Б.Хурцыг томилох асуудлаар нээлттэй сонсгол хийх үү?
УИХ-ын чуулганы эхэнд чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой Б.Хурцыг элчин сайдаар томилох асуудал дээр гишүүд байр сууриа илэрхийллээ. Тус томилгоотой холбогдуулан нээлттэй сонсгол явуулах хүсэлт УИХ-ын гишүүдээс гараад байгааг харьяа байнгын хороо хэлэлцсэн. Гишүүд нээлттэй сонсгол явуулах, эс явуулах хүрээнд байр сууриа солилцож байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулах хүсэлт тавьсан. Тус хүсэлтийг УИХ-ын 21 гишүүн дэмжсэн.
Энэ асуудлыг УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганаар Элчин сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулах талаар гишүүд байр сууриа илэрхийлээд байна. Нээлттэй сонсголыг явуулах хуулийн хугацаа байхгүй ба энэхүү ноцтой асуудалд болгоомжтой хандах талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нар хэлэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн өөрийн байр сууриа мөн адил илэрхийлээд байна.
УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нээлттэй сонсголыг тус байнгын хорооны дарга О.Содбилэг ахлах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Н.Номтойбаяр, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй сонсгол зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан билээ.
УИХ-ын тамгын газрын зүгээс чуулганы хуралдаанд тус томилгоотой холбогдуулан нээлттэй сонсгол явуулах бололцоогүйг хэлээд байгаа. Нээлттэй сонсголыг шийдвэр гаргахаас өмнө явуулах эрхзүйн үндэстэй мөн дагалдах гурван шаардлагыг хавсарган мэдэгдлээ.
Б.Хурцыг томилох асуудлын хүрээнд хэлэлцэх асуудлаас хойшлуулах томьёоллоор санал хураалт явуулахаар боллоо. Гишүүдийн 63,3% дэмжиж гишүүдийн нэр төртэй холбоотойгоор Б.Хурцын томилгоог хэлэлцэх асуудлаас хойшлууллаа.