Энэ сарын 31-нд эсэргүүцлийн жагсаал хийнэ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээр тодорхойгүй хугацаагаар завсарлаад байгаа.
Засгийн газрын зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй санал гаргахгүй байгаа учраас МҮЭ-ийн холбооноос энэ сарын 31-ны мягмар гаригт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон талаараа өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
Засгийн газрын зүгээс хэлэлцээрийн хүрээнд цалин нэмэгдүүлэх тодорхой санал дахин гаргаагүй тохиолдолд ҮЭ-үүд тэмцлээ үргэлжлүүлж хуулийн хүрээнд ажил хаях нөхцөл байдал үүсч болзошгүй гэдгийг мөн хэлсэн юм.
Сүүлийн нэг сарын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр МҮЭ-ийн холбооны өмч хөрөнгөтэй холбоотой сөрөг мэдээллийг тодорхой улс төрийн болон хувийн ашиг сонирхолоор нийтлэх болсонд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат тайлбар хийлээ.
Энэхүү үйл ажиллагаа нь МҮЭ-ийн холбоог задлан бутаргах, нэгдлийг алдагдуулж тэмцэл хөдөлгөөний эрчийг саармагжуулах зорилготой үйлдэл гэж тэрээр хэллээ. Иймд нийт гишүүд хөдөлмөрчид аливаа сөрөг мэдээлэлд авталгүй эв нэгдлээ хичээж цалин хөлс нийгмийн хамгааллын асуудлаарх хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж ажиллахыг хүслээ.