ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзаж Улаанбаатар, Москва хотуудын хамтын ажиллагааг сэргээн, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд санал солилцлоо.
Уулзалтын үеэр ОХУ-ын элчин сайд Азизов Искандер Кубарович: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Орос хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг НИТХ-ын дарга С.Амарсайханаас хүслээ.
Мөн Монгол улсад оршин суудаг ОХУ-ын иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод амьдардаг учир тэдний нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд анхаарал хандуулж, Нийслэлд байршилтай оросын оршуулгын газрыг засаж сайжруулах, тохижуулахад хамтарч төсөл хэрэгжүүлэхийг хүссэн юм. Үүнээс гадна Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд ОХУ хамтран ажиллах боломжтой гэдгийг илэрхийлэв.
Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан Улаанбаатар, Москва хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд ОХУ-ын элчин сайд Азизов Искандер Кубаровичтай уулзаж байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлсэн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургалттай сургуулиудад мэргэжлийн багш дутмаг байгаа учир ОХУ-д мэргэжилтэн бэлтгэх, туршлага судлах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Уулзалтын төгсгөлд Зайсан толгойн зүүн хойд хэсэгт баригдаж буй БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөний нээлтэд ОХУ-ын элчин сайд Азизов Искандер Кубаровичийг оролцохыг урьсан. Түүнчлэн Улаанбаатар хот ОХУ-ын бүхий л хотуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэдгийг илэрхийллээ гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.