролддого хийсэн ОХУ-ын болоод манай улсын иргэд байсан юм билээ. Энэ хэргийг шүүхийн байгууллага шалгасан. Залилан хийсэн йргэд нь тухайн үед ял шийтгэлээ хүлээж, хэрэг нь хаагдсан.

-Яагаад заавал таныг энэ хэрэгт холбогдуулж яриад байгаа юм бол?

-Ноцтой юм ярилаа. Зөвхөн намайг биш надтай хамт ажиллаж байсан олон хүнийг хэлмэгдүүлж, айлгаж, маш их хохироосон. Надтай хамтарч ажилласан хоёр хүнийг шалгах үеэр тэд амиа алдсан. Тэр хүмүүсийг алсан гэж би хэлээгүй. Тэр хүмүүс шалгуулсан, дараа нь цагаадсан. Гэвч өнөөдөр тэр хүмүүс амиа алдчихсан байна. Энэ бол эмгэнэлтэй хэрэг.

Би үүнийг хэлэх үүрэгтэй. Б.Хурц гэдэг хүн дараагийнхаа өндөр албанд томилогдох гэж байна. Энэ үед нь би "Таныг ажиллаж байхад ийм асуудал гарч, ингэж хүн хохирч байсан шүү. Үүнийг анхаараарай” гэж хзлэх үүрэгтэй. Ингээд тодорхой зүйл ярихаар өөдөөс мушгиад, харлуулж гүтгээд байдаг.

Ц.Нямдорж сайд тодорхой асуудлууд тавьсан. Гэтэл түүнийг Эрдэнэтээс 42 сая ам.доллар идсэн гээд зарлачихсан. Ц.Нямдорж тийм их мөнгө “идсэн” бол өнөөдөр сайд хийж байх ёстой юу. Би хэрвээ Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийсэн бол УИХ-ын гишүүн болоод явж байх уу. Ийм болчимгүй мэдэгдэл хийж байгаа нь энэ хүн учир дутагдалтай гэдгээ л харууллаа.

-Таны найз “Молекул” Б.Батбаяр гуайн хүүхдүүд асуудалд орсон. Тантай холбоотой гэсэн зүйл ярьсан шүү дээ?

-Яам янз бүрийн тендер зарладаг. Тэр бүх тендерүүдийг шийддэг хүн нь Төрийн нарийн бичгийн дарга. Тийм учраас ТНБД-аар ажиллаж байсан хүмүүс бүгд шалгуулж, мөрдүүлж байсан. Өнөөдөр тэд амьд сэрүүн биш байна. Хэн нэгэн хүнтэй би танил, найз байж болно. Тэр хүн тендерт оролцсон, авсан байлаа гэхэд надтай хамаатай биш шүү дээ.

Харин тэр хүмүүс шалгагдаж байхдаа надад ирж "Таныг л үүрэг өгсөн, зуучилсан, ард нь байгаа” гэсэн мэдээлэл хүсээд байна аа. Та үүрэг өгөөгүй, зуучлаагүй юм чинь бид тийм гэж хэлж чадахгүй шүү дээ. Үүнээс болоод хэрэг сунжирч байна” гэж байсан. Ийм асуудал үүссэн. Тэр хүмүүсийн ар гэрт, надад ч гомдол байгаа. Яагаад ингэж төрийн албан хаагчдыг тодорхой боддогоор хэлмэгдүүлэв.

Хардаж, шалгаж болно. Эхлэх ёстой, дуусах ч ёстой. Нотлох баримт хэрэгтэй. Нотлогдохгүй байхад нь бие муутай хүнийг олон жилээр сонин байдалд оруулж байгаад, амь нас нь хохирчихож байгаа юм. Тэр хүн ямар албан тушаалд томилогдох эсэх нь надад хамаагүй. Харин хуулийн байгууллага ямар ч хазааргүй болчихлоо.

Ерөнхий сайд ч тагнуул, Шадар сайд нь ч гэмт хэрэгтэн, Хуульзүйн сайд ч мөнгө идсэн гээд л мэдэгддэг. Түүгээрээ дарамталдаг. Ийм л буруу байдал тогтчихлоо. Үнэхээр буруу байгаа бол зарлах биш нотлоод, шийтгэлийг нь хүлээлгэх ёстой биз дээ. Өнөөдөр тэд мэдэгдэл хийгээд, дараа нь хэн нотолсон юм. Хэнд шийтгэл хүлээлгэв. Ийм л ноцтой байдал үүсчихсэн. Би зарчим л ярьсан. Гэтэл өөдөөс таны үед Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийсэн гэж улсынхаа нууцыг задруулж хүний нэр хүндэд халдаж байна. Солонгост хүн цаазлуулсан ч юм уу, үгүй ч юм уу, яаж мэдэж байгаа юм.

-Таныг Батлан хамгаалахын юм уу, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед Хойд Солонгост Монголын хоёр иргэн цаазлуулсан тохиолдол трсан уу?

-Би огт тийм зүйл сонсоогүй. Хойд Солонгостой манай хуулийн байгууллага яаж хамтарч ажилладаг гэдгийг ч би мэдэхгүй. Мэдэх үүрэг ч, шаардлага ч байхгүй. Тодорхой бус зүйлтэй холбоод дайраад байх юм. Түүнийгээ нотолно биз. Хойд Солонгосын талаас ч гэсэн тайлбар хийх байх.

Монгол Улсын Батлан хамгаалах яамны тодорхой үйл ажиллагаанаас болж бид танай улсын хоёр иргэнийг цаазалсан гэдэг мэдэгдлээ хийх байлгүй. Манайд Хойд Солонгосын Элчин сайдын яам байгаа шүү дээ.

-Та Б.Хурц даргыг мэдэгдэл хийж байх үеэр твиттер хуудсандаа шүүхэд хандана гэсэн мэдэгдэл хийсэн?

-Одоо би шүүхээр нэр төрөө сэргээлгэхгүй бол Хойд Солонгост хүн цаазалдаг болж хувирлаа шүү дээ. Тийм биз дээ. Монголдоо ч биш.

-Таныг Хойд Солонгостой холбоотой зэвсгийн наймааны асуудлаар яллагдагчаар татаж байсан бил үү?

-Үгүй, гэрчээр л дуудаж байсан. Яллагдагчаар татахын тулд мэдүүлэг хэрэгтэй байхгүй юу. Тэр мэдүүлгийг л манай хоёр Төрийн нарийн бичгийн даргаас нэхээд байсан юм билээ.

Л.Болд гэдэг сайд надад манай найзын компанид өг гэж үүрэг өгсөн гэдэг мэдүүлэг л авах гээд байсан хэрэг. Намайг хэрэгтэн болгох сэдэл хэрэгтэй шүү дээ. Тийм сэдэл байгаагүй учраас энэ асуудал дууссан. Цаад зорилго нь намайг яллах байсан. Тэр нь хэрэгжээгүй.

Сэтгүүлч Н.Пунцагболд